| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06561/И |
| Дугаар | 182/ШШ2024/04907 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04907
2024 11 22 182/ШШ2024/04907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ................... өөрийн байранд байрлах, Г ХК /РД:000000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Э /РД:00000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Р.Э нь 2015 оны 06 сарын 16-ны өдөр ЗГ0000000000 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 8,200,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай цалин барьцаалж авсан.
Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд ................................ тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2024/20001 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдсон.
Иймд Р.Э-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан хуулийн этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2024.07.26-ны өдрийн 317 тоот итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2024.10.24-ний өдрийн 18/04-52024/0509 тоот итгэмжлэл /хх-ийн 5 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.02-ны өдрийн 101/ШЗ2024/20001 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,
-2022.12.16-ны өдрийн 7535 тоот албан бичиг /хх-ийн 8 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.07-ны өдрийн 182/ШШ2022/02156 дугаартай шийдвэр /хх-ийн 9-11 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.07-ны өдрийн 101/ШЗ2022/08563 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 12-13 х/,
-2017.02.21-ний өдрийн ЗГ0000000000-Б дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 14 х/,
-Эргэн төлөлтийн график /хх-ийн 15-16 х/,
-2015.06.16-ны өдрийн ЗГ0000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 17-18 х/,
-Эргэн төлөлтийн график /хх-ийн 19 х/,
-2016.05.31-ний өдрийн ЗГ0000000000-А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 20 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Э-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015.06.16-ны өдрийн ЗГ0000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Э-гийн оршин суух хаягийг ................................ тоот гэж тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 8,759,311 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.02-ны өдрийн 101/ШЗ2024/20001 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Э нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/,
Р.Э нь Г ХК-тай 2015.06.16-ны өдрийн ЗГ0000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2016.05.31-ний өдрийн ЗГ0000000000-А дугаартай Зээлийн гэрээ, 2017.02.21-ний өдрийн ЗГ0000000000-Б дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулан нийт 11,873,354.62 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 14-20 х/,
Р.Э нь 2015.06.16-ны өдрийн ЗГ0000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.02-ны өдрийн 101/ШЗ2024/20001 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Э-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Э /РД:0000000000/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Р.Э-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА