Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/249

 

 

                                                       

П.Нод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

цагаатгагдсан этгээд П.Нын өмгөөлөгч Б.Очбадар, К.Бауиржан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/753 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар прокурорын эсэргүүцлээр П.Нод холбогдох эрүүгийн 2110000001094 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Пийн Н, 1981 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “А” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч П.Н нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “би төмөр замын тендерт оролцох гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Я.Соос 300.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Голомт банкны И-март салбараас шилжүүлэн авч залилан Я.Сд 300.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Пийн Нод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр П.Ныг цагаатгаж, П.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг анхан шатны шүүх зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн “А” ХХК-ийн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг үндэслэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж тус тус заасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт тусгагдаагүй, үнэн зөв нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, тодруулбал П.Нын мэдүүлэгт нэг ч удаа дурдагдаж байгаагүй гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж зааснаас үзэхэд хэргийн оролцогчоос гаргасан баримт бичгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хүлээн авч хавтаст хэрэгт хавсаргах, ийнхүү хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийж, үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна. Түүнчлэн шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэрээнд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баасанцогт гэх хүн гарын үсэг зурсан нь шүүгдэгч П.Нод холбогдох эрүүгийн хэрэгт ямар байдлаар хамааралтай, уг гэрээг ямар үндэслэлээр хууль ёсны гэж үзсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон байх боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн 29.5.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор О.Доржмаа эсэргүүцэл бичихдээ эсэргүүцлийнхээ үндэслэл болгосон хэсэгтээ анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн баримтыг үндэслэж П.Нод холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэж шүүх шийдвэр гаргах ёстой байтал шүүх хуралдааны шатанд урьд нь П.Нын мэдүүлэг болон хэрэгт авагдаж байгаагүй баримт буюу “А” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан гэрээг шинээр гаргаж өгсөн. Тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч гэрээ байгуулж, үүнийхээ дагуу 300.000.000 төгрөгийг зарцуулсан. Энэ гэрээ өмнө нь нууц гэсэн гэрээ байсан. Энэ гэрээг задруулах юм бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн байсан учраас өнөөдөр шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгч байна гэсэн. Шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгөө захиран зарцуулсан гэж дүгнээд цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Цагаатгах тогтоол нь ямар, ямар нотлох баримтыг үнэлээд, цагаатгах талын баримтуудад тулгуурласан, хэрэгт авагдсан баримтуудаар энэ хүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэсэн гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг бүхэлд нь дэмжин оролцож байна. Миний хувьд цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.Нын өмгөөлөгч Б.Очбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Нтой холбоотой хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр олон удаа хяналтын прокурорт хүсэлт, дээд шатны прокурорт гомдол гаргасан ба энэ талаар материал хэрэгт байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан гэрээний асуудлыг бид хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж өгнө үү, нууцлалын зэрэгтэй учраас бид өөрсдөө гаргаж өгч болохгүй байна. Нууцын зэрэгтэй асуудлыг гаргаад тавихаар П.Нын хувьд төрийн нууцтай холбоотой энэ асуудалд хариуцлагын асуудал яригдах ийм нөхцөл байдал үүсэж байна. Ийм учраас энэ асуудлыг шалгаж өгнө үү гэж хавтаст хэргийн материалд хүсэлт гаргаж өгсөн. Эхний хүсэлтийн дагуу 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаар хүсэлтийг Нямдэлэг прокурорт гаргасан. Хүсэлтийн дагуу ажиллагаа хийгдсэн. Дараа нь энэ хүсэлттэй холбоотой ажиллагаа дутуу хийгдсэн, шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин гаргахад татгалзсан. Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Алтангэрэлд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр дахин гомдол гаргасан. Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан гэрээтэй холбоотой асуудал ярьж байгаа гэхээр анхнаасаа залилах санаа байгаагүй. Төмөр замын тендер юм уу ажил байхгүй байхад “байсан” гээд ярьсан бол хуурч мэхлэх асуудал болж хувирах ёстой. Гэтэл гэрээ хийгдсэн, ажил хийж байна гэдгээ нотлох баримт байна, үүнийг шалгаад өгнө үү гэсэн байдлаар гомдол гаргасан. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гаргасан гомдлыг дээд шатны прокурор хүлээж аваад шалга гэсэн. Шалгаад мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд хавтас хэргийн материалтай танилцахад бид нарын хийлгэх гээд байсан ажиллагаа хийгдээгүй байсан. Тэгээд дахиад хүсэлт өгөхөд прокурор О.Доржмаа татгалзсан. Урьд нь бидний гаргасан гомдлыг хүлээж авч, шалга гэсэн асуудал шалгагдаагүй байна, шалгаж өгнө үү гэхэд Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор, Нийслэлийн ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурор татгалзсан. Бидний урьд нь гаргасан хүсэлтэд Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан гэрээтэй холбоотой энэ асуудлыг шалгаж өгнө үү гэсэн бүхэл юм явагдаж байсан, алийг нь ч шалгаагаагүй. Хэрвээ шалгагдсан бол шүүхийн шатанд бус прокурорын шатанд асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Бидний зүгээс огт яригдаагүй асуудлыг шүүхийн шатанд гаргаж ирж тавиагүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтаар үнэлэх гэж заасан. Шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно. Шүүх хуралдааны тэмдэглэлд бид гэрээг гаргаж өгөөд нотлох баримтаар үнэлүүлье гэдэг асуудлыг тавьж байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тэмдэглэлд тусгагдаад нотлох баримтаар үнэлж байгаа асуудал учраас шүүхээс гаргасан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.Нын өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан уу гэдэг дээр анхаарал хандуулахыг хүсэж байна. Анхан шатны шүүх энэ асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, бодит байдлыг нуугаагүй, бодит байдал нь үнэн байсан юм байна, тухайн үед тендерт орох нөхцөл байдал нь үнэн байсан байна. Үүнийг прокурорын байгууллага шалгаагүй гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч Я.С гэдэг хүнийг хуураад, зохиомол байдлыг зориуд бий болгоод бодит байдлыг нуух замаар гэдэг асуудал байхгүй. 7 хоног гэдэг асуудал анхнаасаа тийм байгаагүй. Амаар хоорондоо тохиролцож “тендерийн ажилд оролцож байгаа, мөнгөө гаргаж ирэхээр буцаагаад өгнө” гэсэн. Тендерийн ажилд оролцож байгаа учраас урьдчилж өөрсдөөсөө мөнгийг гаргаж тодорхой хэмжээгээр зардлуудаа гаргадаг. Ажлаа хийж байх явцдаа мөнгө нь үе шаттай орж ирэх ёстой байсан. 2020 оны 6 дугаар сард хийсэн ажлаа 2020 оны 12 дугаар сард хүлээлгэж өгөөд, 12 дугаар сараас хойш мөнгө нь орж ирэхгүй, мөнгө нь орж ирэхдээ бөөн орж ирэхгүй, цувж орж ирээд ийм байдалд оруулсан. Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудад юу гэж дурдсан гэхээр анхнаасаа зээлийн гэрээ байгуулсан. Хуурсан асуудал байхгүй, надаас мөнгө зээлж авсан, зээлээ буцааж төлөхдөө бизнесийн тодорхой эрсдэлийн улмаас буцааж төлөхдөө хожимдуулж өгсөн нь үнэн гэсэн хүсэлт, тооцоо нийлсэн акт байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Нын гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос “П.Н нь 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “би төмөр замын тендерт оролцох гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Я.Соос 300.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Голомт банкны И-март салбараас шилжүүлэн авч залилан Я.Сд 300.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Нод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Я.Сын “...Би П.Н гэдэг хүнийг зүс танина. П.Н хүү дээр минь ирж засал ном хийлгэж багш шавийн барилдлагатай гэж хүү маань надад хэлж байсан. 2020 оны 5 дугаар сарын 02-ноос -03-ны өдрүүдэд П.Н нь хүүгээс “танд мөнгө байвал зээлээч, би авто замын тендерийн ажилд оролцох гэхээр мөнгө байхгүй байна. Танд мөнгө байвал өгөөч” гэж асуусан юм байна лээ. Хүү маань “надад юу байх вэ, чи ээжээс асууж үз” гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.Н миний гар утас руу залгаад “багштай ярьсан чинь танд мөнгө байгаа гэж байна, би танаас мөнгө асуух гээд, би төмөр замын болон Өмнөговь аймагт авто замын тендерт оролцох гэж байгаа юм, би Өмнөговь аймагт хил дээр тээвэр хийдэг удахгүй өгнө” гэж хэлж байсан болохоор нь би хүүгийн маань шавь юм байна гэж бодоод 300.000.000 төгрөгийг П.Нын Хаан банкны данс руу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март дэлгүүрийн Голомт банкны салбараас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. П.Ноос мөнгөө авах гэж - дугаар руу удаа дараа залгаж асуух гэхэд утсаа авахгүй байсан. - хотхонд амьдардаг гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч байгаагүй. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. ...” /1хх 11-13, 165-166, 219-221/,

гэрч Б.Цийн “...П.Н надаас “300.000.000 төгрөг зээлээч, би төмөр замын далангийн ажил хийж байгаа, танд удаахгүй өгнө” гэж хэлэхээр нь би үнэхээр төмөр замын далангийн ажил хийх гэж байгаа юм байна гэж бодоод ээжийн хийдийн барилгын ажилд зарцуулах гэж байсан мөнгөнөөс “300.000.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлсэн чинь ээж маань 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр П.Нын Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж хэлж байсан. ...” /1хх 24-26/ гэсэн мэдүүлгүүд,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1хх 49/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 79-80/, “А” ХХК-ийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /1хх 244-246/, Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамны ирүүлсэн албан бичиг /1хх 129/, Зам, Тээврийн хөгжлийн яамнаас “А” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон тусгай зөвшөөрөл, мөн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “хатуу хучилттай зам барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл, бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний” ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /1хх 233-234/,

“А” ХХК нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх” гэрээ, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дүгнэсэн акт,

Я.Сын Голомт банк дахь харилцах дансны хуулга, зарлагын падаан /1хх 72-74/, Я.Сын Голомт банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 75-76/, П.Нын Хаан банк дахь дансны хуулга 1хх 87-96/, П.Нын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 97-121/, Э.Золжаргалын Хаан банк дахь дансны хуулга /1хх 169-174/, Э.Золжаргалын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 176-179/ зэрэг нотлох баримтуудаар П.Н нь “А” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг ба Зам, Тээврийн хөгжлийн яамнаас “А” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай, мөн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “хатуу хучилттай зам барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл, бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний” ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар тус тус олгосон болох нь тогтоогдож байна.

Төмөр замын тендерийн ажилд оролцохоор өөрийн багш лам Д.Цээр дамжуулан түүний эх Я.Соос 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 200.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөгийг Хаан банк дахь - дугаартай дансандаа шилжүүлэн авсан П.Нын үйлдэл нь залилах гэмт хэргийн бусдыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг агуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, П.Нын хувьд бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр Я.Сын эд хөрөнгийг шилжүүлж авснаар залилах гэмт хэргийн шинж хангагдах учиртай бөгөөд П.Н нь гэрээний хэлцлээр тохирсон цаг хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүйтэй холбоотойгоор Я.С, П.Н нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний хэлцлийн хүрээнд үүрэг гүйцэтгэгч тал болох П.Н нь ажлын гүйцэтгэлийн үр дүн, удаашрал, захиалагч талаас ажлын хөлсийг нь бүрэн шилжүүлээгүйгээс Я.Стой байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өөр байдал тогтоогдоогүй, энэ хэлцэлд оролцогч талууд гомдлын шаардлага гаргаж маргалдсан бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Гэрээний хэлцлийн хүрээнд П.Нын үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар П.Нын Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан гэрээ, данс, гэрээний биелэлт, үр дүн, ажлын хөлсний талаарх холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь түүнийг гэм буруутай болохыг тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах ажиллагааны явцад П.Н нь Я.Сд 323.000.000 төгрөгийг төлж дуусгасан байх бөгөөд Я.С, П.Н нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих асуудал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд тохиролцсон гэрээний хэлцлийн үүрэг, түүний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж үзсэн тул П.Нод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/753 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ