Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04930

 

 

2024 11 27

182/ШШ2024/04930

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Ч.*******тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.*******тай 2019 оны 8 дугаар сард танилцаж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.*******, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүү С.******* нарыг төрүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хурим найраа хийсэн. Тэр цагаас хойш нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ч.******* 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ зуурдаар нас барсан. Хүү С.*******, С.******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоолгоно гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрэл зураг, Нас барсны гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Б.******* нь Ч.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ шүүх хуралдааны үед хүү С.*******, С.******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой гэж тайлбарлав.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрэл зураг, Нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хүсэлт гаргагч Б.******* нь Ч.*******тай 2019 оны 8 дугаар сард танилцаж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.*******, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүү С.******* нарыг төрүүлж, өсгөжээ.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү С.*******, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.******* нарыг бүртгэж, эцэг Ч.*******гаар овоглож төрсний гэрчилгээ олгогджээ. /хавтас хэргийн 6-7 тал/

 

9.Дээрх хүүхдийн төрсний гэрчилгээний эцэг, эхийн мэдээлэл хэсэгт эцэг ******* овогт ийн ******* /регистрийн дугаар *******/, эх ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ гэж бичигдэж эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

10. ******* овогт ийн ******* /регистрийн дугаар *******/ нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нас барсны гэрчилгээ олгогдсон байна /хх-ийн 8 тал/

 

11.Хүсэлт гаргагч Б.*******ын тайлбар, Хүүхдийн төрсний гэрчилгээний эцэг, эхийн мэдээлэл хэсгийн бичвэр зэргээс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нөхөр Ч.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

12.Хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт ийн *******тай 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2 дахь заалтад хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ