| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0233/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 03
2018 01 03 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-т холбогдох эрүүгийн 1721000000138 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 06 сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД- /, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 3-12 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 06-ны өдрийн 147/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгэснийг 2008 оны 04 сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 119 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, 2009 оны 7 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2630 тоот тогтоолоор 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар Э.Баярдэлгэрийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 10 сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 11 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 0-17 тоот хашаанаас хохирогч Т.Э-ын эзэмшлийн Даюун маркийн 34-68 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Т.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд 34-68 ДОЗ улсын дугаартай “Даюун 150” маркийн мотоциклоо Гансүхийн хашаанд буюу Хэрлэн сумын 2-р баг Дэнжийн 0-17 тоотод байрлах байшингийн урд талд рулийг нь цоожилж орхиод гэрт нь орж юм ярьж байгаад 22 цаг өнгөрөөгөөд унтсан. 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 01 цагийн орчимд манай эхнэр босоод байшингийн цонхоор мотоциклоо харахад мотоцикл маань байхгүй байна гэж хэлэхээр нь би босоод харахад мотоцикл маань байхгүй байсан. Тэгээд бид 2 мөрийг нь дагаж байгаад цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирж тэд нартай хамт мөрийг нь дагаад явахад миний мотоциклийн мөр Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 7-02 тоот хашаа руу орсон байхаар нь тус хашаа руу ороход хашаан дотор бариатай байсан эсгий гэрийг налуулан миний мотоциклийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 78-79/
-Шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 11 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 0-17 тоот хашаанаас хохирогч Т.Э-ын эзэмшлийн Даюун маркийн 34-68 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би...хамт ажиллаж байсан Сүүнээ /Гансүх/ ахын гэрийн хашааг нь онгойлгоод дотогш ороход хашаан дотор нь Гансүхийн өөрийнх нь автомашин байхгүй, өөр нэг улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхаар нь очоод тус мотоциклийг түрэх гэхэд руль нь цоожтой байхаар нь түгжээг нь дарж мултлаад хашаагаар түрж гаргаад кундакторны утсыг нь салгаж холбож асаагаад тус мотоциклийг унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 сарын 07-ны өдрийн 01 цагийн орчимд манай эхнэр босоод байшингийн цонхоор мотоциклоо харахад мотоцикл маань байхгүй байна гэж хэлэхээр нь би босоод харахад мотоцикл маань байхгүй байхаар нь бид 2 мөрийг нь дагаад... явахад миний мотоциклийн мөр Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 7-02 тоот хашаа руу орсон байхаар нь тус хашаа руу ороход хашаан дотор бариатай байсан эсгий гэрийг налуулан миний мотоциклийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:
Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Б-ийн ЖЮ87060415 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг түүнд буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР