Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2020/00022

 

Б.З, Т.С нарын нэхэмжлэлтэй, Р.Жд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дугаар шийдвэртэй, Б.З, Т.С нарын нэхэмжлэлтэй, Р.Жд холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Р.Жы гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 8 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгч Б.Згийн төлөөлөгч В.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.З, Т.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажил олгогч эздийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Р.Ж нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч эздийн холбоонд БНСУ-д гэрээт ажиллах хүч гаргах 6 квот өгсөн тул найдвартай 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар гаргаж, ажилд зуучилна. Иймд яг одоо яаралтай мөнгөө шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсний дагуу Б.З, Т.С бид 2019 оны 06 дугаар сард тус бүр 6 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг Р.Жы ХААН банк дахь данс руу шилжүүлж өгсөн. Р.Ж нь гэрээт ажилтнаар 2019 оны 08 дугаар сард гаргана гэж хэлсэн боловч тухайн хугацаандаа гаргаагүй. Юу болсныг тодруулахад 2019 оны 10 дугаар сар гэхэд Солонгос улс руу гарсан байна гэдэг амлалт өгсөн. Гэтэл энэ хэлсэн хугацаандаа мөн гэрээт ажилтнаар гаргаж чадаагүй. Дахин яасан талаар асуухад 2019 оны 12 дугаар сард багтааж гаргана гэсэн боловч бас л мөн гаргаагүй. Ер нь юу болоод байна, яагаад гаргахгүй байна гэдэг талаар өөртэй нь уулзахаар удаа дараа оролдлого хийсэн боловч утсаа авдаггүй, хариу өгөөгүй. Бидний хувьд нэгэнт албаны журмаар гаргах юм чинь гэж бодоод тайван хүлээсэн боловч мөн л утсаа авахгүй байсан учир хэд хэдэн удаа мессеж хүртэл бичиж үлдээж байсан. 2019 оны 12 дугаар сард албаны хурал зөвлөгөөн дээр таарч Солонгос руу гаргах яасан бэ. Арай л удлаа. Бид хуулийн байгууллагад хандлаа гэхэд тэг гэсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагад хандаж бид тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг гаргуулж авсан бөгөөд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй болно. Иймд Б.З, Т.С бидний тус тусын 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг Р.Жаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Згийн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Сын өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төлөөлүүлэгч З нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст нягтлангаар ажилладаг бөгөөд ажил хэргийн танил болох аймгийн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн ажилтай Р.Жтай Мажигцуу гэх хүнээр дамжуулан холбогдсон байдаг. Мажигцуу нь Т.Сын эгч бөгөөд тэрээр бас энэ эгчээрээ дамжуулж Р.Жтай холбогдсон байдаг. Хариуцагч Р.Ж нь Солонгос улсад ажил олгогч эздийн нэгдсэн холбооны албан шугамаар 6 хүнийг гэрээгээр явуулах квот байна гэсний дагуу З нь дүүгээ гаргах зорилгоор 6 сая төгрөгийг яаралтай бүрдүүлж хариуцагч руу шилжүүлсэн. Гэвч Солонгос явуулах асуудал нь худлаа болж мөнгөө буцааж авахаар ярихад 1 сая төгрөгийг Жаргалсайхан нь буцаан шилжүүлсэн. З нь хариуцагчийн Солонгос улс руу гэрээгээр явуулна гэж худлаа хэлж мөнгө авсан үйлдлийг залилан мэхэлсэн гэж үзэж Дорнод аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч энэ нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд иргэний журмаар шийдвэрлүүлэх иргэд хоорондын маргаан байна гэсэн шийдвэр гарсан. Гэрээгээр ажил олгогч эздийн холбооны 6 квотын шугамаар Солонгос улс руу гаргаж өгнө гэж тус бүр 6 сая төгрөгийг авсан нь дансны хуулга, хариуцагчийн өөрийн тайлбараар нотлогдоно. Мөн Улаанбаатар хотод шалгагдаж байгаа гэх эрүүгийн хэрэг нь З, С нарын шилжүүлсэн 12 сая төгрөгийн маргаан биш. Хариуцагчийн өмгөөлөгч эдгээр хүмүүсийн хооронд үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж байна. Талуудын хооронд амаар хэлцэл хийгдсэн, гэвч уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн. Иймд хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтын дагуу хариуцагчийн дансанд 12 сая төгрөг орсноос 2 сая төгрөгийг буцааж, 10 сая төгрөг үлдсэнээр Жаргалсайхан нь үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан байх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Р.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.З, Т.С нар нь энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад мөн өргөдөл гаргасан байдаг. Цагдаагийн газраас 2020 оны 02-р сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан. Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байгаа хэрнээ дахин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм. Энэ хүмүүсийн гаргаж байгаа Солонгос явуулах тухай асуудал үнэн. Гэхдээ миний ажиллаж буй энэ холбоогоор дамжуулж гаргана гэсэн нь худлаа. А, Т нар гэрээт ажилчин гаргана гэж хэлсэн. Тэгээд ч миний дансанд шилжүүлсэн мөнгийг би тэр дор нь Ат шилжүүлсэн. Өөрсдөө Солонгос гаргана гэсэн Атэй уулзаж байсан. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст А гэх эмэгтэйд холбогдуулан 200600694 дугаартай хэрэг, мөн дүүргийн 1-р хэлтэст хэрэг нээгдэж шалгагдаж байгаа юм. Тэгэхээр А нь З, С нарыг хохироосон гэдгээ сайн мэдэж байгаа. Би 2019 оны 5 сард Улаанбаатар хотод сургалтанд суух үеэр А, Т нартай уулзахад намайг Солонгос улс руу явах 6 хүн олоод өгөөч бид гэрээтээр найдвартай Солонгос улс руу гаргаж өгнө гэж ярьсан. Тэгээд би Дорнод аймагт ирээд ажил хэргийн холбоотой Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт очихдоо энэ талаар ярихад М нь би дүүгээ явуулах юмсан гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа М нь З, С нарын хамт ирж надтай уулзаад мөнгөө шилжүүлье гэсэн. Үүний дагуу би А-тэй холбогдоход та өөрийн данс руу мөнгөө шилжүүлээд авчих дараа нь над руу шилжүүлчих гэхээр нь би тухайн үед өөрийн дансаар мөнгийг шилжүүлэн авч тэр даруй А рүү шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарт буцааж өгсөн 1, 1 сая төгрөгийн хувьд тухайн үед А нь уг 1, 1 сая төгрөгүүдийг барьцаанд үлдээе, хүмүүсээ Солонгос руу гаргасны дараа танаас авъя гэсэн. Би З, С нарт хотод очиж сургалтад суух, шалгалт өгөх тухай хэлж байсан бөгөөд тэд хотод очиж сургалтад сууж, шалгалтаа өгсөн гэж би бодож байна. Сүүлд нь Атэй холбогдож нөгөө хүмүүсээ явуулах асуудал юу болсон бэ, Солонгос руу гаргах, гаргахгүй нь хамаагүй ээ, одоо энэ хүмүүсийн мөнгийг нь буцаагаад өгье гэж ярьсан. Миний хувьд өөртөө ашиг олж хөрөнгөжих санаа байгаагүй. Аийн энэ үйлдлээс болж Дорнод аймагт З, С гэх хоёр хүн хохирсон учир энэ асуудлыг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өөрийн биеэр очиж гаргасан. Миний бие эдгээр хүмүүсийг залилах, өөртөө ашиг олж, хүмүүсийг хохироох гэсэн санаа байгаагүй.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Жаас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд 5 000 000 /таван сая/ төгрөгийг, нэхэмжлэгч Т.Ст 5 000 000 /таван сая/ төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Жаас 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З, Т.С нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Ж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь надаас тус тус 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг маргааныг шүүхээс хянан хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Жаас 10 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.З, Т.С нарт тус бүр 5 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хэргийн үйл баримтыг зөв шүүж үнэлээгүй буюу талуудын хоорондын харилцааг буруу илэрхийлэн Р.Ж намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж гомдож байна.

Би Б.Згийн дүү Т.С нарыг өөрөө БНСУ-д гэрээгээр ажиллах хүчээр гаргаж өгнө гэж хэлээгүй. А, Т гэх хүмүүс гэрээт ажилтан гаргах визний эрхтэй гэсэн талаар хэлэхэд тэд өөрсдөө виз гаргуулахаар болсон. Миний зүгээс тэднийг Атэй холбож өгөх дамжуулах үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс миний зүгээс виз гаргаж өгнө гэж огт хэлээгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь БНСУ-д 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар визийг гаргуулах тодорхой үйлдэлийг хийлгэхээр хариуцагч Р.Жтай тохиролцон түүний Хаан банкны ................. тоот данс руу нэхэмжлэгч С нь 6 000 000 төгрөг, З нь 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэж үйл баримтыг зөв шүүсэнгүй. Энэ нь Р.Жыг нэхэмжлэгч нартай мөнгө шилжүүлэн авснаар Солонгост ажиллах хүчээр өөрөө гаргаж өгөх мэт ойлгогдож байна. Үйл явдал харин Р.Ж өөрөө биш А, Т гэх хүн гаргаж өгнө гэсэн байх ба эдгээр хүмүүстэй нэхэмжлэгч нар уулзаж байсан, ярилцаж байсан, шалгалт өгөх, сургалтанд хамрагдах гэхчилэн виз гаргуулах процесст хамтран ажиллаж байсан болохыг шүүхэд тайлбарлан маргадаг. Үүнийгээ нотлон нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь Аийн Хаан банкны дансаар шилжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүгээр Р.Ж би гэрээний үүрэг ч үүсээгүй, огт хүний хөрөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй виз гаргах хүнд нь шилжүүлсэн болохоо нотолж чадсан байтал шүүхээс намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу юм. Ингэж үйл баримтыг шүүхдээ талуудын хүсэл зориг, хэнээр юугаар яаж гүйцэлдүүлэх зорилготой байсан, хэн гаргаж өгөх байсан зэрэгт зөв дүгнэлт хийхгүй, Жаргалсайхан тухайн шилжүүлсэн мөнгийг дансаараа авсан хэдий ч холбогдох хүнд нь шилжүүлсэн баримт нь байсаар байтал шүүхээс Жаргалсайхан нь БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллуулах виз гаргаагүй байх тул уг шилжүүлсэн мөнгийг надаар гаргуулна гэсэн нь давхар намайг хохироож байна. Би виз гаргах Солонгос явуулах үүрэг хүлээгээгүй, би мөнгийг нь өөрөө аваагүй учраас зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь хариуцагч Р.Жаас 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хариуцагч Р.Ж нь “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Ажил олгогч эздийн холбоонд БНСУ-д гэрээт ажиллах хүч гаргах 6 квот өгсөн тул найдвартай 5 жилийн хугацаатай гэрээт ажилтан гаргаж, ажилд зуучлана.” гэж нэхэмжлэгч Б.З, Т.С нараас 2019 оны 06 сард тус бүр 6,0 сая төгрөгийг / нийт 12,0 сая төгрөг/ өөрийн эзэмшдэг ХААН банкны .................. тоот дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 02 сард нэхэмжлэгч нар нь Цагдаагийн байгууллагад хандсанаар хариуцагч Р.Ж нь өөрийн дансанд үлдээсэн 2,0 сая төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд нэг сая, нэг сая төгрөгөөр нь буцаан өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй байна. /5-6,29-30,33-36 дахь талууд/

Хариуцагч Р.Ж нь нэхэмжлэгч нараас авсан мөнгийг А гэдэг хүний дансанд шилжүүлсэн учир би хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч А / гэх хүний/ болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй  байна.  Учир нь нэхэмжлэгч нар Атэй гэрээ байгуулж түүний дансанд мөнгөө шилжүүлэн иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй тул мөнгөө шилжүүлсэн хариуцагч Р.Ж-аас  10,0 сая төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Хариуцагч Р.Ж-ыг энэ харилцаанд ямар ч ашиг сонирхолгүй, зөвхөн зуучлагчийн /дамжуулагч/ үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөнөөс тус бүр 1,0 сая төгрөгийг / нийт 2,0 сая төгрөг/ өөртөө авч үлдэж байгаа явдал нь /одоо барьцаа гэж тайлбарлаж байгаа/ хариуцагч тодорхой ашиг сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байна. Барьцаа гэдэг нь нэхэмжлэгч нар Р.Ж-ны өмнө ямар нэг үүрэг хүлээсэн бол тэр үүргийг гүйцэтгүүлэхийн тулд барьцаа авч болно. Гэтэл тийм шинж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Р.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                             Ж.ДОЛГОРМАА

                                                                             З.ЭНХЦЭЦЭГ