| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04065/И |
| Дугаар | 182/ШШ2024/04815 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/04815
2024 11 20 182/ШШ2024/04815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... тоот хаягт оршин суугч, ******* овгийн *******ын ******* /регистрийн дугаар *******/ /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг .. хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******-*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээг байгуулж 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туршилтын хугацааг тогтоож, цаашид хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцон үүрэгт ажлаа хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг шуудангаас 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан. 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр намайг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан үед хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг гаргаж, уг тушаалаа 2024 оны 4 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэтээр нөхөн үйлдсэн. Мөн Б/137 дугаар тушаалтай танилцан үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл тодорхой биш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилд ирсэн, явсан цагаа бүртгүүлээгүй, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж дурьджээ. Ажлаа шалтгаангүйгээр тасалсан зүйл огт байхгүй бөгөөд байгууллагын автомат цаг бүртгэгч нь надаас шалтгаалахгүйгээр миний нүүрийг уншихгүй, зохих ёсоор ажиллахгүй байсан учраас миний ажилдаа ирсэн, явсан цаг автомат цаг бүртгэгчид бүртгэгдээгүй. Ажлын цагаар өөрийн ажлын байранд байнга байж өөрийн үүрэгт ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тус эрүүл мэндийн төвийн стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга Х.ийг ажлын бус цагаар дуудахад нь очих боломжгүй байгаа талаараа мэдэгдсэн ганц тохиолдлыг захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй мэтээр тайлбарласан. Мөн хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан үйлдлийг огт гаргаж байгаагүй. Тус эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд эрүүл мэндийн төвийн дарга Ж.*******ыг ажиллагсадтайгаа хуульд заасны дагуу зүй зохистой харилцах талаар, мөн шинээр ажилд авч буй ажиллагсадыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж мэргэшлийн хүн авах талаар, мөн поликлиникийн ажилчдын дотоод журамд оруулах өөрчлөлтийн талаархи ажилчдын санал хүсэлтийг эрүүл мэндийн төвийн даргад удаа дараа амаар болон бичгээр илэрхийлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй тул Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэлд болон Эрүүл мэндийн сайдад хандан зохих шаардлагыг хүргүүлсэн. Тухайн шаардлагад эрүүл мэндийн ажилчдыг ятгах, дарамтлах, хууран мэхлэх замаар гарын үсэг зуруулаагүй. Ажил олгогчийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг эрүүл мэндийн чөлөөтэй байх хугацаанд 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4, мөн 43.2.10 дахь хэсгүүдэд зааснаар ажилтны хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, мөн ажлаас чөлөөлж буй үндэслэлээ тайлбарлаж, танилцуулах үүргээ зөрчсөн. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй байсан тул хуульд заасны дагуу шууд Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/48 дугаар шийдвэрээр ажиллагааг дуусгавар болгосон. Удирдлагын зөвлөлийн хурлын дараа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэл болон Эрүүл мэндийн яамд 20 гаруй хүний гарын үсэгтэй манал гомдол хүргүүлсэн. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,500,000 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.
2.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан А.******* нь ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн, тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.2-т "Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэхэд, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргийг гүйцэтгэхэд зарцуулах, 8.3-т Ажилтан ажилд ирэх, тарах бүрд автомат цаг бүртгэгчид бүртгүүлнэ гэж заасан. Гэтэл А.******* нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу өглөө оройдоо ажилд ирэх, тарахдаа автомат цаг бүртгэгчид огт бүртгүүлдэггүй болох нь 2-4 дүгээр сарын цагийн бүртгэлээс харагдаж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.5-т Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, ажлаас хоцрох, ажил таслах, ээлжийг дур мэдэн өөрчлөх" гэж заажээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хяналт, шалгалт хийсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудсаар Шаардах хуудаст гарын үсэг зурсан 18 ажилтанд цалин урамшуулал, нэмэгдэлтэй холбоотой гомдлоо Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хороонд гаргаж байгаа гэж салбарын эрхлэгч А.******* 18 албан хаагчаар эд ажлын үзлэгийн үед орж танилцуулж, гарын үсэг зуруулан хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалтай үйл ажиллагаа явуулсан, бусдыг буюу ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөө турхирсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Мөн А.******* эрхлэгчтэй удаа дараа ажлын үүргийн талаар холбогдох шаардлага тавихад биелүүлдэггүй байсан учир 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр А.*******тай ажил үүрэгтэй нь холбоотойгоор сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаан дээр Стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч дарга Э. "А.******* эрхлэгч та санал гомдлоо өөрөө удирдлагын багт байдаг байж удирдлагуудын зөвлөлөөр хэлэлцүүлж бичиж өгөөгүй байж шууд дээд шатны байгууллагад бичиг өгөх гээд явж байгаа өөр зорилготой байна гэж асуухад А.******* төрийн үйлчилгээний албан хаагч буюу удирдах хэмжээний албан хаагчийн хувьд ёс зүйгүй хандаж "Заавал танилцуулна гэсэн заалт байгаа юм уу, яагаад хүний эрхийг хасаад байгаа юм. Энэ хүмүүсийн дуу хоолойг даргаас зөвшөөрөл авч санал гомдлоо өгөөрэй гэж хэлэх ёстой юм уу гэж ёс зүйгүй үг хэллэг хэлж, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалтай үйл ажиллагаа явуулсан, бусдыг буюу ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөө турхирсан нь тогтоогдож байгаа. Мөн тус гомдлыг өөрөө барьж өөрийн харьяалах албан хаагчдаа буруу мэдээлэл тараан гарын үсэг цуглуулж буй талаар албан хаагчдаас гомдол ирсэн. А.******* нь төрийн албаны удирдах удирдуулах зарчим, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй, албаны ажлаа өөрийн хувийн өмч мэт үзэж дураараа авирладаг маш түрэмгий, тогтворгүй, ёс зүйн хувьд доголдолтой төрийн албан хаагчид байх удирдлагын үүргээ мэддэггүй өөрийн харьяалах нэгжийн албан хаагчдаа илт худал мэдээлэл тарааж намайг гүтгэсэн худал мэдээллийг тараасан нь нотлогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5 дахь заалт, Төвийн даргын 2024 оны А/01 тоот тушаалаар батлагдсан дүүргийн "Эрүүл мэндийн төвийн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.6.2 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар заалт, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 3.2.6, 3.2.9 дэх заалтыг үндэслэн Поликлиникийн эрхлэгч ажилтай байсан А.*******ыг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн болон ажил тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдыг буюу ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөө турхирсан нь тогтоогдсон, захирах, захирагдах зарчмыг баримталж, ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож" шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. А.******* нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу түр ажлын байранд туршилтын хугацаанд ажиллуулж байсан ба Хөдөлмөрийн гэрээний 1.8.4-т туршилтын хугацаанд ажил олгогч гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд Захиргааны зөвлөлийн хурлаар оруулан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно, 3.2.9-д Ажилтан энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцно гэж заасны дагуу захиргааны зөвлөлийн хурлаар оруулсан. Хурлын шийдвэрээр А.*******т цаашид худал мэдээлэл тараасан, ажлын цагаа бүртгүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагтаа ажлын байран дээрээ байдаггүй тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн мөн өөр ажлын байр санал болгосон боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ба хариуг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгнө гэсэн боловч хариу өгөөгүй тул ажлаас чөлөөлсөн. А.******* нь өөрөө байгууллагын удирдлагын зөвлөлд орж ажилладаг ба удирдлагын зөвлөлийн хуралд суудаг эрх бүхий албан тушаалтан байж өөрийн харьяалах албан хаагчдад ёс зүйтэй манлайл үзүүлж үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй гэтэл удирдлагын зөвлөлөөр ярилцсан асуудлыг мэдэж байж илт худал мэдээллээр тарааж удирдлагаа гүтгэж гарын үсэг худал мэдээллээр дээр бүрэн танилцуулахгүйгээр албан хаагчдаасаа гарын үсэг зурчих хэмээн байж боломжгүй үйлдэл хийсэн. Энэ тухай удирдлагад мэдээлэл өгч гомдол ирсэн тул А.******* эрхлэгчид утсаар болон уулзаж илт худал мэдээлэл тарааж гарын үсэг ажилтнууддаа турхиран цуглуулж болохгүй талаар удаа дараа сануулсан. Удирдлага хүний хувьд тэр дундаа төрийн албан хаагч байж ийм байж боломжгүй үйлдэл гарган ажиллаж болохгүй. Иймээс тухайн албан хаагчдын эрх ашгийг хамгаалахын тулд А.******* эрхлэгчид хүртэл санал тавьсан ч өөрөө зөвшөөрөөгүй тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан баримт, цагийн бүртгэл, гэрэл зураг, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/48 дугаар шийдвэр зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрэм, Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын Б/43 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Цалингийн карт, цагийн бүртгэлийн мэдээлэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Захиргааны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн13 тоот тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 391 тоот албан бичиг, Цаг ашиглалтын тайлан зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн төв салбарын эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт, Ажлын цагийг гараар бүртгэсэн бүртгэл зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Автомат цаг бүртгэгч нүүр таньж бүртгэхгүй байгааг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонсох ажиллагаа явуулахад мэдсэн. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаалыг шуудангаас 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан. Э. дарга ажлын бус цагаар нэг л удаа дуудсан. Удирдлагын зөвлөлийн хурлын дараа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэл болон Эрүүл мэндийн яамд 20 гаруй хүний гарын үсэгтэй урамшуулалаа олгох санал гомдол хүргүүлсэн. Намайг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан үед ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажилтан А.******* нь туршилтаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэхэд удаа дараа хариуцлагагүй хандсан. Автомат цаг бүртгэгчид ажлын цагаа бүрьгүүлээгүй. Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул Б/137 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/48 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрэм, Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын Б/43 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Цалингийн карт, цагийн бүртгэлийн мэдээлэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Захиргааны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн13 тоот тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 391 тоот албан бичиг, Цаг ашиглалтын тайлан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн төв салбарын эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт, Ажлын цагийг гараар бүртгэсэн бүртгэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Ажил олгогч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 тоот тушаалаар А.*******ийг поликлиникийн эрхлэгчээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. 64.2.Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж зохицуулсан.
9.Талууд Хөдөлмөрийн гэрээний 1.8.4.Туршилтын хугацаанд ажил олгогч гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд Захиргааны зөвлөлийн хурлаар оруулан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно, 3.2.9-д Ажилтан энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцно гэж харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 63-64 тал/
10.Ажил олгогч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлд Цаг үеийн ажлаар мэдээлэл хийх, Үр дүнгийн урамшуулал дүгнэсэн тухай, А.*******ийн гомдлын талаар хэлэлцэхээр тогтоожээ. Тус хуралд А.******* нь Миний хувьд ажлын цагийн бүртгэл бүртгүүлэхэд асуудал үүссэн. Нүүр царайгаа таниулж үзсэн. Ерөөсөө болохгүй байсан. 04 дүгээр сөрын 19-ний өдөр Э. дарга, хуулийн зөвлөхтэй ирж Сонсгол хийсэн. Надтай холбоотой зүйл нь Цагийн бүртгэл, Удирдах албан тушаалтан дуудаж байхад ирээгүй. Гарын үсэг зуруулах ажил хийсэн. Эмч сувилагч нар удирдах зөвлөлд 9 ажилтан авахдаа ажлын байрны тодорхойлолтын дагуу аваагүй цалин урамшуулал илүү цаг, үр дүнгийн урамшуулал өгдөггүй гэсэн талаар гарын үсэг зурсан байгаа. Энэ талаараа ҮЭ-ийн дарга Батцэцэгт саналаа бичиж өгсөн гэж тайлбарлажээ.
11.Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Эрүүл мэндийн төвийн дарга Ж.*******ыг ажиллагсадтайгаа хуульд заасны дагуу зүй зохистой харилцах талаар, шинээр ажилд авч буй ажиллагсадыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж мэргэшлийн хүн авах талаар, Поликлиникийн ажилчдын дотоод журамд оруулах өөрчлөлтийн талаархи ажилчдын санал хүсэлтийг эрүүл мэндийн төвийн даргад удаа дараа амаар болон бичгээр илэрхийлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй тул Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэл болон Эрүүл мэндийн сайдад хандан зохих шаардлагыг хүргүүлсэн гэж дурьдсан байна.
12.Нэхэмжлэгч А.*******ийг ажил олгогч нь хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирч Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.4.Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр өөрт олгосон эрх мэдлийн хэтрүүлэн дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэж мэтгэлцэж байгааг буруутгах боломжгүй.
13.Ажил олгогч нь 2024 оны 04 дүгээр сөрын 19-ний өдөр туршилтын хугацаанд ажилтан А.*******ийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, удирдлагын шаардлагыг удаа дараа үл тоосон, цаг ашиглалт мөрдөөгүй, удирдаж байгаа нэгжийн хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан талаар Сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 65-66 тал/
14.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч А.******* нь Автомат цаг бүртгэгч нүүр таньж бүртгэхгүй байгааг Сонсох ажиллагаа явуулахад мэдсэн гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Автомат цаг бүртгэлийн төхөөрөмж нь ажилтнуудын цагийг биеийн давхцахгүй өгөгдөл нүүрээр, алганы хээгээр гэх мэт хүний био хэмжигдэхүүнийг таних аргачлал дээр тулгуурлан цаг бүртгэх зарчмаар ажилладаг бөгөөд Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 8.3.Ажилтан ажилд ирэх тарах бүрд Автомат цаг бүртгэгчид бүртгүүлнэ тусгаж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь цаг бүртгүүлэх болон байгууллагад нэвтрэхдээ нүүр болон алганы хээгээр бүртгүүлэх эсэхээ тухайн ажилтан зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд ажилтан А.******* нь Автомат цаг бүртгэгч нүүр таньж бүртгэхгүй байсныг нотлох баримтыг ирүүлээгүй, энэ тухай ажил олгогчид мэдэгдээгүй байна.
15.Ажил олгогч Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг шуудангаар хүргүүлж, ажилтан А.******* 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан тухайд маргаагүй боловч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан үед ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарлав.
16.Ажилтан А.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан талаарх баримт, Эмнэлгийн магадлалгаа зэргийг ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
17.Ажил олгогч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дахь заалт, Төвийн даргын 2024 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн төвийн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.6.2 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.2, 8.3, 8.9, 8.11, 10.1, 10.1.5, 10.2.1, 10.2.4, 10.2.10, 13.1.6 дахь заалт, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 3.2.6, 3.2.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус байгууллагад Поликлиникийн эрхлэгч А.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн болон ажил тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан нь тогтоогдсон, захирах, захирагдах зарчмыг баримталж, ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул А.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/131 дугаар тушаалаар дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 61 тал/
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч А.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 1,682,298 төгрөг:21,5=өдөрт 78,246 төгрөг х 152 өдөр/ нийт 11,893,392 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,500,000 төгрөг нэхэмжилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
19.Нэхэмжлэгч А.******* Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шуудангаас гардан авсан байх ба ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч А.******* шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
20.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуул ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Поликлиникийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,500,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ