Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.Н-ийн

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01130/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээМиний бие Д.Н нь 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х аймгийн М сумаас Улаанбаатар хот руу жолооч Ч.Б-гийн жолоодсон **** маркын *** улсын дугаартай автомашинаар зорчих үед жолооч Ч.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, миний биед хүнд гэмтэл учруулсан юм. Би уг жолоочоос өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сум дундын *** дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот захирамжаар хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан болно. Иймд хариуцагч болох Х овогт Ч.Б-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Ч.Б- нь зам тээврийн осол гаргаж, Д.Н-гийн биед хүнд гэмтэл учруулсан ба оршин суугаа хаяг, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шилжсэн... гэх бичилттэй 1/1549 дугаартай албан тоотоор тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох үндэслэлтэй байна.

 

Ч.Б- нь Х аймгийн М сумын 9 дүгээр багийн 1-2 тоотод оршин сууж байсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шилжсэн бүртгэлтэй, эрэгтэй, ургийн овог Х*** дугаар регистртэй, түүнтэй холбогдож байсан утас *** болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х овогт Ч.Б-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хотгойд овогт Ч.Б-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг 8 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА