| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0236/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 04
2018 01 03 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, хохирогч Ж.Энхтуяа, шүүгдэгч М.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-т холбогдох эрүүгийн 1721000000157 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1968 оны 6 сарын 14-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч өрмийн мастер мэргэжилтэй, Баянтүмэн СӨХ-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 5-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, /РД:ЖГ68061474/, З.
Шүүгдэгч М.З нь 2017 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны хонгилд үйл ажиллагаа явуулах “Пүүл” билльярд тоглоомын газарт Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар тонгорч газарт унагаан хохирогч Ж.Э-ийн биед баруун сууж ясны далд зөрүүгүй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Спорт хороон дээр боксын тэмцээн үзэж дуусаад орой 18 цагт билльярдын газар ирэхэд З нь 2 хүнтэй билльярд тоглож байхаар нь цуг тоглоё гээд дөрвөн хүн болж хоорондоо бооцоотой тоглосон. Тэгээд тоглоомноосоо болж З бид хоёр маргасан. З намайг нуруугаар минь унагасан. Би тухайн үед босох гэхэд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд З-т хандаж “Би босож чадахгүй болчихлоо” гэхэд З “чи худлаа мөнгө салгах гэж баашиллаа. Тэгж сүрхий гэмтсэн юм бол тэр цагдаагаа дууд” гээд гараад явсан. Билльярд тоглуулдаг эзэн охин нь манай хүүхдийн найз руу утсаар залгаж дуудсан байсан. Би эмнэлэгт очоод үзүүлэхэд нуруундаа гэмтэл авсан байна гэж хэлсэн. З нь эмчилгээний төлбөрт 80000 төгрөгийг надад өгсөн. Эмнэлгийн карт дээр 120900 төгрөгийн эм бичиж өгснийг авч чадаагүй байгаа. Энэ мөнгөө авбал өөр гомдол санал байхгүй гэв.
Гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны подвальд пүүл билльярд ажиллуулдаг юм. 2017 оны 11 сарын 26-ны өдөр намайг билльярдаа ажиллуулаад ширээнүүдээ шалгаад явж байхад манайхаар үйлчлүүлж байсан Э, З гэх ах нар хоорондоо маргалдаад бие биенээ заамдаад зогсож байхаар нь “яагаад муудалцаад байгаа” юм гэхэд З ах Э ахыг тонгороод газар унагаасан. Тэгээд З ах гараад явсан. Э ах газар хэвтээд нуруу, сүүжээр өвдөөд байна гээд босож чадахгүй байхаар нь ... түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 690 тоот дүгнэлтэд: “1. Ж.Э биед баруун сүүж ясны далд зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” /хх-ийн 18/ гэжээ.
-Шүүгдэгч М.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/
-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 25-27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М.Знь 2017 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны хонгилд үйл ажиллагаа явуулах “Пүүл” билльярд тоглоомын газарт хохирогч Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар тонгорч газарт унагаж хохирогчийн биед баруун сууж ясны далд зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.З-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Э надад хандаж чи энэ хүнд санаатай шааригийг нь тавьж өглөө, хамжаа юм уу гэж хэлээд надтай маргалдаад намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаж аваад газарт тонгорч унагасан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, түүнийг давхар нотолсон хохирогч Ж.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би З-т хандаж чи шааригийг нь тавьж өглөө гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаад бие биетэйгээ заамдалцахад Знамайг тонгороод газар бөгсөөр минь унагахад миний нуруу, сүүж өвдөөд босож чадахгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 690 тоот дүгнэлт, гэрч Ш.Б, Э.А, Б.Г нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ж.Э-д учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.З-ын санаатай үйлдлээр хохирогчийг тонгорч унагаасан үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.З-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч М.З-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Э-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Б, Э.А, Б.Г нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 690 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Зоригтбаатар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид эмчилгээний зардалд 80000 /наян мянга/төгрөг өгсөн болохыг тус тус тогтоолд дурдвал зохино.
Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгч М.З-аас эмчилгээний зардалд 120900 /нэг зуун хорин мянга есөн зуу/ төгрөгийг нэхэмжилж байгааг шүүгдэгч М. З нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж байх тул шүүгдэгчээс 120900 /нэг зуун хорин мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Зэлэм овогт Жигмэджавын Энхтуяад олгохоор шийдвэрлэв.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 80000 /наян мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-аас эмчилгээний зардалд 120900 /нэг зуун хорин мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР