Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1195

 

 

 

 

 

 

 2022             12            15                                        2022/ДШМ/1195                                                 

           

Б.Б-, Ш.Э-, Х.Т- нарт                                                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь,

цагаатгагдсан этгээд Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам,

цагаатгагдсан этгээд Х.Т-гийн өмгөөлөгч Б.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30ы өдрийн 2022/ШЦТ/853 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Ш.Э-, Х.Т- нарт холбогдох 1902001160269 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Р овгийн Б-гийн Б, Өвөрхангай аймагт 1980 оны 06 дугаар сарын 28ы өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 0 тоотод суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0/

2. Б овгийн Ш-ын Э, Өвөрхангай аймагт 1988 оны 03 дугаар сарын 07ы өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онцгой байдал-гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000/

3. Т овгийн Х-гийн Т, Өвөрхангай аймагт 1979 оны 05 дугаар сарын 05ы өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Б-гийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан.

Б.Б- нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар зээлийн шаардлага хангахгүй Ш.Э-ын үүсгэн байгуулсан “-” ХХК-ийн “-” төслийг  хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “-” ХХК-ийн Голомт банкны 0 тоот дансаар шилжүүлэн авч, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э-, Х.Т- нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “-” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 1,132,200,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөрөнгө оруулж, Ш.Э-од 123,705,000 төгрөг, Б.Г-д 34,000,000 төгрөг, Ж.Г-д 150,000,000 төгрөг, Х.Т-д 40,000 төгрөг, В.Э-т 10,000,000 төгрөг, О.М-д 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэн захиран зарцуулж хууль бус эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан,

Ш.Э- нь нийтийн албан тушаалтан Б.Б-гийн зохион байгуулсан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох замаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан “-" ХХК-ийг Х.Т-гийн нэр дээр шилжүүлж, төслийн зээлийг зориулалтын бусаар захиран зарцуулсан үйлдлээр бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон,

Б.Б-, Х.Т- нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 1,550,000,000 төгрөгийн зээл авсан “-” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-гийн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “-” ХХК-ийн ажилтан Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “-” ХХК-ийн Голомт банкны 0 тоот ам.долларын данснаас 1,132,200,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй барилгад хөрөнгө оруулсан, өөрөө 123,705,000 төгрөг авсан, Б Г-д 34,000,000 төгрөг, Ж.Г-д 150,000,000 төгрөг, Х.Т-д 40,000 төгрөг, В.Э-т 10,000,000 төгрөг, О.М-д 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн зэргээр хууль бус орлогын эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан,

Х.Т- нь Б.Б-, Ш.Э- нарын урьдчилан үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох замаар олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж “-” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “-” ХХК-ийн Голомт банкны 0 тоот ам.долларын данснаас 1,132,200,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөрөнгө оруулсан, өөрөө 40,000 төгрөг авсан, Ш.Э-од нийт 123,705,000 төгрөг, Б Г-д 34,000,000 төгрөг, Ж.Г-д 150,000,000 төгрөг, В.Э-т 10,000,000 төгрөг, О.М-д 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн зэргээр хууль бус орлогын эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Ш.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Х.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Ш.Э-, Х.Т- нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1902001160269 дугаартай хэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлд буцааж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1488 дугаартай прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Анхан шатны шүүхээс “-” төсөл нь жижиг дунд үйлдвэрийг хэрэгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах журмын шаардлагад хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор “-” ХХК-ийн зээл авсан материалд үзлэг хийхэд уг төсөл байгаагүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ... тухайн сонгон шалгаруулалт явагдах үед ямар төслийг ямар шалгуураар хэрхэн судалж шийдвэр гаргасан талаар мэдүүлэг тайлбар аваагүй зэрэг нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлох, эргэлзээгүй тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэжээ.

Хэргийн материалаас үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажпын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар 127 төслийг дэмжиж шийдвэрлэсэн жагсаалтад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч “-” ХХК-ийн “-” төсөл хамрагдаж дэмжигдсэн байдаг. “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэх тодорхойлолтод өөрийн гэсэн ажилтантай, жилийн тодорхой хэмжээний борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг ойлгох бөгөөд Төрийн захиргааны байгууллагаас аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагчийг дээрх нөхцөлийг хангасан гэж үзвэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгосноор үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж үзэх буюу жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас төслийн зээлэнд хамрагдах эрх үүсэхээр байна. Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дүгээр албан бичгээр “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг гэх “-” ХХК ...тус төвийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй бөгөөд ... сангийн зээлд хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна...” гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Мөн тус компани нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэн явуулж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул “-” ХХК нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид хамаарахгүй, төслийн зээл авах шаардлага хангаагүй байсан гэж үзнэ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгогдсон санхүүжилтийг авсан даруй зориулалтын бусаар өөрийн болон бусдын хувийн ашиг сонирхлын дагуу зарцуулж буй үйлдэл нь анхнаасаа зээлийн санхүүжилтийг үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглах зорилгогүй байсан болохыг нотолж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар “-” ХХК-ийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн шаардлага хангаагүй төсөл шалгарсан үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэж байна.

2. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал болон төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичиг нь ажил үүргийн хувьд зээлэнд хамрагдахаар хүсэлт гаргагч аж ахуйн нэгжүүдийн материалыг судалж, үр дүнтэй танилцан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах чадамжтай эсэхэд хяналт тавьж, зээлийн санхүүжилтэд хамруулах үндэслэлтэй эсэхийг хурлаар хэлэлцүүлэх зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааны явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан нийт аж ахуйн нэгжүүдэд тэгш бус байдлыг бий болгохгүй, иргэн бүрийн ямар нэгэн алагчлал, ялгаварлалгүй хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй албан тушаалтан юм. Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэх ач холбогдолтой. Гэвч тус сангийн захирлаар ажиллаж байсан Б.Б- нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Э-той харилцаа хамааралтай болох нь тогтоогдсон бөгөөд түүний жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч бус - ХХК-ийн “-” төслийг зээлийн шаардлагад нийцээгүй байхад хурлаар хэлэлцүүлэн дэмжиж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  хуулиар олгогдсон эрхийн хүрээнд санг төлөөлөн зээлийн гэрээг Ш.Э-той байгуулж, компанид олгогдсон санхүүжилтээс өөрийн хувийн хэрэгцээнд харьцуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдсон байхад шүүхийн тогтоолд “...комиссын гишүүдийн 100 хувийн саналаар уг төслийг дэмжсэн буюу Б.Б- албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээлийн шаардлага хангаагүй төслийг хуралдаанаар оруулж дэмжсэн болох нь тогтоогдоогүй, комиссын шийдвэрийг Хөдөлмөрийн сайд тушаалаар баталж, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “-” ХХК-тай гэрээ байгуулан ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг гэмт үйлдлийг нотолсон баримт биш гэж үгүйсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.

3. Анхан шатны шүүхийн тогтоолд “...нотлох баримтуудаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан талаарх үйл баримт тогтоогдсон боловч Б.Б- нь Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдэж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,550,000,000 төгрөгийн санхүүжилт авсан гэх гэмт үйлдлийг нотолсон баримт биш...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн гэж үзэхээргүй байна.

Төсөл сонгон шалгаруулах хурлын комиссоос 100 хувийн саналаар гаргасан үйлдвэрийг Хөдөлмөрийн сайд тушаалаар баталсны дагуу Б.Б- нь “-” ХХК-тай гэрээ байгуулсан буюу зээлийг дангаар олгох эрхгүй байсан нь түүний үйлдлийг үгүйсгэх бус өөрийн гэмт үйлдлийг халхавчилсан хэлбэрт хамааруулан ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл комиссын нарийн бичгийн даргын албан тушаалын байдал, эрх мэдлийн хүрээнд “-” ХХК-ийн “-” төслийг хурлаар хэлэлцүүлэхдээ гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг процессыг ашиглан өөрийгөө огт нөлөөлөөгүй мэтээр тус компанид санхүүжилт олгуулж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн давуу байдал олж авсан үйл баримт тогтоогдсон.

4. Шүүхийн тогтоолд “-” ХХК нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 1,550,000,000 төгрөгийг зориулалтын дагуу буюу “-” төслийг хэрэгжүүлэхэд зарцуулаагүй. Шүүгдэгч Б.Б-гийн хамаарал бүхий этгээдүүд рүү шилжүүлэх болон барилгын талбай захиалах нэрээр хөрөнгө оруулалт хийсэн болох нь тогтоогдсон боловч /мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 1,550,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Б-, Ш.Э- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар дээр дүгнэсэн үндэслэлүүдээс гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

Иймд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар “-” ХХК-ийн шаардлагыг хангаагүй төсөл сонгон шалгарсан үйл баримт бүрэн тогтоогдсон гэжээ. Шүүхийн тогтоолын 9 дэх талд “... прокурорын яллаж буй үндэслэл болсон “-” төсөл нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй...” гэх, 9-10 дахь талд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирлын саналаар 2019 оны 10 дугаар сард хийсэн дотоод аудитын дүгнэлтээр 2013-2014 онд... сангаас зээл авсан компаниудаас зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй 15 компанийн дунд “-” ХХК-ийн нэр ороогүй байна...” гэх, мөн Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б- нь “-” ХХК-ийн ... төслийг дэмжүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогүй...” гэх шүүхийн дүгнэлтийг прокурор няцааж чадаагүй байна.

Иймд шүүхийн “...- төсөл нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах журмын шаардлагад хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор “-” ХХК-ийн зээл авсан материалд үзлэг хийхэд уг төсөл байгаагүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ... тухайн сонгон шалгаруулалт явагдах үед ямар төслийг, ямар шалгуураар хэрхэн судалж шийдвэр гаргасан талаар мэдүүлэг тайлбар аваагүй зэрэг нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлох, эргэлзээгүй тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно...” гэсэн дүгнэлтийг дэмжиж байна.

Гэтэл прокурор зөвхөн “... Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг гэх ... “-” ХХК ... тус төвийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй бөгөөд ... сангийн зээлд хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна” гэсэн Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаар албан бичгийг үнэлж тус компанийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид хамаарахгүй буюу төслийн шаардлага хангаагүй байсан хэмээн эсэргүүцэл бичсэн нь шүүхийн дүгнэлтийг няцааж чадсангүй.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төсөл сонгон шалгаруулах комисс /11 гишүүнээс гишүүн оролцсон/ 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 127 төслийг дэмжиж шийдвэрлэсэн байдаг ба уг жагсаалтад “-” ХХК-ийн “-” төсөл ямар шалгуураар хэрхэн судалж, шийдвэр гаргасан талаар тус хуралдаанд оролцсон комиссын гишүүдийг гэрчээр асууж, тайлбар авах үүргээ мөрдөгч, прокурор хангалттай хэрэгжүүлээгүй хэмээн шүүх буруутгасан. Гэтэл дээрх ажиллагааг хийгээгүй атлаа үйл явдал болсноос хойш дөрвөн жилийн дараах албан бичгийг нотлох баримтаар үнэлэн үйл баримт бүрэн тогтоогдсон гэснийг хүлээн авах боломжгүй.

Прокурорын эсэргүүцлийн 2-т “... шүүхийн тогтоолд “...комиссын гишүүдийн 100 хувийн саналаар уг төслийг дэмжсэн буюу Б.Б- албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээлийн шаардлага хангаагүй төслийг хуралдаанаар оруулж дэмжсэн болох нь тогтоогдоогүй ... комиссын шийдвэрийг Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталж, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “-” ХХК-тай гэрээ байгуулан ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг гэмт үйлдлийг нотолсон баримт биш гэж үгүйсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн гэсэн тухайд:

Прокурорын эсэргүүцэлд “... сангийн захирлаар ажиллаж байсан Б.Б- нь .. албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдсон” гэж үзжээ. Б.Б- нь 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний эрхэлж байсан ажил албан тушаал нь “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд заасан жагсаалтад байхгүй байхад прокурор түүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хэмээн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан үздэг. Нөгөө талаар Б.Б-гийн сангийн захирлаар нь ажиллаж байсан үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн субъект нь Төрийн албан тушаалтан байх ба мөн зүйлийн тайлбарт энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулж байжээ. Үүнээс үзсэн ч Б.Б-гийн 2012-2015 онд эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн болон нийтийн албан тушаалтанд хамаарч байгаагүй тул албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн тогтоолд дурдсанчлан Б.Б- нь сангийн захирал бөгөөд төсөл сонгон шалгаруулах комиссийн нарийн бичгийн даргын хувьд бусдад зээл олгох асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Прокурорын эсэргүүцлийн 3-т “... анхан шатны шүүхийн тогтоолд “ ... нотлох баримтуудаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан талаарх үйл баримт тогтоогдсон боловч Б.Б- нь Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдэж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,550,000,000 төгрөгийн санхүүжилт авсан гэх гэмт үйлдлийг нотолсон баримт биш...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн гэж үзэхээргүй байна...” гэсэн тухайд:

Прокурор шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02610 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “-” ХХК нь нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх санд нийт 1,596,579,229 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1 дэх заалтад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй байхаар заасан тул хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр “-” ХХК-аас Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн үндсэн зээл, зээлийн хүү 1,596,579,229 төгрөгийн төлбөрийг эрүүгийн хэргийн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” хэмээн заасан байхад прокурор нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч мэтээр үзэж буй нь ойлгомжгүй байна.

Прокурорын эсэргүүцлийн 4-т шүүгдэгч Б.Б-, Ш.Э- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар дүгнэсэн дээрх үндэслэлүүдээс гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тухайд:

Шүүхийн тогтоолын 15 дахь талд ... Б.Б- нарыг холбогдуулан буруутгасан Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон 1,550,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон”-ыг үндэслэлтэй хэмээн дэмжиж байна. Нөгөөтэйгүүр дээр дурдсанчлан 1,550,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг иргэний хэргийн журмаар нэгэнт шийдвэрлэсэн байхад прокурорын эсэргүүцээд байгаа шиг мөнгө угаасан гэмт хэрэг гэж эрүүжүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэв

Цагаатгагдсан этгээд Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс манайхаас тодорхойлолт авсан байх ёстой. Энэ тодорхойлолт байхгүйн улмаас шаардлага хангаагүй “-” төслийг хангуулсан гэсэн агуулгатай зүйл бичсэн. Прокурорын эсэргүүцлийн агуулгаас харахад тодорхойлолт байхгүйн улмаас төсөл шаардлага хангахгүй гэж үзжээ. Тухайн үеийн журам болон “-” төсөл хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад журам болон “-” төслийг авах ёстой гэж үзвэл тухайн үед хүлээж авсан сангийн мэргэжилтэн, эсхүл бичиг хэргийн ажилтан буцаах ёстой байсан уу, “-” төсөл нь бодитой оршиж байсан уу гэх асуудал яригдана. Хэрвээ “-” төсөл байхгүй байсан бол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хуралд орох боломжгүй. Ш.Э-ыг Б.Б-тэй харилцан үгсэн тохиролцсон гэж яриад байна. Гэтэл Б.Б- 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ хэргийн хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хоёр дахь удаа орж байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Төсөлд 9-10 хүний бүрэлдэхүүнтэй, тэр дундаа эцсийн шийдвэр гаргасан сайд хүртэл оролцсон. Энэ хүмүүсээс мэдүүлэг авах ёстой. Саналын эрхгүй Б.Б-г яагаад ийм асуудалд оролцуулсан талаар яригдсан. Энэ удаа анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж шийдвэр гарсан. Шүүгдэгч Б.Б- нь Ш.Э-, Х.Т- нартай ямар нэгэн байдлаар үгсэн тохиролцсон, мөнгө угаасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Т-гийн өмгөөлөгч Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ мөрдөгч, прокурорын хангалттай биелүүлээгүй. Учир нь өмнөх анхан шатны шүүх шийдвэрт төсөл хэрэгт авагдаагүй, комиссын хуралдаанд оролцсон нэр бүхий 9 гишүүдийг гэрчээр тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Үүнд прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаах нь буруу, хэргийг байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Цагаатгасан шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй.

Прокурорын эсэргүүцлийн 2 дахь хэсэгт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал болон төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичиг нь ажил, үүргийн хувьд зээлд хамрагдахаар хүсэлт гаргагч аж ахуйн нэгжүүдийн материалыг судалсан үр дүнтэй танилцан, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах чадамжтай эсэхэд хяналт тавьж, зээлийн санхүүжилтэд хамруулах үндэслэлтэй эсэхийг хурлаар хэлэлцүүлэх зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааны явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан нийт аж ахуйн нэгжүүдэд тэгш бус байдлыг бий болгохгүй, иргэн бүрийн ямар нэгэн алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн үед жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн захирал хууль болон журам, түүнтэй байгуулсан гэрээнд зааснаар ямар албаны чиг үүргээ хэрэгжүүлж байсан бэ? гэдгийг яллах дүгнэлтэд оруулаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд журмын 6.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбар гаргаж байна. Энэ нөхцөл байдал яллах дүгнэлтэд ороогүй. Шүүгдэгч, яллагдагч ямар хэрэгт яллагдагч байгаагаа мэдэх эрхтэй. Прокурор журмын 6.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь яллах дүгнэлтэд орсон байх ёстой. Б.Б-гийн хувьд хууль болон журамд заасан ямар эрх хэмжээгээ хэтрүүлж урвуулан ашигласан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Төсөл сонгон шалгаруулахтай холбоотой харилцаа Засгийн газрын тусгай сангийн хуульд зааснаар зохицуулагдана. Энэ хуульд заасны дагуу сангаас санхүүжилт олгох, гэрээ байгуулах эрх нь тухайн асуудлыг хариуцсан засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал байсан. Б.Б-гийн хувьд комиссын хуралдааны 100 хувийн саналаар гарч ирсэн төслүүдэд санхүүжилт олгохыг зөвшөөрөөд сайдын тушаал гарсан. Энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө буруудаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Б.Б-, Ш.Э-, Х.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б-, Ш.Э-, Х.Т- нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй тул тухайн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Прокуророос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б-г Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар зээлийн шаардлага хангахгүй Ш.Э-ын үүсгэн байгуулсан “-” ХХК-ийн “-” төслийг  хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Б.Б-, Ш.Э-, Х.Т- нар урьдчилан үгсэн тохиролцож, Ш.Э-ын үүсгэн байгуулсан “-” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.Т-гийн нэр дээр шилжүүлж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 1,132,200,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөрөнгө оруулж, Ш.Э-од 123,705,000 төгрөг, Б.Г-д 34,000,000 төгрөг, Ж.Г-д 150,000,000 төгрөг, Х.Т-д 40,000 төгрөг, В.Э-т 10,000,000 төгрөг, О.М-д 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх замаар хууль бус эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан гэж үзэн Б.Б-, Ш.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдэд, Х.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийн хамт шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... “-” төсөл нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй ... 2019 оны 10 сард хийсэн дотоод аудитын дүгнэлтээр 2013-2014 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниудаас зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй 15 компанийн дунд “-” ХХК-ийн нэр ороогүй ... Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б- нь “-” ХХК-ийн “-” төслийг дэмжүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, комиссын гишүүдийн 100 хувийн саналаар уг төслийг дэмжсэн байх тул олонхын саналыг үндэслэн гарсан хамтын шийдвэр болон дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээлийн шаардлага хангаагүй төслийг хуралдаанаар оруулж дэмжсэн гэж, шүүгдэгч Ш.Э-ыг Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “-” ХХК-аар дамжуулан 1,550,000,000 төгрөгийн зээлийг хууль бусаар авсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй ...” гэсэн дүгнэлт хийж тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ үндсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэр гаргажээ.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалтан хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн үүргээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болдог.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн тайлбарт албан тушаалын байдал гэдэгт эрх нөлөөг хамааруулж, урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан байна.

Дээрх гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлттэй зээл олгох асуудал нь 2006 оны Засгийн газрын тусгай сангийн тухай, 2007 оны Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиуд болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгох хөнгөлттэй зээлийн журмаар зохицуулагдаж байжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно” гэж, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, дараахь ажиллагааг хийнэ гэж тус тус заасан тул ажиллах хүчний тоо, жилийн борлуулалтын орлого нь хуульд заасан шаардлагуудыг хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж үзэхээр байна.  

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгох хөнгөлттэй зээлийн журмын 1.4-д “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгж, иргэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэн байна” гэж, 5.2-т “Энэ журмын 1.4 ба Хавсралт 1-д заасан шаардлагыг хангасан төслийг Сан болон нийслэл, аймаг, дүүргийн хөдөлмөрийн газар, хэлтэст жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авна...”, 5.4-д “Төслийг хүлээн авч, шаардлага хангаагүй гэж үзсэн төслийн талаарх холбогдох танилцуулгыг бэлтгэн, комисс, дэд комисст хүргүүлж танилцуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор бичгээр болон утсаар хариу өгнө”, 5.5-д “Шаардлага хангасан төслүүдэд зээлийн шинжилгээ судалгаа хийж, танилцуулга, мэдээллийг комисс, дэд комисс хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө бэлтгэн гишүүдэд хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Тус журамд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь хуульд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар зээлийн хүсэлт гаргах эрх үүсэх бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан зээлийн төслийг хүлээн авч шаардлага хангасан төсөлд шинжилгээ судалгаа хийж, танилцуулга бэлтгэн комиссын хуралдаанаас гураваас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлэхээр зохицуулсан бөгөөд энэхүү журмын хэрэгжилтийг хангах, зохион байгуулах үүргийг Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар сангийн захирал Б.Б-д даалгажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад цагаатгах тогтоолд заасан “... “-” төсөл нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй ... 2019 оны 10 сард хийсэн дотоод аудитын дүгнэлтээр 2013-2014 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниудаас зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй 15 компанийн дунд “-” ХХК-ийн нэр ороогүй ... Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б- нь “-” ХХК-ийн “-” төслийг дэмжүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ...” гэх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гарсан цагаатгах тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 Тухайбал анхан шатны шүүх “... мөрдөн шалгах ажиллагааны явцад “-” төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах журмын шаардлага хангаж  байгаа эсэхийг тогтоох зорилгоор “-” ХХК-ийн зээлийн материалд үзлэг хийхэд уг төсөл байгаагүй болох нь тогтоогдсон ...” гэж  үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа мөрдөн шалгах ажиллагаагаар уг төслийг хэрэгт хавсаргаагүй, холбогдох ажиллагаа хийгээгүй хэмээн цагаатгах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

“-” ХХК-ийн “-” төсөл бодитой оршиж байсан эсэхийг хянан үзэхэд ач холбогдол бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.Э-ын гэрчээр өгсөн “... Би өөрөө цахим сайтаас харж байгаад л төсөл бичсэн. Ганцаараа бичсэн. Надад төсөлтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг, “-” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлээгүй гэсэн Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 84 дүгээр албан бичиг, тус хуулийн этгээд 2011 онд байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хэргийн нөхцөл байдалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулжээ.

Түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны хоёрдугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд журамд заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүд төслийн материалтай танилцахгүйгээр 127 иргэн, аж ахуйн нэгжийн хөнгөлттэй зээл хүссэн төслүүдийг хавсралтаар баталсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дотоод аудитын тайлангийн 1.2-т “2014 онд ЖДҮ сангаас зээл авсан одоо зээлийн өртэй нийт 41 зээлдэгч байгаагаас 9 зээлдэгчийн төслийн материал, бүрдүүлсэн бичиг баримт архивт байна. Үлдсэн 32 зээлдэгчийн төсөл, бүрдүүлсэн бичиг баримт байхгүй байна”, 1.3-т “Архивт материал нь байгаа 2013-2014 онд ЖДҮ сангаас зээл авсан одоо зээлийн өртэй нийт 15 зээлдэгчийн зээл авахад бүрдүүлсэн материалыг шалгаж үзэхэд ... зээл хүсэгчид тавигдах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байна” гэж дурдаад дүгнэлт хэсэгтээ “... ЖДҮ сан нь 2013 онд зээл олгохдоо “Зээл хүсэгчид тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хангасан эсэх материалыг хасаг дутуу бүрдүүлэн авч байсан бол 2014 онд энэ материалыг огт бүрдүүлж авалгүйгээр зээл олгосон байна...” гэж дүгнэсэн зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй атлаа сангийн архивт зээлийн материал нь хадгалагдаж буй 15 зээлдэгч /зээлийн шаардлага хангаагүй/-ийн дотор “-” ХХК-ийн нэр ороогүй мэтээр илтэд зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад “хамаарал бүхий этгээд” гэж ... бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6 дахь заалтад “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7 дахь заалтад “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгохоор тус тус заасан бөгөөд Б.Б-, Ш.Э-, Х.Т- нар нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр зарим нотлох баримтуудад тулгуурлан цагаатгах тогтоол гаргасан байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон билээ. Үүний үр дүнд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан тохиолдолд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хууль зүйн боломжгүй болж дээд шатны шүүх зөвхөн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, ялыг хөнгөрүүлэх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргах зохицуулалт үйлчилж байна.

Иймд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зарчмын хүрээнд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН