Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1911

 

 

 

“ХХ Б” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01871 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХ Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ф.Ө, Ф.Тнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 102 196 741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф.Ө, Ф.Тнар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус банктай орон сууцны зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус байгуулан 87 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 72 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ф.Тийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011411 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 дугаар байрны 211 тоотын 82.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 11.75 м.кв талбай бүхий автозогсоолын хамт барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцны зээлийн гэрээний 9.2-д заасан үндэслэлээр гэрээг шүүхийн журмаар, нэг талын санаачлагаар цуцалж, үндсэн зээл 84 744 832 төгрөг, зээлийн хүү 17 385 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 308 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 13 500 төгрөг нийт 102 196 741 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй. Төлсөн мөнгөн дээр маргаагүй, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардага нь Ф.Ө, Ф.Тнарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Ф.Ө миний дансанд мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг авсан гэж үзэхгүй. Эгч дүү нар учир эгчийгээ байртай болгох гээд өөрөө энэ данснаас мөнгө ав гэсэн албан бичгийг хийж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 13 500 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нотариатч н.Цогзолмаагийн мөнгө шилжүүлж өгнө үү гэсэн баримт, шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байна. Гэрээг хоёр талын санаачлагаар цуцалдаг, гэрээг цуцлагдсан гэж ойлгож байна. Ф.Ө, Ф.Тнарыг 8 хувийн зээлэнд оруулж өгөх талаар хүсэлт гаргасан боловч оруулж өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нар төлбөрөө төлж чадахгүй байхад зээлийг хүүг зогсоогоод нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Орон сууцны зээлийн гэрээ нь жилийн 8 хувийн хүүтэй байдаг гэтэл хариуцагч нарын зээлийн гэрээ жилийн хүү 16.8 хувь гээд 2 дахин илүү байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүг бууруулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/RCC180912026-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ф.Т, Ф.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт 102 183 242 төгрөг, хохирол 13 500 төгрөг, нийт 102 196 741 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжилийн банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ф.Т, Ф.Ө нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011411 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байрны 211 тоотын 82.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий зогсоолыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 878 939 улсын тэмдэгтийн хураамж төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ХБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нарын зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор өмчлөлд шилжүүлээгүй гэх татгалзлал үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс нотлох баримт гарган шүүхээр үнэлүүлэхийг хүссэн боловч хариуцагчийн татгалзлыг шүүхээс үнэлээгүй. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой өмчлөлд шилжүүлээгүй, шилжүүлэг хийх талаар анхан шатны баримт байхгүй гэж марган энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхийг хүссэн боловч банкнаас өгөөгүй. Иймд шүүхэд хандан нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 87 000 000 төгрөгийг /Гурван тамир батаез/ гэж Б.Гурвантамирт шилжүүлсэн. Үүгээрээ мэтгэлзэх зарчмыг хангаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн хүүг бууруулж өгөхийг удаа дараа хүсэж байсан гэдгийг тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн зарим хэсэг болох 4 968 589 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х ХБ” ХХК нь хариуцагч Ф.Ө, Ф.Тнарт холбогдуулан зээл 84 744 832 төгрөг, зээлийн хүү 17 385 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 308 төгрөг, хохирол 13 500 төгрөг нийт 102 196 741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“Х ХБ” ХХК нь Ф.Т, Ф.Ө нартай 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 87 000 000 төгрөгийг 72 сарын хугацаатай, жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.8 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 3.36 хувь байх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-9-12/

“Х ХБ” ХХК болон Ф.Т, Ф.Ө нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулж, Ф.Тийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байр, 211 тоот, зоорийн давхар 23 тоот 3 өрөө, 82.78 м.кв талбайтай орон сууц, 11.75 м.кв талбайтай автозогсоолыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /хх-13-15/

“Х ХБ” ХХК болон Ф.Т, Ф.Ө нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний 6.2.4-т зааснаар “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

“Х ХБ” ХХК 2018 оны 9 дугаар сарын 25-ны өдөр Ф.Тийн эзэмшлийн 452539312 тоот дансанд 87 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар Ф.Т, Ф.Ө нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул нэхэмжлэгч нь тэдгээрээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иймд зээлийн төлбөрийг Ф.Ө төлөх үүрэгтэй гэх хариуцагч Ф.Тийн татгалзлал үндэслэлгүй болно.

   Ф.Т, Ф.Ө нар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна.

   “ХХ Б” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/7349 дугаар албан бичгээр Ф.Т, Ф.Ө нарт орон сууцны зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн боловч зээлдэгч нар төлбөрөө төлж барагдуулаагүй байна. /хх-23/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцлах эрхийг гэрээний талууд эдлэх тул нэхэмжлэлийн шаардлага болохгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх тодруулахгүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х ХБ” ХХК нь зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ф.Т, Ф.Ө нараас үндсэн зээл 84 744 832,13 төгрөг, зээлийн хүү 17 385 101,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 308,33 төгрөг нийт 102 183 242 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд талуудын хүсэлтээр шүүх зээлийн хүүг бууруулах талаар зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаанд эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх харилцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасан нь хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.

“Х ХБ” ХХК болон Ф.Т, Ф.Ө нарын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. /хх-13-16/ Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэйг анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гаргасан нотариатын зардал 13 500 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж түүнтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ф.Т, Ф.Өаас нараас зээлийн гэрээний үүрэгт 102 196 741 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжилийн банк” ХХК-д олгосугай” гэж өөрчилж шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 94 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                             ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                     Д.БАЙГАЛМАА