Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А.Д-н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2015/00976/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 оноос 1972 онд Х аймгийн Рсумын бага анги төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Р сумын А нэгдэлд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч А.Д-гийн шүүхэд ирүүлсэн Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны хуулбарууд, баярын бичиг зэрэг баримтанд түүний нэр Д нэрээр бичигдсэн болох нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн РИ60092320 регистрийн дугаартай, А.Д-г 1960/10/20-нд Х аймаг Р сум 114-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 08/000010 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А овогтой Д нь 1960 онд Р суманд төрсөн байх ба тус оны төрөлтийн бүртгэлээс Д гэсэн нэртэй төрөлт байхгүй байна гэх бичилттэй 1/1523 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч А.Д Х аймгийн Р сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Д-гийн 1978 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 3 дугаар сарын 13-ны өдөр А нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, гэрч Х.Сүхбаатарын ...Би Х аймгийн Рсумын Анэгдлийн 1 дүгээр бригадад 1982-1985 онд тракторын жолоочоор...1988 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. А.Д Х аймгийн Р сумын А нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар...тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Лувсаншаравын ...А.Д Х аймгийн Р сумын А нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оноос 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд хүсэлт гаргагч А.Д-гийн Х аймгийн Рсумын Анэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

А.Д-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тус аймгийн Рсумын Анэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул А.Д-д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/324 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн ба хүсэлт гаргагчаас ирүүлсэн Онцгой байдлын албаны архивын лавлагаа нь хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцолмонд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт А.Д-гийн Х аймгийн Р сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА