Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0595/З |
Дугаар | 128/ШШ2024/0634 |
Огноо | 2024-08-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0634
2024 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2024/0634 | Улаанбаатар хот
|
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр
Нэхэмжлэгч: Тэргүүн саруул зам ХХК
Хариуцагч: Сангийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4914 дугаар албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5369 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан татгалзалдаа: Хариуцагчаас шүүхэд гаргасан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбартаа Сангийн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4914 дугаар албан бичгээ тодруулж хариу ирүүлсэн байдаг. Энэ тухай маргаан бүхий 03/4914 тоот албан бичгийн эхний цогцолбор захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ гэж тодорхой дурдсан болно. Тэргүүн саруул зам ХХК-ийн гомдолд дурдсан НХААГ/2024011295 дугаартай Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ-2 тендер шалгаруулалтын 6 дугаар багцад ЗМЗ ХХК-ийн хүргүүлсэн тендерийн хүний нөөцийн мэдээлэл давхардаж байгаа нотлох баримтын шаардлага хангасан баримт бичиг гомдол хянагдаж байгаа тендер шалгаруулалтын хувийн хэрэгт авагдаагүй байсан тул уг асуудлаар захиалагчийг шууд хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байсан. Харин захиалагчийг хуульд заасан хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлж, холбогдох баримт бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргуулж үнэлгээ хийхийг даалгасан нь үндэслэлтэй гэсэн байна. Гомдол хянан шийдвэрлэсэн 03/4914 тоот албан бичигт захиалагч Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтын үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нийтэлснийг 5 дугаар сарын 15-ны өдөр алдаатай гаргасан нь гуйвуулан тайлбарласан явдал биш бөгөөд уг албан бичигтэй холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар илэрхий алдаа гэж үзэж Сангийн яам засварлах боломжтой гэж хариу тайлбартаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл Сангийн яамны шүүхэд өгсөн хариу тайлбартаа Тэргүүн саруул зам ХХК-аас гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэдгээ тодорхой дурдсан байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Тендер шалгаруулалттай гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9-т заасныг хэрэгжүүлэх, холбогдох байгууллагаас тодруулах ажиллагааг бүрэн хийсэн эсэх асуудлаар бие даан хариуцах үүргийг нь захиалагч тал бүрэн хариуцах үүрэгтэй гэдгийг Сангийн яам хариу тайлбартаа дурдсан байна. Холбогдох байгууллагаас тодруулга хийсэн хийгээгүй эсэх асуудлаар Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гомдол гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хариу тайлбараа өгсөн. Хариу тайлбараа дэмжиж байгаа. Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 03/4914 тоот албан бичиг нь тендерт гомдол гаргасан талын гомдлын үндэслэлийг захиалагч талд тодруулга хийж, дахин үнэлгээ хийхийг даалгасан утга бүхий албан бичиг байгаа. Тэрнээс цааших процессыг захиалагч хариуцна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх нэхэмжлэл гаргагч Тэргүүн саруул замХХК-аас, Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4914 дугаар албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5369 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2024/5791 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тэргүүн саруул зам ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.
4. Нэхэмжлэгч Тэргүүн саруул зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
5. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
6. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тэргүүн саруул зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4914 дугаар албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5369 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах С.Болортуяад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ