| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06410/И |
| Дугаар | 182/ШШ2024/04899 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04899
2024 11 22 182/ШШ2024/04899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................. давхарт байрлах, Д ББСБ ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Ц.А /РД:00000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д ББСБ ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.А нь манай компанитай 2022.05.02-ны өдөр ЗГ00000000 тоот зээлийн гэрээ байгуулан 2,249,910 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авахдаа ................................ тоот хаягт оршин сууж байсан боловч 2024.04.02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2024/05929 дүгээр захирамжаар тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Иймд Ц.А-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.21-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,
-2024.10.19-ний өдрийн С.Т, О.С, Д.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2024.05.06-ны өдрийн 24/A-8 тоот П.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,
-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
-2017.03.10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ000000000 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 7-9 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 182/ШЗ2024/05929 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 10-11 х/,
-2022.05.02-ны өдрийн ЗГ00000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 12-14 х/,
-Зээл төлөлтийн дансны хуулга /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Д ББСБ ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.05.02-ны өдрийн ЗГ00000000 дугаартай зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ийн оршин суух хаягийг ................................ тоот гэж тодорхойлсны дагуу Д ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,480,519.37 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 182/ШЗ2024/05929 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10-11 х/,
Ц.А нь Д ББСБ ХХК-тай 2022.05.02-ны өдөр ЗГ00000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,249,910 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Д ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 12-14 х/,
Ц.А нь 2022.05.02-ны өдрийн ЗГ00000000 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 182/ШЗ2024/05929 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Д ББСБ ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Д ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Ц.А /РД:0000000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.А-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА