Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05030

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 182/ШШ2024/05030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................. тоот хаягт оршин суух, У.Б /РД:00000000000/-ны хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д /РД:000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч У.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие хоёр хүүхдийн хамт 2023.05.08-ны өдөр автомашин худалдаж авахаар Toyota Aqua маркийн 2014 үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад импортоор орж ирсэн машиныг зарна гэсэн зарын дагуу 00000000 дугаарын утсаар холбогдож, 1 дүгээр хорооллын 27 дугаар байрны гадаа очиж тухайн машиныг Т.Д-гээс худалдан авсан.

Маргааш өглөө нь автомашинаа угаалгах гээд гартал хянах самбар дээр 4 гэрэл ассан тул компьютер оношилгоонд оруулахаар шийдэн оруултал, тоормосны аппарат эвдэрсэн байна гэсэн. Энэ тухайгаа Т.Д-д хэлэхэд хүлээн зөвшөөрч аваад өгье гэж хэлчхээд өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж хэлээд өгөхгүй зугтаагаад өнөөдрийг хүрч байгаа. Тухайн үед өвлийн 4 дугуй, хаалганы чиптэй удирдлага өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй.

Ингээд бид автомашины тоормосны аппаратыг солиулахад 2,500,000 төгрөг, 4 дугуй авахад 400,000 төгрөг, хаалганы чипний удирдлага солиулахад 100,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгийн зардал гарсныгаа нэхэмжилж шүүхэд хандсан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэсэн учраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан бөгөөд ............ дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Т.Д-г ............ тоот хаягт оршин суудаг болохыг тогтоож өгсөн.

Тэгээд ............ дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байтал яг шүүх хурал болохын өмнө бас алга болчихсон учраас Т.Д нь дээрх хаягт оршин суудаггүй, харъяа шүүхдээ хандаж эрэн сурвалжлуул гэсэн захирамж гарсан тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байгаа юм... гэв.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.27-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,

-............ дүүргийн ............ дүгээр хорооны Засаг даргын 2024.09.27-ны өдрийн 457 тоот У.Б-ы оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 4 х/

-........... дүүргийн ........... дүгээр хорооны Засаг даргын 2024.01.15-ны өдрийн 48 тоот Т.Д-гийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 5 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.06-ны өдрийн 101/ШЗ2024/12805 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-8 х/,

-........... дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.01.15-ны өдрийн 303-3-3/167 тоот албан бичиг /хх-ийн 9 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.17-ны өдрийн 182/ШШ2023/02894 дугаар шийдвэр /хх-ийн 10-12 х/ зэрэг баримтуудыг,

 

3.Тус шүүхийн шүүгчийн 2024.10.04-ний өдрийн 182/ШЗ2024/16716 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагааг шүүхийн журмаар /хх-ийн 18, 19 х/ бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана... гэж тус тус заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа гэсэн үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар У.Б нь шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д-д холбогдуулан Toyota Aqua маркийн автомашины доголдлыг арилгахад гарсан зардал 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах У.Б-ы нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч болохоор байна.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д-г эрэн сурвалжлуулах үндэслэлээ шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлагдаж тогтоосон ............... тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.06-ны өдрийн 101/ШЗ2024/12805 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон гэж тайлбарласан. /хх-ийн 6-8, 9 х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг учраас тус шүүхийн 2024.10.04-ний өдрийн 182/ШЗ2024/16716 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.10.14-ний өдөр 9/12648 тоот албан бичгээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д /РД:000000000/-гийн ................ дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ............... дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа-г тус тус ирүүлжээ. /хх-ийн 17, 18 х/

 

Дээрх лавлагаануудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д нь .............. тоотод оршин суух хаягийн өөрчлөлтийг 2024.04.15-ны өдөр ................... тоот гэж бүртгүүлсэн байх тул энэхүү хаягаар нь 2024.10.18, 2024.10.29-ний өдөр тус тус Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024.10.19-ний өдөр дүү Ц гэх хүн хүлээн авсан, 2024.10.31-ний өдөр Энэ хүн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэв гэсэн Монгол шуудан ХК-ийн шууданчийн магадлагаа ирсэн байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 20, 21 х/

 

Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д /РД:000000000/-г эрэн сурвалжлуулах тухай У.Б-ы хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Т.Д /РД:0000000000/-г эрэн сурвалжлуулах тухай У.Б-ы хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА