Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 201/МА2020/00021

 

С.Оийн нэхэмжлэлтэй, Ц.Хд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дугаар шийдвэртэй, С.О-ийн нэхэмжлэлтэй, Ц.Хт холбогдох  7 274 615 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Хын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 7 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Х багштай олон жил хамт нэг сургуульд ажиллаж байна. 2017 онд Х багш надад мөнгө өсгөх боломж байна. Чи хоёр охиныхоо ирээдүйг бодоод байрны мөнгө олооч чамд хэрэгтэй гээд дахин дахин хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ер нь бол Х багш олон жил ажилласан, нэр хүндтэй, туршлагатай хүн учраас би итгээд 2017 оны 12 сарын 01-ний өдөр ХААН банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авч Х багшийн дансанд 2017 оны 12 сарын 01-ний өдөр 8 001 100 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2018 оны 1 сарын 11-нд 117 015 төгрөг, 2018 оны 1 сарын 20-ны өдөр 274 700 төгрөг, 2018 оны 2 сарын 10-ны өдөр 335 470 төгрөг нийт 726 485 төгрөгийг миний ХААН банкны данс руу Х багш шилжүүлсэн. Түүнээс хойш би мөнгө аваагүй бөгөөд одоог хүртэл зээлээ төлсөөр хохирч байна. Би анхнаасаа Х багштай гэрээ байгуулаагүй учраас хүү, алданги авах эрхээ алдаж байгаагаа ойлгож мэдсэн. Харин Х багшийн дансаар харилцаж 2017 оны 12 сарын 02-ны өдөр 8 001 100 төгрөг шилжүүлсэн тул авсан 726 485 төгрөгөө хасч, зээлийн үлдэгдэл 7 274 615 төгрөгөөр гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Х нь Отэй хамт ажилладаг. О нь зээл авч 8 001 100 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байдаг. Х нь 3 удаа өөрийнхөө данснаас Оийн данс руу 726 485 төгрөг шилжүүлсэн байдаг. Х нь мөнгө өсгөх боломж байна гэж удаа дараа хэлж итгүүлсэн байдаг. Оийн хувьд сүлжээний компанид элсээгүй, харин түүнд мөнгийг нь өсгөж өгнө гэж Х хэлсэн байдаг. Х тайлбартаа түүний шилжүүлсэн мөнгийг цааш нь сүлжээний компаний дансанд хийж аккаунт үүсгэж өгсөн. Өөрөө элсэхийг зөвшөөрсөн гэж ярьж байгаа боловч тэр компанид Оийн дээрх мөнгө орсон гэдэг нь нотлогдоогүй. Харин Хын данс руу шилжүүлсэн байдаг. Оийн хувьд сүлжээний компани руу орсон байж болно. Гэхдээ түүнийг элссэн гэж байгаа биш. Би ч гэсэн тэр компани руу орвол хариу нь надад баярлалаа гэж ирдэг. Иймээс Х нь нэхэмжлэгчид мөнгө өсгөж өгнө гэж итгүүлсэн. Отэй чатаар харилцсан талаар гурван хуудас бичиг шүүхэд авчирч өгч байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир хасуулах хүсэлтэй байна. Мөн Оийг сүлжээний компанид элсүүлээд аккаунт үүсгэж өгөөд өөрөө өөрийнхөө данс руу орж хардаг байсан гэж байгаа боловч Оийн Хын дансанд 8 001 100 төгрөг өгсөн уг компаний данс руу орсон талаар баримт байхгүй. Хариуцагч Хын дансанд мөнгө орсон баримт байгаа. Харин тэр компаний дансанд оруулсан талаар баримт байхгүй. Оийн хувьд ямар данс байгаа мэдэхгүй, мөнгө орсон нь харагддаг байсан. Нотлох баримт байхгүй. Дахин харьцаагүй. Хариуцагчийн шүүхэд өгсөн орчуулагчаар орчуулуулсан бичгүүд нь хуульд заасан нотлох баримт биш учир хасч өгөөч. Харин Х нь гурван удаа данснаасаа Оийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Ер нь Х үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд Хаас авсан 726 485 төгрөгийг хасч үлдэх 7 274 615 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О бид хоёр хамт ажилладаг. Би Улаанбаатар хотод явж байгаад “Макс Молл” дэлгүүрийн дөрвөн давхарт үйл ажиллагаа явуулж байсан гадаадын хөрөнгө оруулалтын “Атлантик Глобал Астект” гэдэг Испани компанид элсэж орсон. Энэ компанид 90-2430 еврогоор элсэж орж байсан. Би эхлээд 90 евро буюу 250 гаруй мянган төгрөгөөр элсэж ороод дахин дахин мөнгө хийж хувьцаа худалдаж авч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авах нь хэрэгтэй байх гэж бодож байсан юм. Ингээд манай ажлынхан миний орсон энэ компаний талаар сонирхоход нь би хэлж өгч, өөрсдөө нэвтэрч чадахгүй байсан учир би өөрийнхөө данс руу мөнгийг нь шилжүүлээд тэр компаний данс руу шилжүүлээд аккаунт үүсгэж өгдөг байсан. Энэ нь тэр компаний данс руу орж өөрийнхөө дансанд байгаа мөнгийг хэр өсөж байгааг харах боломжтой болдог. От би мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж аваад тэр компаний данс руу шилжүүлж өгөөд аккаунт үүсгэж өгөхөд тэр өөрөө данс руугаа ороод өөрийнхөө дансанд байгаа мөнгийг хардаг байсан. Харин 2019 оны 4 сараас эхлээд харагдаж байгаа мөртлөө орж болохгүй болж байгаад 2019 оны 7 сараас эхлээд бүрэн хаагдаж алга болсон. Оийн мөнгийг 2017 оны 2 сард хөрөнгө оруулалттай компанид 7 хоног бүрт ногдол ашиг авдаг, тухайн үед аккаунт үүсгээд харуулж байсан. 8 001 100 төгрөг бол 2430 еврогоор элссэн байгаа юм. Тухайн үед энэ компаний Монгол дахь төлөөлөгч нар нь Б, Ц гээд хүмүүс байсан. Одоо эдгээр хүмүүс нь хаана байгааг мэдэхгүй.Энэ компаний ашгийг картаар гүйлгээ хийж байна гэдэг байсан. О нь аккаунт үүсгээд мөнгөө хараад явж байсан. Өөрсдөө зөвшөөрөөд мөнгө авчирч өгсөн. Сайн дурын үндсэн дээр өөрийнх нь хүссэнээр шилжүүлсэн. Оийг гишүүнээр элсэн ороход миний хувьд компютерт шивж өгөөд аккаунт үүсгүүлсэн. Аккаунт үүсгэнэ гэдэг нь түүнийг гишүүнээр хөрөнгө оруулалт оруулж буй мөнгийг цаад компанид шилжүүлээд цахимаар үүсдэг бүртгэлийг хэлдэг. Энэ бүртгэлээр О нь компанитай харилцаж байсан. Энэ компаниас От мэйл ирж ноогдол ашиг авч байсан. 2019 оны 4 сараас компаний сайт алга болсон. О хөрөнгө оруулалтын компанид элсэн орсон мөнгөө надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Би ч гэсэн хохирчихоод явж байна. Иймд Оийн нэхэмжилж байгаа 7 274 615 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Би энэ мөнгийг хэрэглээгүй.”гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хаас 7 274 615 / долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамжинд 131 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Хаас 131 344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Х 2020 оны 7 сарын 06-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “.... Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс Иргэний хуулийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тэгэхдээ хавтаст хэрэгт цугларсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэлд тусгалгүй нотлох баримтын шаардлага хангаагүй гэж бүхэлд нь үнэлсэнийг зөвшөөрөхгүй байна. С.О нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө “Атлантик глобал астект” хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан биш Х надад мөнгө өгч намайг өсгөж өгч байгаа мэтээр хандсан байна.

Угтаа үйл явдлыг тогтоох шаардлагатай бол С.О нь дээрх компанид элсэн орсон, тэр компанид хөрөнгө оруулж гишүүнээр элссэн болох нь түүний и-мэйл хаягаар ирсэн компанитай харьцаж байсан баримтаар нотлогдож байдаг. Хамгийн гол нь компанид хөрөнгө оруулж аккаунт үүсгэж, гишүүнээр орсны илэрхийлэл компаний хаягнаас ирж буй захидал хөрөнгө оруулсан мэдээлэл, түүнд шилжүүлсэн ногдол ашгийн мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна. Тухайн компаний хаягнаас өөр хэн ч С.Оийн хаяг руу захидал бичиж харилцахгүй. 2017 онд элсэн ороод 2019 оны хавар хаяг нь устаж үгүй болох хүртэл С.О нь хөрөнгө оруулалтаа татан авах, эсвэл хөрөнгө оруулаагүй байна гэж огт хандаж байгаагүй. Харин цахим орчинд тухайн компаний хаяг бүх зүйл устаж алга болсны дараа компанид элсээгүй Хт мөнгө шилжүүлсэн гэж надаас нэхэмжилж байгаа нь юу вэ. Би ч өөрөө хөрөнгө оруулалт хийсэн, адилхан л хохирсон. Би л мөнгөө олж авч байвал Х хохирох хамаагүй гэж хандаж байгаа нь онцгүй л байна. Энэ компани нь цахим гэмт хэрэг үйлдсэн буюу луйврын шинжтэй байсан болохыг бүх юм устсаны дараа бид бүгдээрээ мэдсэн. Даанч дээд талд байх хүмүүс ч гадагшаа гарсан болохоор хаана, хэнд хандахаа мэдэхгүй бид хохироод байна. С.Оийн хувьд иргэний эрх зүйн чадамжтай Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр гэж би үзэж байна. Мөн хуулийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэх бөгөөд “Атлантик глобал астект” компанид гишүүнээр элсэх хүсэлт тавьж компаний дансанд мөнгө нь шилжин орсноор тэр хүнтэй харилцах аккаунт үүсч эргүүлээд ноогдол хувь өгснөөр нөгөө тал буюу хөрөнгө оруулалтын компани С.Оийн хүсэл зоригийг хүлээн авсан гэдэг нь тодорхой байна. Хэрвээ компаний сайт болон бусад мэдээлэл нь устаж үгүй болоогүй бол түүний мөнгийг шилжүүлсэн баримт гарах боломжтой. Гэтэл мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох үр дагавар аккаунт үүссэн, гишүүн болсон, ноогдол ашиг хүртээсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөд байхад үнэлээгүй нь ямар хуулийн дагуу гаргаж байгаа тайлбар вэ. Интернэт орчноос буюу С.Оийн өөрийнх нь и-мэйл хаягийг, түүний ирсэн захиаг шүүхэд өгөхдөө шүүгчийн захирамжаар албан ёсны орчуулга хийлгэсэн хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт. Энэ хаяг С.Оийнх биш гэж маргаагүй.

Үүнээс улбаалан Иргэний хуулийн 41.1, 41.2-д хүсэл зоригийн илэрхийлэл утга ойлгомжгүй бол ... бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Мөн ИХШХШТХ-ийн 37.1, 38.1, 40.1, 40.2 зэрэг заалтуудыг зөрчиж Иргэний хуулийг буруу тайлбарласан байна. Энэ мөнгийг Ц.Х би өөрөө хувьдаа хэрэглээгүй гэж тайлбарлаад шүүхэд гаргаж өгч буй нотлох баримтыг шүүх бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ дутуу хийн хариуцагчийн ИХШХШТХ-ийн 6.3, 25.2.2, 38.1-д заасныг үндэслэн тогтоож чадаагүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдол гаргалаа. Хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ц.Хаас 7 274 615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.О нь гадаадын компанид /хариуцагчийн тайлбараар Атлантик Глобал Астект гэх/  хөрөнгө оруулалт хийхээр 2017 оны 12 сарын 01-ний өдөр 2430 евро буюу 8001 100 төгрөгийг хариуцагч Ц.Хын ХААН банкны .............. тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч Ц.Хын дээрх данснаас 2018 оны 01 сарын 11-нд 117 015 төгрөг, 2018 оны 01 сарын 20-нд 274 700 төгрөг, 02 сарын 10-нд 335 470 төгрөг, нийт 726 485 төгрөгийг нэхэмжлэгч С.От тус тус шилжүүлсэн байна. Энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 4-7 дахь талууд/

Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 8001 100 төгрөгийг гадаадын компанийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тухайлбал ямар компани, хэн гэдэг хүний нэр дээр, аль банкны дансаар, хэзээ гүйлгээ хийсэн тухай баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой атал ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасантай нийцээгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсыг тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 131 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                             Ж.ДОЛГОРМАА

                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ