Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 31

 

       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байрны 42 тоотод оршин суух Боржгон овогт Гомбосүрэнгийн Алимаагийн нэхэмжлэлтэй,  

        Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох, 

      Нэхэмжлэлийн шаардлага: Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Алимааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алимаа, хариуцагч Хэрлэн сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч, Г.Алимаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Хэрлэн сумын 1-р багт бие даан нэр дэвшихээр шийдэж Сонгуулийн тухай хуулийн 156.2.3-д заасны дагуу бие даан нэр дэвшигчийг дэмжсэн 80 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулж, хуульд заасан материалуудыг бүрдүүлэн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд өгсөн. Гэтэл Хэрлэн сумын Сонгуулийн  хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдан  дэмжигч-сонгогчийн бүртгэл дэх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн тул бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. ...Надад 1-р багийн ард иргэдийн төлөөлөл болон ахмадууд төрсөн багтаа нэр дэвших саналыг тавьсан. Тэр саналыг хүлээн авч төрсөн багтаа бие даан нэр дэвшихээр болж айл өрхөөр  явж  иргэний үнэмлэхийг  нь  харж  байгаад  80 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

      Хариуцагч, Хэрлэн сумын Сонгуулийн хорооны дарга Л.Ганзориг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Алимаа нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэхээр 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгуулийн хороонд бие даан нэр дэвшигчийн материалуудыг бүрдүүлэн өгсөн. Дээрх материалуудыг Сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь заалтын дагуу дэмжигч-сонгогчийн бүртгэл дэх иргэдийн гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн шалгаж, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгасан болно. ...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д сонгогчдын гарын үсгийг хуурамчаар үйлдэх нь нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах үндэслэл болох тул Сонгуулийн хороо тогтоол гаргасан гэв.

      Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Алимаа нь тус шүүхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн “Бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

        Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 125 дугаар зүйлийн 125.4 дэх хэсэгт зааснаар орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, тухайн аймагт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байхыг хуулиар тогтоосон.

      Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч Г.Алимаа нь энэ хуулиар тогтоосон нийтлэг болон тусгай шаардлагуудыг бүрэн хангасан, сонгуулийн эрх бүхий иргэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Бие даан нэр дэвшигч Г.Алимаа нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар зэрэг бие даагчын бүрдүүлбэл зохих баримтуудыг хуульд заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Хэрлэн сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч Гомбосүрэнгийн Алимаа нь дэмжигч-сонгогчдын бүртгэл дэх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн тул бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай” гэсэн шийдвэрийг гаргасан.

            Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-д сумын хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна гэж хуульчилсан байна.

            Бие даан нэр дэвшигч Г.Алимаа нь дээрхи хуулийн заалтын дагуу нийт 80 дэмжигч сонгогчын гарын үсэг зуруулсан байх бөгөөд үүнээс Намхайн Сиймаа, Доржийн Хажидмаа, Дугаржавын Насанжаргал, Цэндийн Зэсэм, Санжаагийн Машбаяр, Баяраагийн Бумбилэг нарын гарын үсэг хуурамч болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэвч цаана нь 51-ээс дээш сонгогч дэмжигчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байх бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний  “сонгогдох” эрхийг хэтэрхий хязгарласан шийдвэрийг сумын Сонгуулийн хороо гаргасан байна.

     Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийг бүртгэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэж, Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний “сонгогдох эрх”-ийг нь бүрэн хангаж, ажиллах ёстой байсан.

     Бие даан нэр дэвшигч Г.Алимаа нь хууль ёсны сонгуулийн эрх бүхий 51-ээс дээш сонгогчын дэмжлэгийг авсан байхад Хэрлэн сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3 дахь заалтыг зөрчиж, Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний  сонгогдох эрхийг зөрчиж, сонгуулийн үндсэн зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан байна гэж шүүх үзлээ.

          Иймд Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн “Бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Алимааг  Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.3, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1.4.а дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Г.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Алимааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Алимаад олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ