| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/1417/и |
| Дугаар | 155/ШШ2016/00084 |
| Огноо | 2016-01-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөх нохой Д.Б-гийн
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2015/1417/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д-н Б- нь 1971 оны 10-р сарын 01-нээс Ц сумын Энэгдэлд туслах малчнаар элсэн орсон юм. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад миний жинхэнэ нэр Б-г тухайн дэвтэр олгогч манай нутагт дууддаг нэрээр буюу Б гэж олгосон байсан. Тухайн үед үүнийг анзаарч байсан боловч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн. Харин одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Д-ийн Б гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Д-ийн Б-гээр тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд 1971 оны 10 сарын 01-нд Д-ийн Б нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг Д-ийн Б-гээр тогтоож өгнө үү. Мөн би Ц сумын Э-нэгдэлд 1971 оны 10 сарын 01-нээс туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчин, үхэрчнээр нэгдэл тартал ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Д.Б- миний бие Ц сумын Энэгдэлд 1971 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зуун санж Д-ийн Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ах Д.Б- Х аймгийн Ц сумын Энэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс элсэн орж ажиллаж байгаад 1973 оны 10 сард цэрэгт татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан ба нэгдэлд ажиллаж байх хугацаандаа авсан хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн үед нутгийн хүмүүсийн дууддаг байсан нэрээр буюу Д.Б гэж бичигдсэн байсан юм. Иймд Д.Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Б- нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д.Б- нь Х аймгийн Ц сумын Э нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д-ийн Бямбын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Отгонсүрэнгийн Д.Б- бид хоёр нэг дор Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 4 дүгээр бригадад 1971 оноос эхлэн хурга маллаж байгаад сүүлд хонь малласан. 1974 оноос 1977 оны хооронд цэрэгт явж ирээд тус нэгдэлдээ хурга, төлөг, эм хонь зэргийг маллаж байсан. Хургыг нь 600 толгой, эм хонийг 400 толгой хүртэл маллаж байсан. Д.Б- нэгдэл тартал тасралтгүй хонь маллаж байсан. Би Х аймгийн Ц сумын Энэгдэлд 1965 оноос нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан. Д.Б-г манай нутгийнхан Ба гэж дууддаг байсан. Миний тухайд Б гэдгээр нь сайн мэднэ. Нутгийнхэн нь бүгд л Ба гэж дууддагаас болж нэр нь зөрсөн байх... гэх мэдүүлэг, гэрч С.Цэрэнгийн Д.Б- нь 1971 оноос 1974 он хүртэл Х аймгийн Ц сумын Энэгдэлд туслах малчнаар ажиллаж байгаад 1974 оноос 1977 оны хооронд цэргийн алба хааж ирээд мөн тус нэгдэлд хоньчин, үхэрчнээр 1992 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал ажиллаж байсан. Би Х аймгийн Ц сумын Энэгдэлд 1960 оноос нэгдэл тартал мал тууж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч Д.Б-гийн Х аймгийн Ц сумын Э нэгдлээс Д-ийн Б нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Хөх нохой Д-ийн Б-гийн Х аймгийн Ц сумын Э нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Ц сумын Э нэгдлээс Д-ийн Б нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ