| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00615/И |
| Дугаар | 129/ШШ2024/00503 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2024/00503
|
|
129/ШШ2024/00503 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын Э багт оршин суух Б овгийн Х.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Д
Гэрч Х.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чанцал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Доржбат нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1988 онд цэргийн албанд татагдаж 1989 оны 8 сарын 30-нд өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөж ирээд Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивд хадгалагдаж үлдээгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр миний 1996-2000 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж, 1995 онд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдал, мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд миний Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг, Архангай аймгийн Ихтамир суманд 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний хугацаанд мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 280, 281 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 584 тоот, 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 803 тоот тодорхойлолт
- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 03-10/4056 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 8 сарын 02-ны өдрийн 15/153 дугаар тогтоол
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 32/59, 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийдвэр
- Д.С, Д.Ж нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ
- хүсэлт гаргагчийн 217742 дугаар хөдөлмөрийн дэвтэр
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 сарын 07-ны өдрийн 08/178 тоот лавлагаа
- хүсэлт гаргагчийн 1220350 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 0104060915 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Х.Д-н хүсэлтээр Г.П, Ц.Б, Н.С, Х.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/245 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 392, 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 398 тоот тодорхойлолт
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 01/764 дугаар лавлагаа
- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт, гэрлэсний ХААТР-15 маягт, 1987 оны 5 сарын 21-ний өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 03-01/5709 дугаар лавлагаа/
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 103 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Д нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох, Архангай аймгийн Ихтамир суманд 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 280, 281 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 584 тоот, 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 803 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 03-10/4056 тоот лавлагаа/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 8 сарын 02-ны өдрийн 15/153 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 32/59, 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийдвэр, Д.С, Д.Ж нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн 217742 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 сарын 07-ны өдрийн 08/178 тоот лавлагаа, хүсэлт гаргагчийн 1220350 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 0104060915 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/245 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 392, 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 398 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 01/764 дугаар лавлагаа, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт, гэрлэсний ХААТР-15 маягт, 1987 оны 5 сарын 21-ний өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 03-01/5709 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 103 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Пү, Ц.Б, Н.С, Х.Д нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Архангай аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн 1989-1991 онуудын материалыг шүүн үзэхэд Х.Д-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна”, “тус архивын сан хөмрөгт Ихтамир сумын Эрчим хүчний салбарын баримт шилжиж ирээгүй тул Х.Д-д лавлагаа гаргах боломжгүй” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 803 тоот, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 103 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч гэрч Г.П-н “Х.Д 1989 оны 9 сард Архангай аймгийн Эрчим хүчний газрын харьяа Архангай аймгийн Ихтамир сум дахь салбарын уурын зууханд гачегараар ажилд орж 1991 оныг дуустал тасралтгүй ажилласан нь үнэн. Би хамт ажилладаг байсан. Архангай аймгийн Эрчим хүчний газрын харьяа Архангай аймгийн Ихтамир сум дахь салбарын уурын зууханд 6 гачегар ажиллаж байсны нэг нь Х.Д. Х.Д-н төрсөн ах Х.Д Архангай аймгийн Ихтамир сум дахь салбарын уурын зууханд гачегариар ажиллаж байсан. Х.Д-г ажиллаж байх үед Архангай аймгийн Эрчим хүчний газрын харьяа Архангай аймгийн Ихтамир сум дахь салбарын уурын зуухны даргаар Батмөнх, механикаар Д.Э ажиллаж байсан. Х.Д намайг ажлаасаа гарснаас хойш ажлаасаа гарсан санагдаж байна. Би хувьчлалаар мал аваад хөдөө гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Д-н “Х.Д нь 1989 оноос 1991 он хүртэл уурын зууханд галчаар ажилласан. Надтай хамт ажилладаг байсан. Тэр үед уурын зуух 10 гаруй орон тоотой, 24/48 цагаар ажилладаг байсан. Х.Д Эрчим хүчний салбарт гачегариар 2 жил ажиллаад эхнэр аваад хувийн малаа маллахаар хөдөө гарсан” гэх мэдүүлэг болон “1989 оны 9 сарын 15-нд сумын эрчим хүчний салбарт уурын зуухны гачегараар томилон ажиллуулав. Ихтамир сумын эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1989 оны 9 сарын 15-ны 10 тоот тушаалаар, 1991 оны 10 сарын 10-нд Ихтамир сумын Эрчим хүчний салбарын уурын зуухны машинистын үүрэгт ажлаас чөлөөлөв. Ихтамир сумын эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1991 оны 10 сарын 10-ны өдрийн 17-р тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 217742 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Х.Д БХЯ-ны сайдын 1988 оны 9 сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 016 (150) дугаар ангид алба хааж байгаад цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1989 оны 8 сарын 24-ний өдрийн 35/847 дугаар магадлагааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1989 оны 8 сарын 30-ны өдрийн 5/2406 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 сарын 07-ны өдрийн 08/178 тоот лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Х.Д-н Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.
4. “Тус архивын сан хөмрөгт Ихтамир сумын 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул Х.Д-н лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 584 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Х.Д-г 1996-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Х.Д нь 1996-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1996 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
5. Хүсэлт гаргагч Х.Д-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Х.Д нь 1996-2001 онуудад Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнт гэх газар мал маллаж амьдарч байсан болно” гэсэн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/245 тоот тодорхойлолт, “Х.Д нь 1996-2001 онуудын хооронд тус багийн Нарийн өлөнт гэх газар мал маллаж байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 392 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн И сумын хөдөөд оршин суугч Х.Д тэргүүлэгч өөрөө, 1969 оны 8 сард төрсөн, нас-30, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 03-01/5709 дугаар лавлагаа, гэрч Ц.Б-н “Х.Д нь 1993 онд Мягмарын Мөнхгэрэлтэй гэр бүл болж 1993 оноос одоог хүртэл Ихтамир сумын Эрдэнэтолгой багт хувийн малаа маллаж байна. Гэр бүл болоход нь манайх айл аймаг байсан, би Х.Д-н хадам аав ээжийг нь сайн мэднэ, нэгдэлд цуг малладаг байсан. Одоо Х.До-х Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнт гэх газраар нутагладаг. Х.Д нь 1992 оноос одоог хүртэл Ихтамир сумын Эрдэнэтолгой багт нутаглаж тасралтгүй хувийн малаа маллаж байгаа”, гэрч Н.Сэ-н “Х.Д нь 1992 онд М.М-тэй гэр бүл болж 1992 оноос одоог хүртэл Ихтамир сумын Эрдэнэтолгой багт хувийн малаа маллаж байна. Х.Д-х адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 200, 300 толгой малтай. Х.Д-х Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнт гэх газраар нутагладаг. Х.Д эхнэр М.М-хээ хамт 1992 оноос одоог хүртэл Ихтамир сумын Эрдэнэтолгой багт хувийн малаа маллаж байгаа юм. Манайх Х.Д-хтай ойролцоо цуг нутаглаж мал малладаг болохоор эднийхийг мэддэг юм. Х.Д Ихтамир сумаас шилжиж байгаагүй. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй”, гэрч Х.Д-н “Д эхнэр аваад хөдөө мал дээр гарсан. Тэр цагаас хойш одоо болтол Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтөд мал маллаж байна. Д эрчим хүчний салбарт удаагүй хоёр жил л ажиллаад дандаа хувийн малаа маллаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Х.Д-н Архангай аймгийн Ихтамир суманд 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Х.Д-н Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох, Архангай аймгийн Ихтамир суманд 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Х.Д-н Архангай аймгийн Ихтамир сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд гачегар, машинистаар 1989 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Х.Б-н Архангай аймгийн Ихтамир суманд 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА