Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Хохирогч Ц.М /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О, Д.А нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б-д холбогдох 1916001930029 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овогт Б. Б нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч, түүхийн багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн .............. ажиллаж байсан, Өмнөговь аймагт хувийн компанид ажиллаж байгаа, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн .......... сумын .......... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДЭ ..................... регистрийн дугаартай,

 

Б. Б нь Говь-Алтай аймгийн ............ ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “Х” ХХК-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324.......... тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Н бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Э-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 533............. тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ий захирал Ш.Н-ын эхнэр Я.Э бэлнээр авч нийт улсад 40,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Б. Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэг хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б миний биеийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч гэгдэх Ш.Н, Я.Э нар нь надад мөнгө өгсөн гэж мэдүүлдэг боловч мэдүүлгүүд нь дараах зүйлсээр үгүйсгэгдэж, нотлогддоггүй бөгөөд хэргийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадахгүй байхад анхан шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Би өөрийгөө гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэдгээ дараах зүйлсээр тайлбарлаж байна. Үүнд.

1.   Гэрч гэгдэх Ш.Н, Я.Э нарын мэдүүлгүүд нь удаа, дараа өөрчлөгддөг бөгөөд мэдүүлэг өгөх болгондоо өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлсэн байхад анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн мэдүүлгээс зөрөөгүй гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагаанд яагаад өөр, өөр мэдүүлж байсныг анхаараагүй хайнга дүгнэлт хийсэн.

2.   Надад мөнгө өгсөн гэж мэдүүлдэг боловч ямар мөнгө, хаанаас аваад өгсөн талаарх мөнгөний эх сурвалжийг тогтоогоогүй байна. Өөрсдөө орлогоосоо өгсөн гэдэг боловч 10 орчим хоногийн дотор ийм хэмжээний орлого олох боломжтой эсэхийг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй бөгөөд их хэмжээний бэлэн мөнгө байсан гэдгийг батлаагүй. Анхан шатны шүүх нь түүхий эд ноос ноолуур авдаг талаар удаа дараа мэдүүлсэн, үүнийг гэрчилсэн гэрч мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна. Арьс, нэхий түүхий эд авдаг гэсэн гэрчийн мэдүүлэг нь их мөнгөтэй, их хэмжээний бэлэн мөнгө байсан гэдгийг баталж байгаа хэрэг биш юм. Нөгөөтэйгүүр 8 сарын сүүлч бог малын гаралтай түүхий эдийн хувьд хөдөө орон нутагт хамгийн бага байдаг үе юм. Учир ноолуур 5-6 сард гарч дээд ханшандаа хүрч борлуулагддаг. Ноос 6 сарын сүүлээс 7 сарын эхээр гарч зах зээлд борлуулагддаг. Мөн тэмээний ноос, адууны дэл сүүл, үхрийн хөөвөр савга бүгд 5 сард гарч зах зээл дээр борлуулагдаж дуусдаг. Энэ үед хонины ноос ургаагүй арьс, ямааны ноолуур ургаагүй арьс 500-1000 төгрөг байдаг. 500-1000 төгрөгийн арьс авахын тулд гар дээрээ 20-30 сая төгрөг байлгаж байх уу? гэдгийг бодож үзэх шаардлагатай.

3.   Хүнс хөдөө, аж ахуйн газраас Хөх ам булаг ШТС-д гэрээний дагуу орж ирсэн 29 728 000 төгрөгийг Хөх ам булаг Ундрага-Увс ХХК-д шилжүүлсэн байдаг.

4. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь зөвхөн гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлгийг үндэслэн 13.287.000 төгрөгийн бензин авч, үлдэгдлийг намайг авсан гэж үзэж байгаа нь хийсвэр, ташаа дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна. Учир нь хохирогч гэгдэх Ц.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн га-гийн нормын тухай мэдүүлэг, гэрч Ш.Н-ын бензин шатахуун авч байсан талаар өөрийн мэдүүлэг, гэрч гэгдэх Эгийн өдөрт авч байсан шатахууны хэмжээний тухай мэдүүлэг, тракторын жолооч Г, усны тэрэгний жолооч Б нарын мэдүүлэг, жолоочоор ажиллуулах гэрээ, Хөх ам булагтай хийсэн гэрээ, шатахуун олголтын хуудас, улсын байцаагчийн дүгнэлт, төрийн аудитын газрын дүгнэлт зэргийг харж эргэцүүлж бодит дүгнэлт гаргаагүй. Мөн эдгээрээс нь шатахууны хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байгаа. Гэрч гэгдэх Ш.Н, Я.Э нарын мэдүүлгүүд эх сурвалжаа зааж чадахгүй байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй... гэж заасан байдаг. Энэ нь нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтоогоогүй нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх гэрч гэгдэх Э-гийн өмгөөлөгч М нь Э-г мөрдөгч нар цагдан хорьж байгаад дарамталж, айлган сүрдүүлэн, хууран мэхэлж байцаалт авсан талаар аймгийн Прокурорын газар гомдол гаргасан хүсэлтийг анхаарч үзэлгүй зөвхөн Эгийн хоригдож байхдаа өгсөн мэдүүлэг, Г-гийн дахин өгсөн мэдүүлэг, Эийн өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн хэтэрхий нэг талаас харсан дүгнэлт гаргасан. Э-гийн цагдан хоригдож байхдаа өгсөн мэдүүлэг, өмнөх мэдүүлэг болон өмгөөлөгчийн хүсэлт зэргээр үгүйсгэгдэж байгаа. Үүнээс харахад анхан шатны шүүх зөвхөн Б.Б намайг буруутгасан мэдүүлгүүдийг түүж дүгнэлт гаргаж байгаа нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөвийг магадлаагүй, гэрч нарын мэдүүлгийг яагаад үнэн зөв гэж үзэж байгаа талаараа үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, хийсвэр бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргаж байна.

Мөн анхан шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтийг үнэн бодит гарсан эсэх дээр анхаарч үзэж, ач холбогдол өгөлгүй үнэн зөв гэж үзэж дүгнэлт гаргасан нь хангалтгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь шинжээч нь царцаа устгах ажилд ажилласан техникүүдийг хөдөө аж ахуйн техникийн норм стандарт, мотоцагаар тооцолгүй, км-ын норм, стандартаар бодож, замын хуудас хөтлөөгүй гэж үзэж дүгнэлт гаргасан нь шинжээч нь өөрөө хөдөө, аж ахуйн техник тоног төхөөрөмжийн талаарх мэдлэг байхгүйгээс өрөөсгөл дүгнэлт гаргасан байна. Иймээс миний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О, Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тус шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Б.Б Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрийн 16.800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оы 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа Хөх ам булаг ХХК-ийн Хаан банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29.728.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ийн захирал Ш.Н бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16.000.000 төгрөгийг Д.Э-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5333028386 тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4.059.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Нын эхнэр Я.Э бэлнээр авч нийт улсад 40.500.000           төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдалд бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэж Хүнс хөдөэ аж ахуйн газраас “Хөх ам булаг” ХХК-ий дансанд бензин, шатахууны үнэ нэрээр нийт 53.787.000 төгрөг шилжүүлснээс уг компани 13.287.000 төгрөгийн шатахууныг уг ажлын хүрээнд нийлүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь бодитойгоор зарцуулагдаагүй 40.500.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өөртөө шилжүүлэн авч Хүнс, хөдөө аж ахуйн яаманд 40.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтыг тогтоогдож байна гэж үзэн Б.Б гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хэт нэг талыг баримталсан, хийсвэр дүгнэлтийг хийж, Б.Б гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б40.500.000 төгрөгийг гэрч “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н, Я.Э нар нь бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байна гэж хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн бөгөөд хэрэгт гэрч Ш.Н, Я.Э нар нь нийт 5-7 удаагийн давтамжтай, тухайн 5-7 удаагийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, тогтвортой бус мэдүүлж, тухайн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай магадлалаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б гэрч Я.Э, Ш.Н нарын өгсөн гэх мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж өгсөн, мөн тэдний гэрчээр өгсөн мэдүүлэгт авагдсан мэдээллийн эх сурвалжийг заавал тодруулж, хэргийн үйл баримтыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасаар байхад Говь-Алтай аймгийн Прокурорын газраас гэрч Я.Э, Ш.Н нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаад тэдний өмнө өгсөн мэдээлэл болон мэдүүлгийн эх сурвалжийг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсанаар гэрч Я.Э нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “манай нөхөр шатах тослох материалынхаа үнийг аваад үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн гэж хэлсэн” гэж 1-р хх 141-рт,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэхдээ “илүү гарсан 30 гаран сая төгрөг өгсөн талаараа надад хэлсэн”, 1-р хх 156-рт,

-2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ “би 22 сая төгрөгийг бэлнээр орлогоосоо өгсөн...40.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...16 саяыг манай нөхөр шилжүүл гэж хэлсэн...” 1-р хх 174-рт,

-Гэрийнх нь гадаа 22 саяыг бэлнээр өгсөн. ...2,5 саяыг орлогоосоо өгсөн...” гэж 3-р хх 165-рт,

Гэрч Ш.Н-ын 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ “...шатах тослох материалаа тооцож аваад бусдыг нь Б.Б бэлнээр өгсөн...2 удаа өгсөн...” гэж 1-р хх 144-рт,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “тооцоо дуусаад дэвтрээ устгасан, 34-35 саяыг ажил дээр нь бэлнээр 2 удаагийн давтамжтай өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна... эхнэр мэдэж байгаа..” гэж 1-р хх 153-рт,

-2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ: “мөнгө шилжүүлсний дараа 22 саяыг бэлнээр авмаар байна гэхээр нь аймгийн төвд 22 саяыг бэлнээр ажлын өрөөнд нь аваачиж өгсөн... дараа нь 16 саяыг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн... 2.500.000 төгрөгийг манай эхнэрээс бэлнээр ирж авсан 40.500.000 төгрөгийг өгсөн үүнээс 24.500.000 төгрөгийг бэлнээр... ” гэж 2-р хх 172-рт

-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ “...16 сая төгрөг эхнэртээ шилжүүл гэж хэлээгүй андуурсан байна. ...над руу удаа дараа ярьсан...” гэж 3-р хх 12-рт,

-Гэрийнх нь гадаа 22 саяыг эхнэртэйгээ аваачиж өгсөн...” гэж 3-р хх 155-рт тус тус мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүдээс харахад Ш.Н-ын эхнэр Я.Э нь анх мэдүүлэг өгөхдөө Б.Б ямар нэгэн байдлаар бэлнээр мөнгө өгсөн талаараа огт мэдэхгүй нөхрөөсөө сонссон, нөхөр л тэгж хэлсэн гэж мэдүүлж байснаа сүүлдээ 22.000.000 төгрөгийг өөрөө өгсөн ажил дээр нь буюу Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газар дээр ажлын өрөөнд нь, дараа нь гэрт нь аваачиж өгсөн гэж анх өгсөн мэдүүлгээсээ тэс өөрөөр мэдүүлдэг.

Мөн 16 сая төгрөгийг анх манай нөхөр шилжүүл гэж хэлэхээр нь би шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд нөхөр Ш.Н нь 16 сая төгрөг эхнэртээ шилжүүл гэж хэлээгүй гэж мэдүүлсэн

Шүүхийн хэлэлцүүлэгт ч гэрч Ш.Н, Я.Э нар нь биечлэн ирж мэдүүлэг өгсөн боловч өмнө нь 5-7 удаагийн мэдүүлгийн зөрүү арилаагүй, мэдээлэп, мэдүүлгийн эх сурвалжийг тогтоогдоогүй байхад шүүх дахин Б.Б гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1. 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Б.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг шалган тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй бүрэн дүүрэн тогтоогоогүй бөгөөд зөвхөн хууль сануулж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг үнэн зөв, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох учир худал ч мэдүүлэг өгч болно гэсэн хэт нэг талыг баримталсан дүгнэлтээрээ тухайн хэргийг шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хөх ам булаг” ХХК нь 3 жилийн татварын тайлангаас дунджилж үзэхэд жилдээ 10-15 сая төгрөгийн ашиг орлого олдог, 2017 оны борлуулалтын орлого 60 гаруй сая төгрөг байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь шатах, тослох материалын захиалга хийж “Ундарга-Увс” ХХК руу шилжүүлсэн нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй бөгөөд гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан учир хуульд нийцсэн гэж үзсэн ч энэ нь гэрч нарыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдгийг нотлохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх дээр холбогдох ажиллагааг буюу гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж болох 40.500.000 төгрөгийг хаанаас, хэзээ ямар байдлаар олсон эсэхийг, гэрч нарын орлогыг шалгах бүрэн боломжтой байхад уг ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр хэргээ шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүгдэгч Б.Б-ийн холбогдож буй хэрэг нь 2017 оны 03 дугаар сард үйлдэгдсэн гэх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэпт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөн найруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно гэж заасан бөгөөд Б.Б холбогдох хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төгссөн, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “...энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Б холбогдох хэргийн санкцийн хувьд 5400 нэгжээс 27000 нэгжээр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ял шийтгэхээр хуульчилсан нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд 5 жил байхаар байна.Тэгэхээр Б.Б холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “Хөх ам булаг” ХХК-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ийн захирал Ш.Н бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Э-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5333028386 тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н-ын эхнэр Я.Э бэлнээр авч нийт улсад 40,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдэж анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж давж заалдах шүүхээс тодорхой ажиллагаа хийгдэхээр магадлалд тусгаж буцаж байсан. Энэ ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Я.Э Ш.Н нар нь шатахуун түгээхээс гадна бүх төрлийн түүхий эдийг 1997 оноос хойш авч ажиллаж байгаа гэж өөрсдөө ярьдаг. Үүнтэй холбоотой сумын хүмүүсээс мэдүүлэг авсан. 2017 онд хүүхэд төрсний дараа хуримтлал хийе гэж данс руу хуримтлал хийсэн гэдэг. Тухайн үеийн нөхцөл байдлаар ................ төгрөгийн хуримтлал үүссэн байсан. Энэ хүмүүс гар дээрээ мөнгөгүй ийм мөнгө өгөх боломжгүй гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Царцаатай тэмцэх ажил зохион байгуулахаар “Хөх ам булаг” ХХК-г сонгон авч гэрээ хэлэлцээр байгуулж ажлыг зохион байгуулж шатахуун, туслах материал авч байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн орсон мөнгөнөөс 40,500,000 төгрөгийг зарцуулна гэдэг байдлаар шилжүүлсэн боловч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бэлнээр болон хүний дансаар шилжүүлэн авч төрд 40,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс хорих ялын санал оруулсан боловч шүүхээс торгуулийн ял оногдуулсан байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тодорхой санал байхгүй. Гэхдээ учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн ............ ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 08 дугаар сарын  09-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт царцаатай химийн аргаар тэмцэх ажлын хүрээнд тус сумын “Х” ХХК-ийн захирал Ш.Н-тай гэрээ байгуулан ажиллаж, уг ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус “Х” ХХК-ы дансанд шилжиж орж ирсэн 29,728,000 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын сүүлээр 22,000,000 төгрөгийг иргэн Я.Э, Ш.Н нараас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............. багийн ... - ... тоот хашааны гадна бэлнээр авсан.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус компаны данс руу Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Я.Эгаар Эийн данс руу 16,000,000 төгрөгийг шилжүүлж, уг данснаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөгийг авсан.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компаны дансанд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Я.Э Говь-Алтай аймгийн ............ сумын ............. багийн иргэн Я.Эгийн гэрийн гадна очиж авсан.

Хүнс хөдөө аж ахуйн газраас “Х” ХХК-ы дансанд бензин, шатахууны үнэ нэрээр нийт 53,787,000 төгрөг шилжүүлснээс уг компани 13,287,000 төгрөгийн шатахууныг уг ажлын хүрээнд нийлүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь бодитойгоор зарцуулагдаагүй 40,500,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өөртөө шилжүүлэн авч Хүнс хөдөө аж ахуйн яаманд 40,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Ш.Н, гэрч Я.Э, гэрч Д.Э, Т.Г, Ш.Э, “Х” ХХК-ы  ХААН банк дахь эзэмшлийн 5324.......... тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Царцаа устгалын ажилд бензин шатахуун нийлүүлэх гэрээ, гэрч Ш.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Д.Эийн ХААН банк дахь эзэмшлийн 5333.............. дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  А/131 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Б-ийн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

2. Хэргийн үйл баримт, яллах нотлох баримтын талаар.

Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалд буюу Говь-Алтай аймгийн ............ ажиллаж байхдаа Хүнс хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд  зохион байгуулж “Х” ХХК-ы эзэмшлийн ХААН банк дахь 5324........... дугаар данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 29,728,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4,059,000 төгрөг тус тус шилжүүлж уг мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газрын жолооч Ш.Эгийн эхнэр Д.Эийн эзэмшлийн ХААН банк дахь 5333................ дугаар дансаар дамжуулан авсан байна.

Энэ үйл баримт нь гэрч Ш.Нын: “Дараа нь 20,000,000 төгрөг шилжиж орж ирсний дараа Б.Б нь 16,000,000 төгрөгийг ХААН банкны 5333............ дугаар данс руу шилжүүл гэж хэлсний дагуу уг мөнгийг хэлсэн данс руу нь шилжүүлсэн” тухай мэдүүлэг

Гэрч Д.Эийн: “ХААН банкинд 5333............ дугаарын данс эзэмшдэг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-нд уг дансанд нь 5324.............. дугаар данснаас Н гэх хүнээс 16,000,000 төгрөгийн орлого орсон байсан. Тухайн үед банкны карт нь нөхөр Ш.Эд нь байсан. Ш.Э нь Б.Бтэй холын төрөл садангийн хамааралтай” тухай мэдүүлэг /2 хх 120, 152/,

Гэрч Ш.Эгийн: “Эхнэр Д.Эийнх нь ХААН банкны 5333............. дугаар данс руу Т сумын шатахуун түгээх газрын эзэн Наас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөг шилжүүлснийг хожим мэдсэн. 2017 оны 10 дугаар сард Б.Б эхнэрийнхээ дансны дугаарыг өгчих гэж хэлж ХААН банкны виза карт дансны дугаарыг аваад 3-4 хоногийн дараа буцааж өгсөн. Б.Б 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 99............. дугаараас 98............. дугаар руу нь залгаж “Эийн данс руу орсон мөнгийг Н авсан гэж хэлээрэй” гэж ярьсан” тухай мэдүүлэг   /2 хх 155, 223/ 

ХААН банк дахь “Х” ХХК-ы эзэмшлийн 5324............. дугаар харилцах данснаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны 5333................. дугаар данс руу 16,000,000 төгрөгийг шатахууны үнэ Н гэсэн утгаар шилжүүлсэн болохыг тусгасан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 104/, 

ХААН банк дахь Д.Эийн эзэмшлийн 5333............. дугаар дансанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны 5324................ данснаас 16,000,000 төгрөгийн орлого Шатахууны үнэ Н гэсэн утгаар орж ирснийг 2017 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд 6 удаагийн зарлагын гүйлгээгээр авсан тухай мэдээллийг агуулсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 245 / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

 

3. Шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, нотлох баримтын талаар.

3.1. Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-ы дансанд шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын сүүлээр 22,000,000 төгрөгийг иргэн Я.Э, Ш.Н нараас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............... багийн ... - ... тоот хашааны гадна бэлнээр авсан,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг бэлнээр Я.Э Говь-Алтай аймгийн Т сумын .............. багт байрлах гэрийнх нь гадна очиж авсан гэдэг нь тогтоогдоогүй эргэлзээтэй байна.

Учир нь прокурор шүүгдэгч Б.Б22,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг бэлнээр авсан гэх үйлдлийг гэрч Я.Э, Ш.Н нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж тайлбарлаж байна.

Гэтэл гэрч Я.Э нь мөрдөн байцаалтад эхний удаа мэдүүлэхдээ: “Манай нөхрийн “Х” компаниар дамжиж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийт 49,728,000 төгрөг шилжиж ирснээс авсан шатах тослох материалынх нь үнийг суутгаж аваад үлдсэн мөнгийг нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.Б бэлнээр өгсөн талаар нөхөр хэлсэн” гэж мэдүүлсэн /1 хх 141-143/,

Гэрч Ш.Н мөрдөн байцаалтад эхний удаа мэдүүлэхдээ: “Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас манай компаний ХААН банк дахь 5324........... дугаар данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-нд 29,728,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-нд 20,000,000 төгрөг орсноос Царцаа устгахад гарсан шатах, тослох материалын зардлаа тооцож аваад бусад мөнгийг нь Б.Б бэлнээр өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна.” гэж мэдүүлсэн /1 хх 144-146/,

Гэрч Ш.Н  хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө: Царцаа устгах ажил хийж байгаа хүмүүс өнжиж хоноод машиныхаа банк, пошикоор аваад явдаг байсан. А-80, дизель түлш авдаг байсан. Яг хэдэн төгрөгөөр тухайн үед нийлүүлснээ сайн санахгүй байна. Өдөр болгон ирж аваагүй. 2.480 литр А-80 шатахуун авсан. Хэдэн литр дизель түлш авсныг санахгүй байна. Тухайн үед тооцооны дэвтэр дээр тооцоо хийж байсан. Тооцоогоо дуусахаар устгасан. Хүнс хөдөө аж ахуйн газрын данснаас манай байгууллагын дансанд 53,787,000 төгрөг орж ирснээс 34-35 сая төгрөгийг Б.Баймгийн төв орж ажил дээр  нь хоёр удаа авч ирж өгсөн. Намайг Б.Бмөнгө өгсөнийг эхнэр бид хоёроос өөр хүн мэдэхгүй.” гэж мэдүүлсэн /1 хх 154-155/,

Гэрч Я.Э мөрдөн байцаалтад 2 дахь удаагаа мэдүүлэхдээ: “Манай нөхөр царцаа устгалын мөнгөнөөс илүү гарсан 30 гаран сая төгрөгийг Б.Б буцааж өгсөн талаар надад хэлсэн” гэж мэдүүлсэн /1 хх 156-157/,

Гэрч Ш.Н гэрчээр 3 дахь удаагаа мэдүүлэхдээ 2019.12.08-ны өдөр: “Тухайн үед А-80 литр нь 1650 төгрөг, дизель түлш литр нь 1850 төгрөгийн үнэтэй байсан. “Хүнс, хөдөө аж ахуйн газарт нийт хэдэн литр түлш нийлүүлэх талаар гэрээнд тусгагдаагүй. Б.Б утсаар ярьж 22,000,000 төгрөгийг бэлнээр авмаар байна гэж хэлсний дагуу аймгийн төв орж Б.Бажлын өрөөнд бэлнээр 22,000,000 төгрөг өгсөн. Манай эхнэр 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн /2 хх 170-171/,

Гэрч Я.Э гэрчээр 3 дахь удаагаа мэдүүлэхдээ: “Б.Б бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг би болон манай нөхөр мэдэж байгаа. Б.Б өөрөө мэдэж байгаа.” гэж мэдүүлсэн /2 хх 174/,

Гэрч Ш.Н гэрчээр 4 дэх удаагаа мэдүүлэг өгөхдөө 2021.03.19-ний өдөр: “2017 оны 8 дугаар сарын 20-д гаргаад ноос ноолуураа тушаах зорилгоор сумаас ганц нэг хүн аваад аймагт ирсэн. Аймаг дээр очсон даруйдаа Б.Бтэй утсаар ярьж гэрийг нь заалгуулаад засмал замын урд талын хашааных нь гадаа 22,000,000 төгрөгийг машины цонхоор өгсөн.” гэж мэдүүсэн. Энэ мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт баталж давтан өгсөн.  /2 хх 150-152/,

Гэрч Я.Э гэрчээр 4 дэх удаагаа мэдүүлэг өгөхдөө: “Би арьс шир, колонкод бэлнээр орж ирсэн орлогын мөнгөнөөсөө Б.Б 2,500,000 төгрөг өгсөн. Царцаа устгалын үеэр манайхаас авсан шатахууны тооцооны үлдэгдэл нь төлөгдөөгүй, дэвтэрт бичигдсэн байсан. Тэгээд машин дотор нь тооцоогоо нийлээд  2,500,000 төгрөг өгөх юм байна гээд бэлнээр өгсөн. ...Б.Б хашаа нь тал руу өгсдөг засмал замын урд талд нүүрний хашаа байсан” гэж мэдүүлсэн /1 хх 164-168 / энэ мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт давтаж өгсөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, Б.О нар: “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ш.Н, Я.Э нар 49,000,000 төгрөг Хүнс хөдөө аж ахуйн газраас орсон гэж мэдүүлдэг” гэтэл 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн баримт авагдсанаас хойш 53 сая болж өөрчлөгдсөн. 07 сарын 01-нээс хойш Я.Э өгсөн болж өөрчлөгдсөн. Мөрдөгчийн даалгаварт /1хх 158/ тусгагдсан ажиллагаа одоог хүртэл хийгдээгүй. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа нь няцаан үгүйсгэгдээгүй байна.

3.2. Түүнчлэн прокурор шүүгдэгч Ш.Н, Я.Э нарын мэдүүлэгт тулгуурлан царцаа устгах ажилд бодитоор зарцуулсан шатах тослох материалын үнэ болон Б.Б үйлдлийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргасан, тодруулбал Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Хөх ам булаг” ХХК-д шилжүүлсэн нийт 53,787,000 төгрөгөөс гэрч Ш.Н, Я.Э нарын шүүгдэгч Б.Б бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэх 40,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, үлдэх 13,287,000 төгрөгийг царцаа устгалын ажилд зарцуулсан гэж дүгнэж байна.

3.3. Энэ тохиолдолд гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлэг нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, царцаа устгалын ажлын шатах тослох материалын зардалд бодитоор зарцуулагдсан мөнгөн дүнг тооцож тогтоох цорын ганц нотлох баримт болж байгаагийн хувьд ямар нэгэн эргэлзээгүй, бүрэн гүйцэд итгэл төрүүлэхүйц, эх сурвалжийг нь магадлаж шалгах боломжтой байх шаардлагатай.  

3.4. Тиймээс давж заалдах шатны шүүхээс урьд нь гэрч нарын мэдүүлэгт авагдсан мэдээллүүдийг шалгаж, магадлахын тулд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

3.5. Гэтэл “Х” ХХК нь царцаа устгах ажилд зориулж бензин, шатах тослох материал худалдахдаа төлбөрийн ямар нэгэн баримт үйлдэж байгаагүй.

3.6. Царцаа устгах ажилд зарцуулахаар худалдан авсан бензин, шатахууны хэмжээ, үнийн дүнг тооцооны дэвтэрт бичиж тэмдэглэдэг байсан гэх боловч уг баримт хэрэгт авагдаагүй, уг баримтаа устгасан гэж гэрч нар мэдүүлсэн.

3.7. Мөн гэрч Ш.Н, Я.Э нарын болон тэдний эрхэлдэг аж ахуйн нэгж болох “Хөх ам булаг” ХХК-ы банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан мэдээлэлд тулгуурлан дүгнэвэл 2016 оны эхнээс 2021 оныг дуустал хугацаанд бензин түлш худалдан борлуулснаас хуримтлагдсан орлогоо бензин түлш худалдан авахад зарцуулж байсан байх бөгөөд хамгийн их мөнгөн дүнгээр бензин түлшний худалдан авалтын үнэ шилжүүлсэн нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “У” ХХК-ы 5800.............. дугаар дансанд “Т Н бензиний үнэ” гэсэн утгаар 36,767,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлэг байна.

Уг мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирснээс хойш 5 хоногийн дараа өөрийн дансны үлдэгдэлтэй нийлүүлэн шилжүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Төрийн байгууллагаас царцаа устгах ажилд зарцуулах бензин шатах тослох материал худалдан авахаар 29,728,000 төгрөг шилжүүлсэн байхад уг ажилд хичнээн төгрөгийн бензин, шатах тослох материал зарцуулагдах нь тодорхойгүй, гэрээгээр энэ талаар тохиролцоогүй байхад уг мөнгийг бүхэлд нь өөрийн аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн худалдан авахад зориулж шилжүүлсэн байдаг.

3.8. Хамгийн сүүлд Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр царцаа устгал гэсэн утгаар шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс нэг хоногийн дараа цалин гаргав гэсэн утгаар 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Гэрч Ш.Н, Я.Э нарын эхний мэдүүлэгт энэ мөнгөний талаар огт дурдагдаагүй байдаг.

3.9. Түүнчлэн гэрч Ш.Н, Я.Э нарын Б.Б бэлэн мөнгө өгсөн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь орон зай, цаг хугацаа, мөнгөний хэмжээний хувьд өөр хоорондоо зөрүүтэй, тэдний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөр бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, эх сурвалжийг нь магадлах аргаар шалгах боломжгүй болсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, үнэлэх шаардлагыг хангаагүй, дээрх гэрч нарын мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй байна.

Аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэх боломжгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан аливаа нотлох баримтад шүүх эргэлзэх эрхтэй бөгөөд эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргахгүй байх үүрэгтэй.

Хэрэгт хавсаргасан баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулдаг.

Мөн гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, зарим төрлийн гэмт хэргийн хувьд зөв зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой.

 

4. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын үндэслэлийн талаар.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгахад шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас царцаа устгах ажлын бензин, шатах тослох материал худалдан авах зорилгоор “Х” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 24,500,000 төгрөгийг бэлнээр авсан талаарх нэр бүхий хоёр гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан хэдий ч уг гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй, уг үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц хэмжээний, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг нь шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд, прокуророос яллаж буй үйлдлүүдийг хийсэн гэдэгт шүүхэд бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий тухайн эргэлзээг шүүх шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан бөгөөд шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэхгүй байх, шүүгдэгчийг таамаглалд үндэслэж хилсээр ял шийтгэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог.

Тиймээс прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрийн  16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулахдаа “Х” ХХК-ы эзэмшлийн Хаан банк дахь 5324001342 дугаар данс руу 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Х” ХХК-ы захирал Ш.Н бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ы захирал Ш.Нын эхнэр Я.Э бэлнээр авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий энэхүү эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Б Говь-Алтай аймгийн ............... ажиллаж байхдаа царцаатай химийн аргаар тэмцэх ажилд зарцуулагдах төрийн байгууллагын мөнгөн хөрөнгөөс 16,000,000 төгрөгийг хувьдаа авсан үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан тушаал хашиж байх үедээ, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эд хөрөнгийн ашиг олох хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, төрийн байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө авч, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирч байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй тохиолдол нь гэмт хэрэг гарсан гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэх нөхцөл байдалд хамаарч байгаа бөгөөд энэ нь шүүгдэгчийн зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад Б.Б-с 16,000,000 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуйн яаманд олгож, нэхэмжлэлээс 24,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О Б.Б холбогдсон хэрэг нь 2017 оны 08 дугаар сард үйлдэгдсэн гэх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолох ёстой. Тиймээс Б.Б холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жил өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох ёстой гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон материаллаг шинжтэй зохицуулалтуудаас гадна уг хугацааг хэрхэн тоолж, тооцох тухай процессын шинжтэй зохицуулалтууд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуучин болон шинэ зохицуулалт нь агуулгын хувьд процессын шинжтэй зохицуулалт тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэргийг шийдвэрлэхэд "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалт хэрэглэгдэнэ.

Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчилнэ.

Тиймээс Б.Б гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн дотор буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын талаарх шийдвэр үндэслэлтэй байгааг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд  гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргаснаар буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй байхаар зохицуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолд “Прокуророос Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916001930029 дугаар эрүүгийн хэргээс Б.Б нь Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрийн  16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулахдаа “Х” ХХК-ы эзэмшлийн Хаан банк дахь 5324............... дугаар данс руу 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Х” ХХК-ы захирал Ш.Н бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ы захирал Ш.Нын эхнэр Я.Э бэлнээр авсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 16,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яаманд олгож, нэхэмжлэлээс 24,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж “А” ХХК-д олгож, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                  ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                         Ч.Э