Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1196

 

 

 

 

 

 2022           12             15                                        2022/ДШМ/1196                                                                                                 Т  M 546                                  МАЛАЛ

Б.Б-, П.Д-, Б.Б- нарт                                                                                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,  

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,

шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21ий өдрийн 2022/ШЦТ/746 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-, П.Д-, Б.Б- нарт холбогдох 2011000000682 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн Б-, Сэлэнгэ аймагт 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 0/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлсэн.

2. С овгийн П-гийн Д-, Дархан-Уул аймагт 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг,  Баянхонгор аймгийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 0/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан.  

3. Б овгийн Б-ы Б-, Дархан-Уул аймагт 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн 0 оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:0/

Шүүгдэгч Б.Б-, П.Д- нар бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах - үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 137,296,500 төгрөгийн үнэ бүхий алт болон монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд хөрөнгийг авсан,

Шүүгдэгч Б.Б- нь Б.Б-, П.Д- нарыг дээрх гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 200,000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-, П.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-, П.Д- нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Д-ыг 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-, Б.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Д-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 47 хоног, шүүгдэгч Б.Б-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 31 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Д-аас 528,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Х-д, 597,685 төгрөг гаргуулан - ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Б.Б-ын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны Төрийн сан дахь 0 тоот дансанд байршуулсан 1,200,000 төгрөгөөс хохирогч Ш.Х-д 528,000 төгрөг, - ХХК-д 597,685 төгрөг олгохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 200,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн. Би хоёр дүүгийн хамт амьдардаг. Ар гэрийн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, чин сэтгэлээсээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгч П.Д-ын өмгөөлөгч Б.Батсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч П.Д-т шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн.

П.Д- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 283 тоот дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял шийтгүүлсэн боловч уг ялаа эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн П.Д- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тохиолдлын шинж чанартай хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах ялаас доогуур ял шийтгэх албагүй ч хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын дагуу хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хангасан гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч П.Д-ын өмгөөлөгч хохирол төлсөн баримт гаргаж өгч байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Д-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохиролд тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг өөрчлөх шаардлагагүй. Хохирол төлбөр төлөгдсөн талаар холбогдох баримтыг үндэслэн ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэсэн байр суурьтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, П.Д-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б-, П.Д- нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 137,296,500 төгрөгийн үнэ бүхий алт болон монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эд хөрөнгийг авсан, шүүгдэгч Б.Б- нь Б.Б-, П.Д- нарын дээрх гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж тэднээс 200,000 төгрөг авч ашигласан болох нь:

хохирогч С.Б-ийн “... 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед “-” ХХК-ийн менежер нь дэлгүүрт хулгай орсон талаар мэдэгдсэн. Ажил дээрээ ирэхэд миний 39 дүгээр лангуу болон Х, О нарын 18, 19, 20 дугаар лангууг хагалаад дотроос нь үнэт эдлэл хулгайлсан байсан. 151 ширхэг алт, монетан эдлэл хулгайд алдагдсан. Нэмээд эрэгтэй хүний 1, эмэгтэй хүний 2 ширхэг хуримын монетан бөгж, Солонгос монетан ээмэг, бөгж, кулон хослолоос кулон нь үлдээд, ээмэг, бөгж нь байхгүй болсон байсан...” /1-р хх 110-113/,

хохирогч Ш.Х-ийн “... Хулгай орсон талаар мэдээд ажил дээрээ ирэхэд миний түрээслэдэг 19, 20 дугаар лангууны шилийг хагалсан байсан. Мөн манай дүү О-ийн 18 дугаар лангуу, Б-ийн 39 дүгээр лангуунуудыг хагалсан байсан. 62 ширхэг монетан бөгж, 1 ширхэг 18 кратын цагаан алтан бөгж, 6 ширхэг өргөн нарийн монетан гинж, 2 хос монетан ээмэг, 1 ширхэг монетан кулон зэрэг эд зүйлс алдагдсан. Сая хураагдсан эд зүйлсийг үзэхэд миний хувьд 8,8 гр жинтэй монетан гинж 1 ширхэг ор тас байхгүй байна. 17,2 гр жинтэй нэг гинж нь ломбарданд тавьсан байсан...” /1-р хх 119/,

хохирогч Ш.О-ийн “... төрсөн эгч Х над руу залгаад “-” дэлгүүрт хулгай орсон талаар мэдэгдсэн. Ажил дээр ирэхэд миний 18 дугаар лангуу, Х-ийн 19, 20 дугаар лангуу, Б-гийн 39 дүгээр лангууны шилжийг хагалсан байдалтай байсан. Нийт 28 гр жинтэй 7 ширхэг монетан гинж алдагдсан...” /1-р хх 116/,

иргэний нэхэмжлэгч Т.С-ын “... Би “-” барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгчээр ажилладаг. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр П-гийн Д- /0 / гэдэг хүн 585 сорьцтой, 17,2 гр жинтэй монетан гинжийг барьцаалан манай ломбарднаас 4 хувийн хүүтэй 1,150,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүү 45,370 төгрөг нэмэгдэж 1,195,370 төгрөг болж байна...”/1-р хх 127/,

гэрч Ц.М-ын “... 03:06 цагт оператор “Зоос гоёл”-ын дохиолол ажиллаж байгаа талаар мэдэгдэж би шалгасан. Оператороос хаана, аль хэсэгт дохиолол дуугарч байгааг асуухад дотор хөдөлгөөн мэдрэгч ажиллаж байна гэж хэлсэн. Би дахин орж шалгасан. “-” төвийг 2-3 минутын хугацаанд хоёр дахин шалгасан. Тэр үед юу ч мэдэгдээгүй. Гадна цонхыг шалгаагүй. Урд талын хаалгыг хараад буцсан...” /1-р хх 153/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1-р хх 14/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 15-72/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгээс буулгаж авсан гэрэл зургууд /1-р хх 88-91/, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” зочид буудлын 401 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 73-82/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх 92-100/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 181-215/, шүүгдэгч Б.Б-, П.Д-, Б.Б- нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-, П.Д- нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч их хэмжээний эд хөрөнгө авсан, шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авч, ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэлд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Б-, П.Д-, Б.Б- нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг шүүх хэрэглэхдээ тухайн зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасантай харьцуулан дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан нөхцөл байдал нь хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг бүхэлд нь үнэлж шийдвэр гаргана.

Шүүгдэгч П.Д- нь шүүхийн шатанд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд оргон зайлсан хувийн байдалд дүгнэлт хийхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд хохирлоо барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б-, П.Д- нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо нь адил боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн байдлыг харуулах дээрх нөхцөл байдал нь ялыг ялгамжтай оногдуулах үндэслэл болсон байх бөгөөд ийнхүү оногдуулсан ял нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшлахгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч П.Дарханбаатар, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Д- нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,103,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүргийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгөнөөс 528,000 төгрөгийг хохирогч Ш.Ханд-Аюушид, үлдсэн 575,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д олгож, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 22,685 төгрөгийг шүүгдэгч П.Д-аас гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-, П.Д- нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21ий өдрийн 2022/ШЦТ/746 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарын давж заалдах годмлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Д-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүргийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд байршуулсан 1,103,000 төгрөгөөс 528,000 төгрөгийг хохирогч Ш.Х-д, үлдсэн 575,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “-” ХХК-д олгож, шүүгдэгч П.Д-аас 22,685 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “-” ХХК-д олгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, П.Д- нар нь 2022 оны 09 дүгээр сарын 21ий өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН