Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2020/00023

 

Ж.Эы нэхэмжлэлтэй, “........” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00767 дугаар шийдвэртэй, Ж.Эы нэхэмжлэлтэй, “........” ХХК-д холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ж.Эы буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ш.Б-тын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 7 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн “........” ХХК-ийн ачааны машины жолоочоор ажилд орсон бөгөөд тус компанийн захирлын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компанийн захирал Ш.Бын 07 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн тус компанийн жолооч А.А, Б.Д, Б.З, И.М, Ж.Э нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.2.3 заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг 2020.03.30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна. Би компанийн ............... улсын дугаартай 60 тонн даацтай ачааны автомашин жолооддог. Жолооны Е ангилалын эрхтэй мэргэжлийн жолооч юм. Миний бие тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн гэрээний 13.2.3 дахь заалтын юуг нь яаж хэрхэн зөрчсөн, байгууллага энэ талаар ямар үйл ажиллагаа явуулж хянаж шалгасан зэргийг мэдэхгүй. Манай компани ажилчдынхаа 2020 оны 1, 2, 3 дугаар сарын цалинг олгоогүй. Гэтэл бид байгууллагын үйл ажиллагааг алдагдуулалгүй, орлого олох боломжийг хангаж тээвэрлэлтээ тасалдуулалгүй хийсээр байсан. Бид ар гэртэй, цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 11.8 дугаар зүйл, 12.3 дугаар зүйлд заасны дагуу сар бүр авах эрхтэй, компани өгөх үүрэгтэй. Гэтэл хууль зөрчин бидний цалинг олгохгүй байсаар цалингаа авъя гэж шаардлага тавихад шаардлага тавьсан ажилчдыг бөөнөөр нь ямар үндэслэлээр халж байгаагаа мэдэгдээгүй. Энэ талаар тушаалд ч тодорхой биш байна. 3 сарын 25-ны өдөр биднийг ажилд гаргаагүй бөгөөд 27-ны өдөр ажлын байрнаасаа Монгол ажилчид шууд нохой мэт хөөгдсөн. Энэ компани нь Монгол гүйцэтгэх захиралтай боловч бүх зүйл нь Хятад эзний мэдэлд байдаг компани. Бидний цалин хөлс хүртэл валютаар буюу хятадын юаниар тавьж олгогддог. Би хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, гаргасан гэж үзэхгүй байна. Сахилгын зөрчил ч гаргаж байгаагүй. Ажлаас халагдсан ажилчид энэ компанид хамгийн олон жил тогтвор суурьшилтай сайн ажиллаж байсан байгууллагын аварга болж байсан жолооч нар юм. Миний нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлсийг тооцохдоо мөн л нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийж 730 279 төгрөгөөр бичилт хийн энэ мөнгөнөөс шимтгэлийг тооцон шилжүүлдэг. Энэ ч хууль зөрчсөн, ажилчдын эрхийг хохироосон л хэрэг. Энэ цалингаас гадна сар бүр би рейсний мөнгө аваад дундажаар 2 500 000 төгрөгийн цалин авдаг... Цалин хөлсийг гүйцэтгэх захирал бэлэн юаниар гарт олгоод баримтан дээрээ гарын үсэг зуруулдаг. Анх ажилд ороход жолооч нэг бүрээс цалингаас суутган 1500 юанийн барьцааны мөнгө гэж авсан. Гэтэл ажлаас халахдаа барьцааны мөнгийг нэг ч ажилтанд олгоогүй. Ер нь маш их дураараа байдаг. Хаана тээвэрлэлт хий гэнэ бид тэр газарт нь ажлаа хийгээд л явдаг. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч надад нэг хувийг өгөөгүй. Би хэт нэг талыг барьсан, ажилчдыг дорд үзсэн компанийн удирдлагад гомдолтой байна. Иймд үндэслэлгүй халсан “........” ХХК-ийн захирлын 07 тоот тушаалыг хүчингүй болгож, тус компанийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин дунджаар 2 500 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан олгох, цалин хөлсөнд зохих суутгал хийлгэж холбогдох газарт нь шилжүүлэх зэрэг шаардлага бүхий нэхэмжлэлийг маань шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Байгууллагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан нь ажилтны хүсэл зоригоос гадуур хийгдсэн байгаа харагдаж байна. Энэ хүмүүсийг хөдөлмөрийн гэрээг баримтлан халсан гэж тайлбарлаж байна. Байгууллагын хувьд хөдөлмөрийн гэрээн дээрх ноцтой зөрчил гэдгийг баримталсан гэж хэлсэн. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаал дээр тайлбарлаж чадаагүй байгаа нь харагдаж байна. 2017 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш шинэчилсэн зүйл байхгүй байна. Ажилтанд хөдөлмөрийн гэрээний хувийг гардуулаагүй. Нэг хувь үйлдээд өөрсдөө тэрийг хадгалсан байна. Ажил тасалсан, албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэсгийг гол баримт болгож байна. Гэхдээ хөдөлмөрийн гэрээнд тусгасан заалт биш байна гэж үзэж байна. Тиймээс ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Ажилчдын хувьд ажлаа тасалсан зүйл байхгүй. Ачаагаа буулгаад явж байсан болох нь аль аль нотлох баримтаар харагдаж байна. Мөн цалингаа хэдэн сарын турш өгөөгүй байгаа нь давхар нотлогдож байна. Сар бүр цалин тавих үүргээ биелүүлээгүй. Мөн цалингаа шаардах эрх нь хязгаарлагдаагүй. Гэтэл цалин нэхсэнийх нь төлөө ажлаас халаад яваад байж болохгүй. Ж.Эы хувьд үндсэн 730 697 төгрөгийн цалинтай. Үүнээс 600 000 төгрөгийг өөрт нь бэлнээр олгодог. Дээр нь нэмэлтээр рейсний мөнгө, илүү цаг, урамшуулал гээд юаниар сард 2300-2600 гаруй юанийг бэлнээр өгдөг байгаа. Ер нь бол хариуцагч жолооч нартайгаа сард 3000 юаниар цалин хөлс өгөхөөр тохирсон гэдгийг жолооч нар хэлдэг. 2000 юанийг монгол мөнгөөр тооцон ойролцоогоор 700 000 гаруй төгрөгийг үндсэн цалинд, 1000 юанийг нь урамшуулалд олгодог. Үүн дээрээ нэмээд рейсийн тоогоор нэмэлт цалин авахаар тохирсон байгаа юм. 2020 оны ачаа тээвэрлэлт нь 2019 оны ачаа тээвэрлэлтийг бодвол эрс багассан. “........” ХХК-иас гадна өөр түрээсийн машинууд хөлсөлсөн байна. Ингэснээр ажил эрс багассан. Гэхдээ сүүлийн 3 сарын цалингийн дунджаар ажилгүй байсан хугацааны цалинг бодож тооцсон. Үүний дагуу нэхэмжлэлд дурдсан байгаа. Цалинг багасгаж олгосон байгаа нь үндэслэлгүй юм. 3 дугаар сард бүтэн ажилласан. 27-ны өдрийг хүртэл ажлын байран дээрээ бүрэн байсан. Тиймээс дутуу олгогдсон цалин гэж 175 769 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээр нэмээд 2020 оны 04, 05, 06 дугаар сарын цалин 2 192 091 төгрөг, мөн 7 763.2 юанийг нэхэмжилсэн. Юанийн ханшийг 2020.06.28-ны өдрийн хаалтын ханш 398.56 төгрөгөөр тооцон 3 094 101 төгрөгөөр тооцсон. Ингээд нийт 5 461 961 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааг 2020 оны 3 сарын 30-ны өдрөөс 6 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийт 61 хоногийн ажлын өдөр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Э нь 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаагаар жолоочоор түр ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хуулийг үндэслэн жолооч Ж.Эы ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн жолооч Ж.Эыг ажлаас нь чөлөөлсөн тухай 2020.03.30-ны өдрийн 07 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нарийн сайн тусгаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-ийн 2 болон 3 дугаар зүйлүүдэд заасан зөрчлийг ажилтнууд өөрсдөө гаргасан. Гэрч М 23-ны өдөр ачаагаа буулгаж дууссан. Цалин өгнө гэсэн тул уурхай руу очсон гэдгээ хэлсэн. Удирдлагаас ачаагаа буулгаад хүрээд ир гэсэн шаардлагыг зөрчсөн. Хариу хүлээж зогссон. Мөн ажил олгогчийн нэр хүндэд халдсан. Цалин өгөхгүй бол очихгүй гэж удирдлагадаа дарамж шахалт үзүүлсэн. Жолооч нар авто машиныг барьцаалж 48 цагийн турш хөдлөлгүй зогссон нь ажлаа хаяж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйг харуулж байна. Энэ нь “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу автомашины хөдөлгөөнийг хянаж тэмдэглэдэг GPS-ийн тайлангаар харагдаж байна. Мөн дараалсан 3-аас дээш хоног ажлаа хийлгүй ажил тасалсан болохыг ч энэ баримт харуулж байна. Цалингийн хувьд ямартай ч сар бүрт нь өгч байсан. Тодорхой хэмжээгээр хугацаа хэтэрсэн зүйл байгаа. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцоод байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тохирсон байхад илүү цалин нэхэмжилсэн. Мөн урамшуулал олгох, илүү цаг олгох, рейсийн мөнгө олгох талаар гэрээгээр тохироогүй. Аман хэлбэрээр тохирсон. Жолооч нар ажлаа хийгээд сар бүрийн цалингаа авч байсан хэрнээ гэрээгээр тохироогүй мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэмжлэлдээ 2 500 000 төгрөгийн цалин нэхэмжилсэн хэрнээ хурал дээр 5 461 691 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж 2016 оноос хойш 4 жилийн хугацаанд тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно. Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шинь Шинь” ХХК-тай 2020 оны 01 сарын 04-ний өдөр 2020/01 дугаартай Баяжмал тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг гэрээнд манай компани нь “Шинь Шинь” ХХК-ийн Улааны уурхайн гаалийн хяналтын бүсээс Дорнод аймгийн Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд, олборлож битүүмжилсэн баяжмалыг тогтоосон маршрутын дагуу хүргэж өгөх тээвэрлэлтийг бүрэн хариуцахаар тусгагдсан. Нэг удаагийн тээвэрлэлт нь олборлож битүүмжилсэн 52 тонн баяжмалыг ...125 км замыг 5-6 цагийн хугацаанд ямар нэгэн аюулгүй тээвэрлэж гаалийн хяналтын бүсэд буулгаад, буцаж 4-5 цагийн хугацаанд 125 км замыг ачаа тээвэрлэхгүйгээр ...компани дээрээ ирэх үйл явц юм. Энэ ачаа тээвэрлэх үйл явцыг 1 удаагийн тээвэрлэлт буюу 1 рейс гэж тооцдог бөгөөд жолооч нар сард дундажаар 10-12 удаагийн тээвэрлэлт хийдэг. Нэг удаагийн тээвэрлэлт нь 2 хоног бүрэн явж дуусах бөгөөд ашиг нь 1 820 000 төгрөг байдаг бөгөөд үүнийг нарийн тооцвол явах зайн хэмжээ нь 125 км, мөнгөний хэмжээ тонн/км-т 280 төгрөг, нийт тээвэрлэх даац 52 тонн байдаг. Тооцож үзвэл 125 км х 280 төгрөг=35 000 төгрөг х 52 тонн=1 820 000 төгрөг болно. ...Тус компани нь 2020 оны эхээр дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсон боловч 1-3 саруудад ажилчдын цалинг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу олгож байсан. ...үндсэн цалингаас гадна Байгууллагын дотоод журам-ын 9.1 заалтын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч үр дүнгийн шагнал олгож байсан. ...үр дүнгийн шагналыг 1, 2 сард олгож чадаагүй. ...Хариуцагч Ж.Э нь 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутанд Дорнод аймгийн Дашбалбар сумын Улаан уурхайн гаалийн хяналтын бүсээс тээвэрлэлт хийн хөдөлж Дорнод аймгийн Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 18 цаг 34 минутанд очиж баяжмалаа буулгасан. Буулгасны дараа гүйцэтгэх захирал Ш.Б руу ярьж үр дүнгийн урамшуулал өгөхгүй бол бид ажиллахгүй, машинаа Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд орхилоо хэмээн компанийн удирдлагад шахалт үзүүлсэн. Компанийн захирал Ш.Б нь хариуцагч Ж.Э ...нарын 5 жолоочтой удаа дараа утсаар ярьж “та нар ажил хийх боломжгүй бол хариуцсан тээврийн хэрэгслээ кеймп дээр хүргэж өгөх” талаар харилцан ярилцаж 2 өдрийн дараа ...компанийн кеймп дээр 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд очсон. Ж.Э нарын 5 жолооч үр дүнгийн урамшуулал өгөхгүй бол бид ажиллахгүй гэсэн шаардлагыг тавьж ажлын байраа орхиж тээвэрлэлт хийгээгүй. Иймд дээрх 5 жолоочийг 2020 оны 03 сарын 27-ны өдөр ажлын байрыг орхих, цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. ...Дээрх үйлдлүүдийн улмаас 2020 оны 01 сарын 04-ний өдрийн 2020/01 дугаартай Баяжмал тээвэрлэх гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.2.1 заалт зөрчигдөж гэрээ цуцлах зөрчил үүссэн. Мөн компанид тээвэрлэлт хийгдээгүйгээс 3 удаагийн тээвэрлэлтээс олох байсан орлого болох 5 460 000 төгрөгийг олж чадаагүй хохирсон. Хариуцагч Ж.Эы эзэмшиж байсан 80-18 ДОР дугаартай автомашинаар 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 сарын 27-ны өдрийн хооронд 3 удаагийн тээвэрлэлт буюу 3 рейс хийх боломж компанид бүрэн байсан бөгөөд 3 удаагийн тээвэрлэлт нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хийгдээгүй. ...Иймд хариуцагч Ж.Эы буруутай үйл ажиллагаанаас болж компанид орох байсан 5 460 000 төгрөгийн орлогоо олж чадаагүй тул нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Ж.Эаас .................” ХХК нь 5 460 000 төгрөгийн олох байсан орлого гэж нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ...байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаанаас ажилчдыг хохироочихоод ажлаас халагдсан ажилчдаа буруутай мэтээр тээвэрлэлтийн алдагдлын мөнгө нэхэмжилсэн байна. Яг үндсэндээ 2020.03.25-ны өдөр компанийн удирдлагууд өөрсдөө биднийг ажилд гаргаагүй, машиныг маань компанийн хашаанд тавиулчихаад 2 хоног ажиллуулахгүй байлгаж байгаад ажлын байран дээрээс хятад эзний тушаалаар хөөгөөд гаргасан. Тэгээд 03-р сарын 30-ныг хүртэл ажиллуулахгүй, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй. ...Бидний зүгээс ажлыг 1 өдөр ч алдуулаагүй, харин ч ачаагаа буулгаад ирсэний дараа Баяраа дарга өөрөө машинаа тавиад байж бай гэсэн учраас бид машинаа тавьсан. Ийм л асуудал болсон. Бид сайн дураараа ажлаа орхиогүй, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс олгох тухай шаардах эрхтэй. Ингэж шаардлаа гээд бид ажлаа нэг өдөр ч таслаагүй. Харин ч нэгэнт ачсан ачаагаа буулгая гэж бүгд ажлаа хийсэн. Ер нь ажил огт таслаагүй. Өдөр болгон ачаа ачна гэж байдаггүй. Нэг өдөр нь ачаа тээвэрлэлтээ хийнэ. Тэгээд аймагт ирээд ачаагаа буулгаагүй бол хонодог. Тэгээд маргааш нь “Шинь шинь” рүү явдаг. Маргааш нь машины засвар үйлчилгээг хийдэг. Энэ мэтчилэн 3 хоног нэг ажлыг хийдэг. Бид сайн дураараа ажлаа хийгээгүй гэх асуудал байхгүй, ажил таслаагүй, ажлыг маань хийлгээгүй байж хэд хонуулаад шүүхэд нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэл гарган тээвэрлэлтийн алдагдал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00767 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эыг .............. ХХК-ийн жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговорт 4 901 056 төгрөгийг хариуцагч “........” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас олговорт 560 905 төгрөгийг гаргуулах тухай болон тус компанийн захирлын 07 тоот тушаал хүчингүй болгох тухай хэсгүүдийг, мөн хариуцагч “........” ХХК-ийн тус компанид учирсан хохирол буюу орох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Эд олгох 4 901 056 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “........” ХХК-ийн санхүүд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч “........” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, цалин хөлсөнд зохих суутгал хийж, холбогдох газарт шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч “........” ХХК эс зөвшөөрч маргасан, /хх-ийн 1 дэх тал/ мөн  Ж.Эы буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 5460 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.Э эс зөвшөөрч тус тус маргажээ./хх-ийн 51-54 дэх талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг /тухайлбал ХТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 47 дугаар зүйлийн 47.1/ зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хангасан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлий 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зохицуулалттай нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хариуцагч “........” ХХК-ний гүйцэтгэх захирал Ш.Б давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолдоо дурдаагүй байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “........” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “........” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “........” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                                Ж.ДОЛГОРМАА

                                                                                        З.ЭНХЦЭЦЭГ