Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0984/З |
Дугаар | 128/ШШ2024/0626 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0626
2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2024/0626 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бат үүжин эрдэнэ ХХК /РД:6208754/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Мөнхдаваа,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харъяа тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мэргэндарь нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрыг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Бат үүжин эрдэнэ ХХК нь тус шүүхэд Байгаль орчин, яалал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд Бат үүжин эрдэнэ ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, оторлох зориулалтаар ашиглуулах эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах гэж тодорхойлж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын Бат үүжин эрдэнэ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2. Нэхэмжлэгч Бат үүжин эрдэнэ ХХК нь Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1145 тоот албан бичгийг авч, шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1 Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/378 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх нэртэй 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон,
3.2 Тухайн үедээ нийтийг хамарсан хөл хорионы улмаас нэг хэсэгтээ үйл ажиллагаа явуулж чадаагүй байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ өгөөд, энэ байгууллагаас гарын үсэг зурсан боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй,
3.3 Манай компани тухайн газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тайланг хийлгэж, концепт төсөл, загвар зургаа зохих зардлаар хийлгэж байх үед Нийслэлийн Засаг даргаас тухайн газрыг бусдад олгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 6 дугаар сар хүртэл маргаан үргэлжилсэн тул гуравласан гэрээгээ байгуулах хүсэлтээ холбогдох баримтын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн,
3.4 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гуравласан гэрээг хуучин хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар байгуулдаг байсныг өөрчлөөд одоогийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулдаг болсон,
3.5 Гэтэл Шүүх дээр маргаан явагдаж байх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр Бат үүжин эрдэнэ ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, яамны харьяа хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/143 тоот албан бичгээр газрыг хүчингүй болгож, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн нь компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бат үүжин эрдэнэ ХХК-иас гуравласан гэрээгээ байгуулах хүсэлтээ холбогдох баримтын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. Тухайн үедээ энэ хүсэлтийг өгөхөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга М.Ганзориг гэдэг хүн компанид баяр хүргээд, энэ газрын талаар яам, Нийслэл 2 олон жил маргасан. Танай компани энэ маргааныг эцэслэн шийдээд яамны эрх хэмжээ гэдгийг нь тогтоосон байна. Энийг би сайдад танилцуулъя, баяр хүргэе гээд гэрээг аваад, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гуравласан гэрээнд гарын үсэг зураад манайд нэг хувийг нь өгөөд, яамны сайдад хүргүүлсэн байгаа юм. Гэтэл яамнаас хариу өгдөггүй, гуравласан гэрээ байгуулах хугацаа нь дуусчхаад байхад хариу өгдөггүй. 2023 оны 9 сарын эхээр яамнаас лавлахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гэрээ хариуцсан мэргэжилтэн н.Нарангэрэл хэлэхдээ танайх хурлаар ороогүй байна. Сайд энэ материалуудыг чинь авчхаад судална гээд байсан. Компаниуд энэ газар дээр манайх танайх гээд маргаад байна. Эрчис проперт ХХК хүсэлт гомдлууд гаргаад байна. Маргаантай байгаад байгаа учраас энэ талаар тодруулъя гээд буцаачихсан байгаа. Хамгаалалтын захиргаанаас асуу гэсэн ийм хариуг тухайн үед өгч байсан.
5. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас асуухад хариу нь яамнаас ирээгүй байна, та нар ер нь шүүхэд хандчихаач ээ гэдэг хариу амаар ярьж байсан. Ингээд хугацаа яваад байсан учраас бид нар аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
6. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрсдөө гарын үсэг зурчихдаг, яамны сайд нь бол энэ дээр зурахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Маргаан бүхий энэ газар Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар биш. Улсын Их Хурлын 1996 оны тогтоолоор тус газар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн газар байна гэдгийг 3 шатны шүүхээс тогтоосон байдаг. Яам үндэслэлгүйгээр гуравласан гэрээнд гарын үсэг зурахгүй буцааж, шүүхийн шийдвэр авч ирсэн тохиолдолд зураад өгье гэдэг ийм хууль бус тайлбар тавьж байгаад бид нар гомдолтой байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гуравласан гэрээг хуучин хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар байгуулдаг байсныг өөрчлөөд одоогийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулдаг болсон. Тухайн үедээ яамыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.
7. Богдхан уул нь нийт 32 амтай. Нэг ам нь Жаргалантын ам. Энэ ам дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа. Уг аманд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд л газар олгох эрх хэмжээтэй болохоос нийслэлийн Засаг дарга уг газарт газар олгох эрх хэмжээ байхгүй.
8. Иймд гуравдагч этгээдэд олгосон газрыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу яамны тушаал шийдвэрүүд хүчин төгөлдөр байна гэдгийг тогтоосон, хууль ёсны дагуу гарсан байна. Гэтэл яамнаас гуравласан гэрээг гарын үсэг зурахгүй, гэрээг буцаагаад эс үйлдэхүй гаргаж байгаа нь энэ компанийн цаашид газрын зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болчхож байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай хамгаалалттай газар нутгийн газарт гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэдэг ийм нэхэмжлэл гаргасан.
9. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүх дээр маргаан явагдаж байх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар нэр бүхий 59 иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгосон байдаг. Үүн дотор Бат үүжин эрдэнэ ХХК-ийн газар эзэмших эрх хамрагдаж байгаа. Ингэснээрээ өнөөдөр компанийн газар эзэмших эрх дуусгавар болчхож байгаа, хүчингүй болгочихсон учраас. Яамны харьяа хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/143 тоот албан бичгээр газрыг хүчингүй болгож, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн байдаг. Ингээд Бат үүжин эрдэнэ ХХК-д шуудангаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албан бичгүүд анх ирүүлснийг мэдсэн. Тэгэхээр энэ компанийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь энэ компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Ер нь 3 шатны шүүхээр манай эзэмшиж байгаа энэ газрыг Богдхан уулын дархан цаазат газар болохыг тогтоож тогтоол гаргасан. Өмнө нь уг хэргийг шийдвэрлэх явцад яамнаас удаа дараа хэд хэдэн бичгүүд шүүхэд ирүүлж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ч гэсэн энэ газар дархан цаазат газрын хязгаарлалтын бүс гэдэг ийм хариу хэдхэн сарын өмнө ирүүлж байснаа шинэ сайд ажлаа авсан даруй гэнэтхэн компанийн газрыг хүчингүй болгосонд компани үнэхээр гомдолтой байгаа юм. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болохыг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор хил заагийг тогтоосон байдаг. Хил заагийг өнөөдөр Улсын Их Хурлаас огт шийдвэрлээгүй байгаа. Гэтэл Засгийн газрын хэд хэдэн сайд хоорондоо албан бичиг шидэлцээд энэ газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт болгоод, ингээд энэ газрыг хурааж хүчингүй болгоно гэдэг бол үнэхээр хууль бус юм. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын Бат үүжин эрдэнэ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагын тухайд эхлээд тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон А/634 дүгээр тушаалтай холбоотой эхлээд тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. А/634 дүгээр тушаал нь Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслээд тушаасан байдаг. Үүнд Нийслэлийн Засаг дарга болон Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслээд 8 дугаар тогтоолын 3, 6, 10, 11 гэсэн тухайн хэсгүүд дээр ерөнхийдөө улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг нарийвчлан тогтоогоод тухайн газрын маргаантай асуудлын хилийн заагийг цэгцлэхийг ерөнхийдөө харьяа газруудад үүрэг болгосон тогтоол байдаг. Мөн Улсын Их Хурлын байнгын хорооны 3 дугаар тогтоолын 2, 4 дүгээр хэсгүүд дээр тухайн хилийн заагийн асуудалтай асуудлыг шийдвэрлэ, хил заагаа нарийвчлан тогтоо гэдэг агуулгаар холбогдох Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг дарга, тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үүрэг болгосон байдаг. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яам руу энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллая, газар ашиглах эрхтэй газруудын жагсаалтыг манайх ирүүлээд солбицлыг тогтоох албан бичгийг явуулаад үүний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд руу албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт ерөнхийдөө тухайн үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой солбицлын цэгүүдийг нарийвчлан тогтоосон. Үүнтэй холбоотой арга хэрэгслүүдийг тухайн ашиглах эрхтэй газруудыг цуцал гэх агуулгатай албан бичиг ирсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулаад Барилга хот байгуулалтын сайдын албан бичгийг дурдвал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийг нарийвчлан тогтоо гэдэг агуулгаар хил заагийг тогтоон, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулаад зурагдсан хил заагийг Газрын шинэтгэлийн үндэсний хуралдаанд хэлэлцүүлэн тэмдэглэж гаргуулсан байна гэдэг агуулгатай албан бичиг ирүүлээд, дээрх ажлын хүрээнд Газар зохион байгуулах геодези, зураг зүйн ерөнхий газраас хуралдаад танилцуулаад, мөн тус хуралдааны дагуу ерөнхийдөө 8 дугаар тогтоол болон 3 дугаар тогтоолууд гарсан байгаа. Тус тогтоолуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргад тогтоол даалгаад, нэгдсэн тэмдэглэл хийгээд хамтарч ажилла. Үүнтэй холбоотой 2019 оны тусгай хамгаалалтын хил заагийг нарийвчилж тогтоочихсон. Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан ажлын хэсэг байгуулаад яаралтай арга хэмжээг авч ажиллуулах үүрэг чиглэлийг өгөөд, үүнтэй холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг даргаас ажлын хэсэг гараад хил заагийг нарийвчлан тогтоогоод, хамаарал бүхий газруудыг тусгай хамгаалалттай газар, Нийслэлд хамаарах газар гэдэг агуулгатайгаар ажлын хэсэг гараад, Бат үүжин эрдэнэ ХХК нийслэлийн Засаг даргад хамааралтай газарт хамаарч, улсын тусгай хамгаалалттай газраас гарч байна.
11. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон 23 дугаар зүйлийн 23.2.4-д зааснаар газар ашиглах эрхтэй этгээд биш гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Байнгын хорооны тогтоол болон тус тус тогтоолуудыг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн улсын хэмжээнд авч буй арга хэмжээг хэрэгжүүлээд, улсын тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй юм байна гэж газрыг цуцалж шийдвэрлэсэн.
Харин гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Тухайн үед Бат үүжин эрдэнэ ХХК-иас гэрээ байгуулах хүсэлтээ өгч байх хугацаанд ажлын хэсэг гараад яг ажлаа хийгээд нэгдсэн шийдвэр бол гараагүй байсан. Тийм учраас гэрээ байгуулах хугацааг хойшлуулаад хил заагийг тодорхой нарийвчилж тогтоосны дараагаар тусгай хамгаалалттай газарт харьяалагдаж байгаа газар мөн байна уу гэж үзсэн тохиолдолд гэрээгээ байгуулъя гэдэг агуулгатай байсан. Гэтэл яг тухайн ажлын хэсэг гараад ирсэн чинь Бат үүжин эрдэнэ ХХК нь өөрөө тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхгүй болоод Нийслэлийн Засаг даргад хамаарал бүхий газартай байгаа учраас энэ дээр бол гэрээ байгуулж ажиллахгүй. Бат үүжин эрдэнэ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон газарт газар ашиглах эрхгүй болчихсон учраас энэ гэрээг байгуулах ямар нэгэн эрх бол үүсэхгүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Бат үүжин эрдэнэ ХХК-ийн гэрээ байгуулах ямар нэгэн эрх үүсэхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Анх Бат үүжин эрдэнэ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.05.21-ний өдрийн А/378 дугаар тушаалаар Хан-уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын ам нэртэй газарт 2 га талбай бүхий газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, оторлох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авч 6208754 тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай авсаны дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ өгч, гэрээнд тус байгууллага гарын үсэг зурж, тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концепц төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс яамнаас гуравласан гэрээг гарын үсэг зурахгүй, гэрээг буцаагаад эс үйлдэхүй гаргаж байгаа нь энэ компанийн цаашид газрын зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай хамгаалалттай газар нутгийн газарт гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж байгаад хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын Бат үүжин эрдэнэ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж, ...манай компани байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт зохих зориулалтын дагуу газрыг авсан, тушаал, гэрчилгээ, кадастр нь гарсан. Бид тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн байхад газрыг хүчингүй болгосон бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна ... гэж, хариуцагчаас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.05.21-ний өдрийн А/378 дугаар бүхий тушаалаар авсан нь хууль зөрчсөн төдийгүй маргаан бүхий газар нь Нийслэлийн газар нутагт харьяалагддаг тул нэхэмжлэгчин газар ашиглах эрхийг зөрчөөгүй... гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
4. Хавтаст хэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон Бат үүжин эрдэнэ ХХК-ийн захирлын гарын үсэгтэй 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргаас баталгаажуулж гарын үсэг зураагүй баримт байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно, 37 дугаар зүйлийн 37.1-д Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан нэмэлт өөрчлөлтөөр гуравласан гэрээг хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулахаар заасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг гэрээг тодруулахаар буцааж, хариуцагч гуравласан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
5. Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дах заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богд хан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 46 дах хэсэгт нэхэмжлэгч Бат үүжин эрдэнэ ХХК-ийн Жаргалантын амны ашиглах эрх бүхий 19998.1м.кв газар орсон байна.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана гээд мөн зүйлийн 3-д хязгаарлалтын бүс, 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 2 дахь хэсэгт ... дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх, 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж зааснаас үзвэл дархан цаазат газар нь тодорхой бүсүүдэд хуваагдах бөгөөд дархан цаазат газарт хамаарах хилийн заагийг Улсын Их Хурлын баталснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох, мөн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээ, чиг үүргийг хуулиар тогтоосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
7. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг-ийг тогтоохдоо тухайн уулын өндөрлөгөөр баримжаалан хилийн заагийг тогтоосон байх бөгөөд түүнд ... Айц уул /1735,2/, түүнээс хойш оргих 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урьд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон ... гэх зэргээр зааснаас үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дугаартай Тусгай хамгаалалтын газар нутгийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал мөн тус яамны сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал гарч, уулын өндөрлөгөөр баримжаалан тогтоосон хилийн заагийг хязгаарлалтын бүс, онгон бүс гэх зэрэг ангиллаар тогтоожээ.
8. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, мөн тус яамны гаргасан нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын лавлагаагаар маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар тайлбарлаж байсан атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг даргаас ажлын хэсэг гараад хил заагийг нарийвчлан тогтоогоод, хамаарал бүхий газруудыг тусгай хамгаалалттай газар, Нийслэлд хамаарах газар гэдэг агуулгатайгаар ажлын хэсэг гараад, Бат үүжин эрдэнэ ХХК-ийн газар нь нийслэлийн Засаг даргад хамааралтай газарт хамаарч, улсын тусгай хамгаалалттай газраас гарч байна... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.
9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 27.9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох, 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус хуульчилсан.
10. Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсан гэх баримтууд хавтаст хэрэгт байгаа боловч энэхүү хилийн цэсийн өөрчлөлтийг Улсын Их хурлаар оруулж хэлэлцүүлэн батлуулаагүй байх тул дээрх захиргааны байгууллагуудыг Улсын Их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
11. Нөгөөтэйгөөр Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг-ийг тогтоосон хилийн цэсийг зөвтгөж дахин 2023 онд залруулсан гэсэн үндэслэлээр 2020 онд буюу хилийн цэст залруулга хийхээс өмнө ашиглах эрх авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
12. Маргаан бүхий газрыг дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байршилтай гэж үзээд хууль журамд заасны дагуу 2020 онд олгогдсон газрыг дээрх захиргааны байгууллагуудын 2023 онд гаргасан шийдвэрийг үндэслэн цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
13. Учир нь нэхэмжлэгч Бат үүжин эрдэнэ ХХК-д маргаан бүхий газрыг ашиглах эрхийг захиргааны байгууллага олгосноор түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.
Жишээ нь: аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концепц төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэж, шүүхээр маргах процесс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэх мэт.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэст оруулж эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд ашиглах эрх авсан газрыг Улсын Их хурлын тогтоол гаргаагүй байхад Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрсөн, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
14. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/378 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосны дагуу нэхэмжлэгч Батүүжин эрдэнэ ХХК-тай гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гурвалсан гэрээг хууль журамд заасны дагуу байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын Бат үүжин эрдэнэ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бат үүжин эрдэнэ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Бат үүжин эрдэнэ ХХК-тай гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гурвалсан гэрээг хууль журамд заасны дагуу байгуулахыг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын Бат үүжин эрдэнэ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ