Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0646

 

 

 

2024 08 27 128/ШШ2024/0646

 

МОНГОЛ /УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. /РД:,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д. /ШТҮ №/

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яамны Улсын ахлах байцаагч Б. нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Д., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч : ХХК-иас Зам тээврийн хөгжлийн яамны улсын ахлах байцаагч Б.т холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудас нь илтэд үндэслэлгүй бодит нөхцөлд тохироогүй буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Б. аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг гэх газарт - чиглэлийн төмөр замын 168 дугаар километрийн ойролцоо дугаар ачааны галт тэргэнд Л.ын 1 тооны тэмээ дайруулсан гэх зөрчлийн мэдээллийн дагуу шалгасан.

2.2. Зөрчлийн хэрэгт холбогдогчоос авсан мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтад тэмээ дайрагдахаас 116 метрийн зайд яаралтай тоормос хийж галт тэргийг зогсоох арга хэмжээг авсан ба үүнээс үүдэж зүтгүүрийн тоормосны системд эвдрэл үүсэж галт тэрэг саатсан гэж дурджээ.

2.3. Аюултай бүс, зурвас газрын тодорхойлолт, түүнд хориг хашаа, хамгаалалт барьж байгуулахад шаардагдах асуудлаар тодруулахад ХХК, төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллага нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны дугаар тушаалын хавсралт Аюултай бүсийн дэглэм-ийн 2.2, 2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу - өртөө хоорондын замын 168 дугаар километрт хориг хашаа барьж хамгаалах ажлыг хийж гүйцэтгээгүй нь тогтоогджээ.

2.4. Иймд дээрх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: Зам тээврийн хөгжлийн яамны салбар хяналтын газрын Улсын ахлах байцаагч Б. нь ХХК-ийг - чиглэлийн төмөр замд мал амьтнаас хамгаалах торон хашаа бариагүйгээс 168-р км-ийн 8-р зуутад 1 тооны тэмээ дайрагдсан нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.5, Аюултай бүсийн дэглэмийн 2.2-т заасныг зөрчсөн болох нь холбогдох баримт бичиг, мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэх үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

3.1.2. Учир нь дээрх шийтгэлийн хуудаст юу бичигдсэн болон ямар үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа талаар огт танилцуулалгүйгээр Монгиантранс ХХК-ийн албаны дарга Б.*******г танилцсан холбогдогч гэсний ард гарын үсэг зуруулсан байдаг. Түүнчлэн Аюултай бүсийн дэглэмийн 2.2-т заасныг зөрчсөн гэж бичсэн байх ба дэглэмийн 2.2-т ...Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болох сэлгээний хөдөлгөөн, ачилт буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамаарч дор дурдсан зай хэмжээтэй байна Үүнд: Төмөр замын өртөө хоорондын зам төмрөөс 5 метр; Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 5 метр; Зорчигчийн буух, суухад зориулсан нам болон өндөр тавцангийн ирмэгээс дотогш 1.0 метр, тавцангүй буух, суух газарт замын төмрөөс 2 метр, томоохон зангилаа өртөөдийн зорчигчийн байгууламжийн хориг хашааны талбайн хэмжээгээр; Ачаа, ачаан тээш, тээш ачих, буулгах талбайн хэмжээгээр, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5-д ...Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ гэснийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн байна.

Гэтэл дээрх үндэслэлүүд нь бодит нөхцөл байдалтай тохирохгүй төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 3-т заасан ... Хуульд заасныг зөрчиж: Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зөрчсөн, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төмөр замын гарамгүй гарцаар гаргасан; төмөр замын тээврийн зориулалттай газарт мал бэлчээсэн, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, зориулалтын бус барилга, байгууламж барьсан, объект байрлуулсан, Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх ачиж буулгах, хадгалах журмыг зөрчсөн гэх агуулгатай нийцэхгүй байна. Энэ нь ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд Зам тээвэр хөгжлийн яамны салбар хяналтын газрын Улсын ахлах байцаагч Б.ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудас нь илтэд үндэслэлгүй бодит нөхцөлд тохироогүй буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-ийн зүгээс Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч Б.ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Зөрчлийн ******* дугаартай гомдол мэдээллийн дагуу мэдүүлэг авахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэх тухай Зам тээврийн хөгжлийн яамны 2024 оны ******* дугаартай албан бичгийн дагуу ХХК-ийн 2024 оны 320 дугаартай албан бичгээр томилогдсон Зүтгүүрийн албаны ерөнхий инженер Б.*******гээс холбогдогчоор мэдүүлэг авч, холбогдох хууль, дүрэм журмыг тодорхой танилцуулсны үндсэн дээр шийтгэлийн хуудаст гарын үсэг зуруулсан.

2. № дугаартай шийтгэлийн хуудаст Төмөр замын тээврийн тухай хууль-ийн 27.5.Аюултай бүсийн дэглэм-ийн 2.2 заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл нь

- Төмөр замын тээврийн тухай хууль-ийн 27.5-д Төмөр замын зурвас газар аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ гэж заасны дагуу ХХК-ийн - чиглэлийн төмөр замын зурвас газар, аюултай бүс нь хаалт хамгаалалт хийгдээгүй байсан.

- Аюултай бүсийн дэглэм-ийн 2.2-т Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамаарч дор дурдсан зай хэмжээтэй байна. Үүнд Төмөр замын өртөө хоорондын замд захын зам төмрөөс 5 метр, гэж заасан зайг Төмөр замын тээврийн тухай хууль-ийн 27.5-д заасан заалтаар хаалт хамгаалалт хийгдээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн болно

3. Нэхэмжлэлд дурдсан Зөрчлийн тухай хуулийн агуулгатай нийцэхгүй байна гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад. Хуульд заасныг зөрчиж:

3.1. Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр гишгүүр дээр зорчсон, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төмөр замын гарамгүй гарцаар гаргасан.

3.2. Төмөр замын тээврийн зориулалттай газарт мал бэлчээсэн, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн зориулалтын бүс барилга, байгууламж барьсан объект байрлуулсан. Төмөр замын аюултай ачаа тээвэрлэх ачиж, буулгах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэснийг иш татаж дурдсан нь хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалт байна.

Иймд Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр зам хариуцсан улсын ахлах байцаагч Б. нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсаар ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн зөрчил гаргасан үндэслэлээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Нэхэмжлэгч ХХК-аас ... дээрх үндэслэлүүд нь бодит нөхцөл байдалтай тохироогүй төдийгүй Зөрчлийн тухайн хуулийн 3-т заасан агуулгатай нийцэхгүй байна. Энэ нь ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна гэж, хариуцагчаас ХХК-ийн - чиглэлийн төмөр замын зурвас газар, аюултай бүс нь хаалт, хамгаалалт хийгдээгүй байсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.5-д зааснаар хаалт, хамгаалалт хийгдээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн болно гэж маргажээ.

4. ******* дугаартай Зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзвэл ХХК-ийн ******* *******, ******* илчит тэрэгний машинч Ш.*******, туслах машинч Г.******* нар нь 1073 дугаар галт тэргээр - өртөө хоорондын замын 168-р км-т 42 км/цаг-ийн хурдтай аялж, зам дээр саад /тэмээ/ гарч ирэхэд 14 цаг 26 минутад /илчит тэрэгний хурд хэмжигчийн цаг/ яаралтай тоормос хийж 241 метр зам туулж зогссон үйл баримт тогтоогдож байна.

5. Дээрх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг анх аймаг дахь Цагдаагийн газарт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийн газар үзлэг хийн тэмдэглэл үйлдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон харьяаллын дагуу Зам тээврийн яамны Хяналтын газарт шилжүүлэх санал гаргасныг тус Цагдаагийн газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлснийг Төмөр зам хариуцсан Улсын ахлах байцаагч Б. нь хүлээн авч, улмаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий тоот шийтгэлийн хуудас үйлджээ.

6. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ гэж,

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны дугаар тушаалын хавсралт Аюултай бүсийн дэглэм-ийн 2.2-т Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамаарч дор дурдсан зай хэмжээтэй байна. Үүнд: Төмөр замын өртөө хоорондын замд захын зам төмрөөс 5 метр, Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 5 метр; Зорчигчийн буух, суухад зориулсан нам болон өндөр тавцангийн ирмэгээс дотогш 1.0. метр; тавцангүй буух, суух газарт захын зам төмрөөс 2 метр; томоохон зангилаа өртөөдийн зорчигчийн байгууламжийн хориг хашааны талбайн хэмжээгээр; Ачаа, ачаан тээш, тээш ачих, буулгах талбайн хэмжээгээр, 2.6-д Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн хийгддэг төмөр замыг /салбар зам/ өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалах, аюултай бүсийг хамгаалахад зориулсан хөрөнгийг жил бүр төлөвлөх ба дэглэмийг сахиулах талаар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээх гэж тус тус заажээ.

7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл ХХК нь төмөр замын суурь эзэмшигч байгууллагын хувьд - өртөө хоорондын замын 168 дугаар км-т хориг хашаа барьж, хамгаалах ажлыг хийж гүйцэтгээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд хамаарч байх тул үүнтэй холбогдуулан уг зөрчлийг шалган тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээдийг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагч Төмөр зам хариуцсан Улсын ахлах байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас холбогдох хууль, журамд нийцсэн байна.

8. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны эрх зүйн үндэслэл бодит нөхцөл байдалд тохироогүй, Зөрчлийн тухай хуулийн 3-т заасан ... Хуульд заасныг зөрчиж: Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчсон, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төмөр замын гарамгүй гарцаар гаргасан; төмөр замын тээврийн зориулалттай газарт мал бэлчээсэн, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, зориулалтын бус барилга, байгууламж барьсан, объект байрлуулсан, Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх ачиж, буулгах, хадгалах журмыг зөрчсөн гэх агуулгатай нийцэхгүй байна гэж тайлбарлах боловч хуулийн дээрх заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн зөрчил үйлдсэн этгээдэд хамааруулах боломжгүй.

9. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудаст хамааралгүй хуулийн заалтыг үндэслэсэн, зөрчил гарсан газрын байршлын нэрийг анх гэж байгаад сүүлд Билүүт болж өөрчилсөн, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл дээр холбогдогчдоос мэдүүлэг авахдаа танилцсан хэсэгт гарын үсэг зуруулаагүй, Зөрчлийн хэргийг дуусгавар болгохдоо тус компанид мэдэгдээгүй гэх зэргээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрөх боловч эдгээр нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

10. Түүнчлэн ХХК-ийн холбогдогч нар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг өгсөн гэж гарын үсэг зурсан, хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул холбогдогч нарыг танилцсан холбогдогч хэсэгт гарын үсэг зуруулаагүй нь тэдэнд эрх, үүрэг танилцуулаагүй байна гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Улсын байцаагчийг Зөрчлийн хэргийг дуусгавар болгохдоо холбогдогч компанид мэдэгдэж, танилцуулаагүй гэх тайлбарын тухайд, Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шийтгэлийн хуудаст компанийг төлөөлж эрх бүхий этгээд танилцаж, гарын үсэг зурсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ХХК-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Улсын ахлах байцаагчид холбогдох 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР