| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/05949/И |
| Дугаар | 182/ШШ2024/04929 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/04929
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ө.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.*******той 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр танилцаж, 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин О., 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр О., 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О., 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр О. нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд хоорондоо маргаантай, таарч тохирохгүй, зан харьцааны хувьд хөндий, хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлэх болсон. 2019 оноос тусдаа амьдарсан. Энэ хооронд хүүхдүүддээ мөнгө төгрөг өгдөггүй байсан. Би 4 хүүхдээ өөрөө өсгөөд хүмүүжүүлээд явж байна. Цаашид Э.*******той хамт амьдрах боломжгүй. Нөхөр Ө.******* нь 2021 оны 1 дүгээр сарын 20-дын үеэр 3 сарын хугацаатай ирж өөр хүнтэй болсон цаашид хамтран амьдрах боломжгүй тухайгаа хэлсэн. Бидэнтэй хамт байх хугацаандаа хэрүүл тасрахгүй, архи дарс уух байнга гомдлох, амиа хорлох үйлдэл хийж олон удаагийн давтамжтай байсан учраас гадаад руу явуулсан. Явсан даруйдаа холбоо тасарсан. Мөн тухайн нөхцөлд авсан цалингийн зээлээ төлөхгүй үлдээж одоог хүртэл би төлж байна. Нэгэнт харилцаа холбоогүй болсон 4 хүүхдийн ирээдүйн амьдралд оролцоо байхгүй. Тэдний цаашдын амьдралд саад болох үндэслэлтэй тул гэрлэлтээ цуцлуулна. Эцэг Ө.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Иймд насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
2.Хариуцагч Ө.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 4 хүүхдийг асрах эрхийг бүрэн хүлээлгэж өгч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулна гэсэн. Эхнэр Б.******* нь Ө.*******ыг архи дарс уух байна гэж хэлж байсан бөгөөд амиа хорлох үйлдэл гаргасан гэж нэг удаа дуулгаж байсан гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00254 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Сургуулийн тодорхойлолт, Хариуцагчаас хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ө.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэр бүлээ бүтэн авч үлдэхийг хичээж ярилцсан боловч нөхөр Ө.******* нь архи дарс ууж амиа хорлох үйлдэл нь олон удаагийн давтамжтай байсан учраас гадаад руу явуулсан. Явахдаа цалингийн зээл аваад төлөхгүй үлдээж, санхүүгийн хувьд хүндрэл учруулсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдийг өөрийн асрамжид авах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ө.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Гэрлэлтээ цуцлуулах шалтгаанаа надад хэлээгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн тухайд маргахгүй гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00254 тоот тэмдэглэл, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Сургуулийн тодорхойлолт, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Гэрлэгчид 2004 онд танилцаж, 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 5 тал/
8.Тэдний дундаас 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин О., 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр О., 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О., 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр О. нарыг төрүүлсэн байх ба гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ гэрлэгчид хангалттай биелүүлж чадаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан нөхөр Ө.******* нь 2021 оны 1 дүгээр сарын 20-дын үеэр 3 сарын хугацаатай ирж өөр хүнтэй болсон цаашид хамтран амьдрах боломжгүй тухайгаа хэлсэн. Гэр бүлээ бүтэн авч үлдэхийг хичээж ярилцсан боловч, архи дарс ууж амиа хорлох үйлдэл нь олон удаагийн давтамжтай байсан учраас гадаад руу явуулсан. Явахдаа цалингийн зээл аваад төлөхгүй үлдээж, санхүүгийн хувьд хүндрэл учруулсан. 4 хүүхдийн санхүүгийн асуудалд дэмжлэг тусламж үзүүлдэггүй гэх тайлбараас үзэхэд гэрлэгчид байнгын хэрүүл маргаантай, таарамжгүй байдлын улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа, эргэн нийлж амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж шүүх үзлээ.
9.Хариуцагч Ө.*******д нь хүүхдийн асрамжийн тухайд маргаагүй бөгөөд 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О. хуульд заасан 18 насанд хүрсэн байна.
10.Иймд 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү О. нар нь эхийн хамт амьдарч байгаа, эцэг, эхийн тохиролцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан үзэж, эх Б.*******гийн асрамжид үлдээх үндэстэй гэж үзнэ.
11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
12.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. 131.2.Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно, 131.3.Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэж зохицуулсан.
14.Хариуцагч Ө.******* нь Унгар улсад оршин сууж байгаа болох нь Унгар улсад суугаа Элчин сайдын яам нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрчилсэн 0745 дугаар итгэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг шүүх хуралдаанд ирэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.
15.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин О., 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү О. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ