Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01063

 

                                                                         Э.Алтанхуягийн нэхэмжлэлтэй                                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

           2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1120 дугаар магадлалтай,

           Э.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

           “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-д холбогдох        

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, үр дүнгийн гэрээний урьдчилгаа болгон олгосон 1.050.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанхуяг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад Хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн боловч тохиролцсон урамшуулалт цалингаа өгөхгүй байснаас эрх ашгийн зөрчил үүсч тайлбар хүсэхэд маргаан болон хувирч ажил олгогч тал өөрийн үзэмжээр нотлох баримтгүйгээр бодит байдлыг эсрэгээр нь тайлбарласан шийдвэрүүд гаргасан. Сахилгын нэг зөрчилд буюу ажлын тайлбар тавьснаас үүдэн удирдлагын өөдөөс зүй бус харьцсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулсан, баримтаар нотлогдохгүй үндэслэл дэвшүүлж сахилгын шийтгэлийг ногдуулан ажлаас үндэслэлгүй халсан тул хүний нөөцийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн гаргасан хариу тайлбарт: “Манай компанийн зүгээс Э.Алтанхуягийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хүний нөөцийн газарт ахлах менежерээр авч ажиллуулсан. Байгууллагын хүний нөөцийн ажилтан менежерийн үндсэн үүрэг нь тухай байгууллагад Хөдөлмөрийн хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг зохих ёсоор мөрдүүлэх, ажилтны сахилга бат, ёс зүйг зөв төлөвшүүлэх, байгууллагын соёлыг бүрдүүлэх явдал юм. Гэтэл Э.Алтанхуяг нь эдгээр үндсэн үүргээ үл биелүүлж ирснийг түүнд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах явцад олж мэдсэн. Э.Алтанхуяг нь хүний нөөцийн ахлах менежерээр ажиллахдаа өөрийн хувийн хэргийн бүрдлээ бүрдүүлээгүй, түүний ажил мэргэжил, харилцааны соёл, ёс зүйг тодорхойлох баримтын бүрдлийг бидэнд өгөөгүйгээс манай компани түүний ажил мэргэжил, харилцааны соёл, ёс зүйг мэдэх боломжгүй байдалд орж төөрөгдсөн гэж үздэг. Э.Алтанхуягт сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо тайлбарлахад ерөнхий захирлын зүгээс түүнд өгсөн үндсэн үүрэг групп компанийн нийт ажилтнуудын цалин, урамшууллын системийг боловсронгуй болгох зорилгоор сайжруулах, шинэчлэн батлах ажил байсан юм. Энэхүү ажлын хүрээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж буй ажилтай хэд хэдэн удаа уулзаж танилцсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, алдаатай байсныг засварлах, сайжруулах талаар санал шаардлагыг биелүүлээгүйгээр барахгүй харин ч ерөнхий захиралтай удаа дараа хэрэлдэж, ёс зүйгүй харьцсан үйлдэл гаргасан байдаг. Мөн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 29, хөдөлмөрийн гэрээний 5 дахь заалтыг зөрчсөн тул 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. Э.Алтанхуягийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б-66 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь өмнөх тушаалын үндэслэлтэй холбоогүй, и-мэйлээр үндэслэлгүй зүйл бичиж бусдыг гүтгэн доромжилж, ёс зүйгүй аашилсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 12 дугаар сарын 4, 7-ны өдрүүдэд ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.6.13 дахь заалтыг үндэслэн өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, компанийн өмчлөлийн эд хөрөнгө, түүний дотор нууцын зэрэглэл бүхий мэдээллийн сан бүхий компьютерыг зөвшөөрөлгүй авч явсан, сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус компани нь менежментийн зөвлөгөө үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй компани бөгөөд харилцан хамаарал бүхий компаниуд болох “Монголиан стар дистрибюшн” ХХК, “Монголиан стар интернэшнл” ХХК, “Маэстро файн вайн энд спиритс” ХХК-иудад менежментийн бодлого, удирдлага арга зүйгээр ханган ажилладаг. Компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд бид түүнтэй тодорхой нөхцөлөөр үр дүнгийн урамшууллын буюу групп компанийн ашиг бизнес төлөвлөгөөний 80 хувьд хүрсэн тохиолдолд тус урамшууллын 60 хувийг олгох бөгөөд үлдэгдэл 40 хувийг нэрийн дансанд хадгаламж үүсгэн хадгалж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хугацааны үечлэлтэйгээр олгохоор харилцан тохиролцсон болно. Бид Э.Алтанхуягийн хүсэлтийг үндэслэн гэрээний дагуу олгогдох 60 хувийг буюу 1 050 000 төгрөгийг урьдчилан олгосон боловч 2015 оны тайлангаар нийт групп компанийн ашиг 57.7 хувьтай гарч урамшуулал олгогдохгүй нөхцөл байдал үүссэн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгч Э.Алтанхуяг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “Захирал С.Болормаагийн саналын дагуу бид тохиролцсоны үндсэн дээр үр дүнгийн урамшууллыг хугацааны төгсгөлд бус сар бүр хувьчлан олгож байхаар болсон юм. Энэ миний урьд авч байсан цалин хангамжийн хэмжээнд ойртуулах, сар бүр 3 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн хооронд байлгах зорилготой бөгөөд мөнгөний шаардлага гараад би хүсэлт тавьсан хэрэг биш, тэгээд ч компани ашгийн төлөвлөгөөндөө хүрэхгүй гэдгийг хариуцагч сайн мэдэж байсан нь харагдаж байна. Хэдий тийм боловч 2015 оны 9, 10 дугаар саруудад тооцож үр дүнгийн урамшууллын 1 050 000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд ашиг гараагүй нь тодорхой баримтаар нотлогдвол хасаж тооцуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Алтанхуягийг “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 563 636 төгрөгийг хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Э.Алтанхуягаас 1 050 000 төгрөг гаргуулан хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 183 968 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Алтанхуягаас 29 750 төгрөг гаргуулан хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1120 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “128.1.2” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2” гэж нэмж, 2 дахь заалтын “41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн” гэснийг “41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 750 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-Уул. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийн баримтлан нэхэмжлэгч Э.Алтанхуягийг "Монголиан стар менежмент корпорэшион" ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10.563.636 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1120 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүхүүд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Ажилтан Э.Алтанхуяг нь 2015 оны 12 дугаар сарын 4, 7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.14-т “долоо хоногт хоёр буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан үйлдэл”-ийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Тодруулбал ажилтны өдөр тутмын ирцийн жагсаалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн бүртгэл нь “ирсэн 09 цаг 00 минут, явсан 18 цаг 00 минут” гэж тэмдэглэгдсэн нь эргэлзээтэй, харин бусад өдрийн ирсэн явсан цаг нь “08 цаг 24 минут, 18 цаг 48 минут” гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. Дээрх нөхцөл байдлын хувьд хариуцагч нь “хүний нөөцийн ахлах менежер цагийн бүртгэлийг засах эрхтэй байдаг. Э.Алтанхуяг нь өөрийн цагийн бүртгэлийг зассан” хэмээн маргаж байхад шүүх “2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүтэн ажилласан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Э.Алтанхуягийг тухайн өдөр ажилтай байсан гэх “е-майл” нь нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй дээрх баримтыг үндэслэж, шийдвэр гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

         ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

   Нэхэмжлэгч Э.Алтанхуяг нь хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтанд урьдчилан олгосон урамшуулал 1 050 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тушаалаар Э.Алтанхуягийг хүний нөөцийн ахлах менежерийн ажилд туршилтын журмаар авч, 3 сарын хугацаатай 07 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс жинхлэн ажиллуулахаар 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-64 дүгээр тушаалыг гаргаснаар нэхэмжлэгч нь үндсэн ажилтан болсон байна.

Харин “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.4, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг баримтлан Э.Алтанхуягийг “удаа дараа ерөнхий захиралтай ёс зүйгүй харилцсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй” гэж сарын үндсэн цалинг 20 хувиар, 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б-66 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 12 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд ажил тасалсан, компанийн нууцлал бүхий мэдээлэлтэй зөөврийн компьютерийг дур мэдэн авч явсан зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

           Дээрх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б-66 дугаар тушаалуудад “өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагатайгаа зүй бус харьцаж сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэл  нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба зөрчил гаргасан гэж үзсэн ажлын өдрийг сахилгын шийтгэл ногдуулсан огноотой харьцуулан үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг ажил олгогч зөрчсөн тухай анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.15, 4.1.17 дэх хэсгүүдэд ажилтны эрх, үүргийг тодорхойлсон, 21 дүгээр зүйлийн 21.3.9, 21.3.14 дэх хэсгүүдэд  “компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, үйл ажиллагаанд ноцтой хор уршиг, саад тотгор үүсэхүйц алдаа гаргасан”, “шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш удаа ажил тасалсан бол ноцтой зөрчил гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг  үндэслэл болгожээ.

           Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд ажил тасалсан, тэрээр хүний нөөцийн ахлах менежер учраас цагийн бүртгэлийг засах эрх бүхий этгээд тул 04-ний өдрийн цагийн бүртгэлийг бүтэн ажилласан болгож өөрөө зассан гэж хариуцагч маргасан ч энэ тухайгаа баримтаар нотлоогүй,  Э.Алтанхуягийг  компанийн нууцлал бүхий мэдээлэлтэй зөөврийн компьютерийг дур мэдэн авч явсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй” гэж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Үр дүнгийн урамшууллын гэрээ”-гээр компанийн жилийн ашиг 80 хувьд хүрсэн тохиолдолд ажилтанд жил бүрийн 3 дугаар сард урамшууллын 60 хувийг олгохоор тохиролцсон болон нэхэмжлэгч нь урамшуулал авах хугацаанд ажиллаагүй, урамшуулал олгох хугацаа болоогүй байхад урьдчилж 1 050 000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргахгүй гэж тайлбар гаргасан зэргээс дүгнэвэл сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

           Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 750 төгрөгийг буцаан олгож шийдвэрлээгүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1120 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

           2. Хариуцагч “Монголиан стар менежмент корпорэшион” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 183.968 /нэг зуун наян гурван мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН