Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 286

 

Д.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар магадлалтай, Д.Бт холбогдох 1809036340885 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5  дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2006 оны 11 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 240.000 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас нийт 235.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид төлсөн хөлсийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Магадлалын тодорхойлох хэсэгт Прокуророос Д.Бииг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод Б.Дтай маргалдаж, нүүр рүү өшиглөж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж гэмт хэргийн үйл баримтыг тогтоосноос үзэхэд агуулгын хувьд зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Бийн Б.Дын нүүр рүү нэг удаа өшиглөсөн үйлдлээс шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хохирогчийн биед учирсан гэх дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхээр байх ба эдгээр гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, биеийн аль хэсэгт байдаг эд эрхтнүүдэд ямар гэмтлүүд, ямар хүчний үйлчлэлээр учирсан талаарх нөхцөл байдлыг шинжээч эмчээс асуух болон шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй байна" гэж дүгнэсэн байна. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн 9439 тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн байна. Мөн тус дүгнэлтэд баруун нүдний ухархайн хана 1,1 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.5 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай, зүүн талд эгэм яс их биеийн дунд 1/3 хэсгээрээ зөрөөтэй бороолсон хуучин хугаралтай. Өвчүү ясны их биеийн дээд 1/3 хэсгээрээ зөрөөгүй бороолсон хуучин хугаралтай. Зүүн талд дунд хавирга зөрөөтэй хөндлөн бороолсон хуучин хугаралтай” гэжээ.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би нэг удаа өшиглөсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэг бус удаа цохисон гэсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс нэг удаа өшиглөсний улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнээгүй болно.

Эрүүгийн хуулийн 7.4 зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байна. Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Магадлалын тодорхойлох хэсэгт “хохирогчийн амь нас хохирсон байх бөгөөд ямар учир шалтгааны улмаас хохирогч нас барсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар Д.Б Б.Дыг зодож түүнийг хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан болон бусад бичгийн нотлох баримтаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байгаа нь шинжээчийн дүгнэлт эрэглзээгүй үнэн зөв тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Мөн хохирогч 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Д.Хт зодуулж, гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 320 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаж өгөхгэж заажээ. Гэтэл Д.Бт холбогдох хэргийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган прокурорт шилжүүлсэн ба прокурор хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хохирогч Д.Д шинжээчийн дүгнэлттэй танилцсан байх ба энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй болно. Хохирогчийн ар гэрийн зүгээс хууль ёсны төлөөлөгч тогтоолгох талаар шүүхийн шатанд хүсэлт гаргасан байдаг. Иймд шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, тус хуулийн 8 дугаар бүлэгт заасан хохирогчийн бүхий л эрх, үүргийг хууль ёсны төлөөлөгч М.Ад эдлүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар гомдол хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хохирогч хэргийн талаар мэдүүлэг өгч, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцаж, санал гомдолгүй гэсэн, мөн хэргийн материалтай танилцсан талаарх тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байна. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-46 тоотод Б.Д, Д.Х нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үед Б.Д нь Д.Бт хандаж “Чи хүний эхнэртэй орооцолдоод арай дэндэж байна” гэж өөрийг нь буруутган хэлсэн үгэнд уурлан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг судалж үзэхэд хохирогч Б.Дын биед учирсан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9439 тоот шинжээчийн дүгнэлтийг /хх-31/ үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар өөрийн хамтран амьдрагч Б.Дыг зодож, биед нь олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэм буруутайд тооцсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс “хохирогч Б.Дын биед учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, биеийн аль хэсэгт байдаг эд эрхтнүүдэд ямар гэмтлүүд, ямар хүчний үйлчлэлээр учирсан талаарх нөхцөл байдлыг шинжээч эмчээс асуух болон шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэх явуулах үед хохирогч Д.Д 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон тул түүний хүү М.Аийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан нь зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                 ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                                                                Д.ГАНЗОРИГ

                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН