Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар  128/ШШ2024/0621

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ч, Ш.У, Т.У,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Я,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б, В.Э,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С,

Гуравдагч этгээд: Б.Н*******, 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.О,

Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж өгөхийг даалгах тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/ дүгээр шийдвэрээр Ш.У, Ш.У, Т.У, С.Г болон “” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/ дүгээр магадлалаар зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У, “” ХХК-ийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.

4. Ш.Ч, Т.У, Ш.У нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/, А/ дугаар захирамжуудаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Б*******т 503, 700 м.кв газруудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр магадлалыг үндэслэн зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

5. Нэхэмжлэгч нараас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ЭУБ-01 маягтаар, 2019 оны 08 дугаар сарын 15, 2021 оны 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан өргөдөл гаргасан байна.

6. Улмаар нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/, А/ дугаар захирамжаар тус тус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/MA2019/ дугаар шийдвэр, магадлалыг үндэслэн Ш.Ч, Т.У нарт Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Б******* дахь зуслангийн зориулалттай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв, харин Ш.Уд 500 м.кв газар болгон багасгаж хэмжээг өөрчилж, тус тус эзэмшдэг газрынх нь гэрчилгээний хугацааг нь сунгаж шийдвэрлээд, захирамжийн 3 дугаар заалтаар, гэрчилгээний хугацаа нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг. Эдгээр иргэд өмнө нь, 2012-2017 онд хүчинтэй байсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дууссанаар, сунгахгүй байсан Газрын албатай захиргааны хэргийн шүүхээр маргалдаж, сунгахгүй байгаа нь үндэслэлгүй тул газар эзэмших эрхийг дээрх шийдвэр магадлалаар сунгахаар шийдэгдэж нэгэнт дуусгавар болсон, Засаг даргын захирамж гарчхаад байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанаар, Б.Н******* /миний газартай залгаа Ш.Уы газар дээр үл хөдлөх хөрөнгөтэй боловч газар эзэмших эрх олж аваагүй иргэн/ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй, эзэмшихээр хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, хүсэж байгаагүй, тиймээс хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн болох нь тогтоогдсон. Гэтэл ямар нэг газар эзэмших эрхгүй атлаа, 3 иргэний зөвшөөрөлгүйгээр, дураараа, байшин луугаа автомашинаар болон явганаар орж гарахдаа зохисгүйгээр 3 газрын тэг дундуур нь дураараа туучиж, бусдын газрыг хэрэглэж байгаа тул, мөн Газрын алба энэ байдлыг гааруулж, дэвэргэж, орц гарцыг хуулийн дагуу шийдэж өгөхгүй, захирамж гарчхаад байхад гэрчилгээ бичихээс хууль бусаар татгалзаж өдий хүрсэн. Хэдийгээр газар эзэмших хууль ёсны эрх Б.Н*******д байхгүй байгаа ч, тусгай зөвшөөрөл бүхий кадастрын компаниар Б.Н*******ийн байшин луугаа орж гарах гарцыг нь зуруулсан. Энэ зургаар, Т.Уийн захирамж бүхий газар Б.Н*******д орц гарцны журмаар ашиглагдах огт шаардлагагүй, харин Ш.Ч ба Ш.У нарын захирамж бүхий газар ч 673, 503 м.кв болж, бодитоор ашиглагдах хэмжээ нь багасахаар юм байна. Хэрэв одоо байгаагаар нь оруулж гаргаж байна гэвэл, Б.Н******* нь Т.Уийн ба Ш.Ч, Ш.У гээд гурвын гурван хүний хууль ёсны эзэмших эрх бүхий газрын тэхий дундуур нь туучиж, тэднийг газраа ашиглах ямар ч боломжгүй болгож байгаа юм.

Өргөдөл гаргагчийн нэр, регистр

Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар

Нэгж талбарын дугаар

Өмнөх шийдвэр

Хэмжээ тайлбар

1

Ш******* овогтой Ч *******

2019-08-12 А/

*******

2012.06.15 216

700 м.кв

Өргөдөл гаргагчийн нэр, регистр

Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар

Нэгж талбарын дугаар

Өмнөх шийдвэр

Хэмжээ тайлбар

1

Ш******* овогтой У

2019-08-12 А/

*******

2012.06.15 5-216 Анх 700 м.кв байсан

503 м.кв газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж багассан

Өргөдөл гаргагчийн нэр, регистр

Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар

Нэгж талбарын дугаар

Өмнөх шийдвэр

Хэмжээ тайлбар

1

Т******* овогтой У

2019-08-12 А/

*******

2012.06.15 216

700 м.кв

2019 оны шүүхийн шийдвэр өдий хүртэл биелэгдэхгүй, би газрын эрхгүй хүнд газраа орц гарцны журмаар ашиглуулаад өөрөө хэрэглэж чадахгүй өдий хүрлээ. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны газар зохион байгуулагч н.М******* нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, очих тоолонд нь хууль ёсны газар эзэмших эрхгүй хүний талд шалтаг тоочиж, шийдвэрлэж өгөхгүй, гэрчилгээг бичиж өгөхгүй байдаг юм байна, 2021 оны 5 сарын эхээр карантины дараа очиж албан ёсоор орц гарц гаргаж гэрчилгээг маань захирамжийн дагуу гаргаж өгнө үү гэж өргөдөл албан ёсоор өгсөн. 2021 оны 6-7 сард хэд хэдэн удаа очиход, эсхүл эзгүй, өөр хүн орлож байгаа, эсхүл өөрөө газар дээр нь очиж зохицуулж өгнө гэсэн хэрнээ ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, тэгсэн хэрнээ хамгийн сүүлд очиход мөн л ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, ээлжийн амралттай гээд алга л байсан Орлож байгаа хүнд нь хандахад, би хүний ажил хийхгүй, мэдэхгүй гээд халгаагаагүй. Ингээд эзэмшлийн газар дээрээ ямар нэг зүйл хийж чадаагүй хавар, зун өнгөрч эрх зөрчигдсөн хэвээр л байна. 2021 оны 8-р сарын 23-нд дүүргийн засаг дарга болон Газрын албанд кадастрын зургийг яаралтай оруулж, гэрчилгээ олгохыг даалгуулахаар, тус тус гомдол гаргасан ч шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандахад хүрчээ.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үндэслэлдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр захирамжаар нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, мөн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Ш.Уы газар эзэмших эрхийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба нь А/ дүгээр захирамжид нэр дурдсан 2 иргэн, 1 хуулийн этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч уг захирамжид дурдсан Т.У. Ш.Ч болон А/ дугаар захирамжид дурдсан Ш.Уы газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа бөгөөд ямар хууль зүйн үндэслэлээр эдгээр иргэдийг өнөөдрийг хүртэл хугацаанд хохироож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна.

Иргэн Т.У, Ш.У, Ш.Ч нар нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг авах хүсэлт тавьсан, хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 05-нд Сүхбаатар дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрээ хийж, гэрчилгээ олгох хүсэлтийг, 2021 оны 08 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн газрын албанд “Давтан гомдол гаргах тухай” гомдлыг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацааг сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байна.

Гэвч хариуцагч нь дээрх хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч нарын гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/, А/ дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгож өгөх өргөдөл хүсэлтийг шийдвэрлээгүй.

Түүнээс гадна Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байна. Тодруулбал, дүүргийн газар зохион байгуулалтын алба нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан дүүргийн Засаг дарга нь захирамжийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн газрын алба нь дээрх Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн 3 дахь заалтад газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгжийн гэрээ, гэрчилгээ олгохыг дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байтал энэхүү захиргааны актад дурьдсан үүрэг, даалгаврыг биелүүлэх байна.

Иймээс хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны иргэн Ш.Ч, Ш.У, Т.У нарт газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг болон энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч иргэд дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газраа эзэмшиж чадахгүй тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

9. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төөрөгдөл үүсэхээр мэдээллүүд өглөө. Нэхэмжлэгч 3 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөж байна вэ гэдгийг тайлбарлая. А/, А гэсэн 2 захирамж гарсан. 1 захирамж нь Захиргааны шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн даалгаврын дагуу гарсан. Ш.Ч, т.У нарын газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа, эс үйлдэхийг хууль бус гэдгийг тогтоосон учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд Засаг дарга захирамж гаргасан. Харин Ш.Уы газар эзэмших эрхийн асуудлыг захиргааны байгууллага боломжит байдлаар шийдвэрлэхийг даалгасан. Тиймээс 700 м.кв-ийг 500 м.кв болгож Ш.Уд тусад нь захирамж гарсан. Энэхүү хассан байдалд Ш.У гомдол гаргаагүй. Байшин доорх газрыг хууль ёсоор эзэмших бололцоогүй, бие даасан шаардлага нь үндэслэлгүй гэдгийг магадлалд дүгнэсэн. Тодруулбал гуравдагч этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн хэдий ч газрын эрхгүй этгээд. Ямар нэг газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй, энэ эрхээ алдчихсан гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоочихсон. Т.У, Ш.Ч, Ш.У нарын гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж яагаад маргасан бэ гэвэл захиргааны байгууллага өөрт байхгүй чиг үүргийг хэрэгжүүлээд байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч нь Ш.У, Т.У, Ш.Ч. Харин ямар нэг газрын эрхгүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь гуравдагч этгээд Д.Н******* юм. Ямарваа нэг газрын давхцал байхгүй гэдгийг тэмдэглэн хэлье.

Гуравдагч этгээд хууль ёсны дагуу хэзээ ч байшингийн доорх газрыг эзэмшиж байгаагүй. Хувийн эрх зүйн харилцаа буюу Иргэний хэргийн шүүхэд харьяалуулсан асуудал шүү дээ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч газрын эзэмшигчтэй хаагуур нь орж гарах, гарах вэ гэдгийг Газрын тухай хуульд Засаг даргад харьяалуулаагүй. 2 газар эзэмшигчийн харьяалуулсан. Байшин өмчлөгч, газар эзэмшигч эрхтэй хүмүүс хоорондоо зөвхөн гэрээ байгуулж хэлэлцсэний үндсэн дээр бусдын газрыг хязгаарлагдмал эрхээр ашиглах харилцаа үүсэх ёстой. Гуравдагч этгээд өөрөө шүүхээр асуудлаа шийдвэрлэхгүй болохоор нь шүүхийн шийдвэрийг биелүүлээд захирамжийн дагуу гэрчилгээг нь өгчих. Байшинг худалдаж авах, эсхүл газар дээгүүр явуулах эсэхийг гэрээгээр тохиръё гэхэд захиргааны байгууллага орц гарцын асуудлыг шийдвэрлэвэл гэрчилгээг өгнө гэж хууль бус үйлдэл гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өмнө нь шүүхийн шийдвэрээр болбол энэ эс үйлдэл хууль бус гэдгийг тогтоосон. 2012 онд олгогдсон газарт үзлэг хийх эсхүл https://egazar.gov.mn/ сайтаар ороход баруун болон зүүн талаасаа нэг талаасаа автомашин орох зайтай, нөгөө талаасаа явган хүний орц гарцтайгаар зурагдчихсан, төлөвлөгдчихсөн батлагдчихсан байгаа. Байшин руу аль замаар явах вэ гэдэг харилцаанд захиргааны байгууллага оролцох ямар ч шаардлагагүй. Хувь хүмүүс гэрээ байгуулж тохиролцох харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бодит байдалд машин орох боломжгүй гэж яригддаг боловч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөө дэх газарт шороо асгасан байсан. Захиргааны байгууллага үндэслэлгүйгээр эдгээр иргэдийн гэрчилгээг бичиж өгөхөөс татгалзсан эс үйлдэл нь хууль бус. Барилга өмчлөгчийн орц гарцыг шийдэх үүргийг Засаг даргад оногдуулаагүй шүү. Гэрчилгээг бичиж өгснөөр 700 м.кв газрынхаа аль хэсгээр зорчуулах вэ гэдэг гэрээ байгуулах боломж нээгдэж байгаа юм. Захирамж нь гарсан Т.У, Ш.Ч нарын хэргийг тусгаарлахыг шүүхээс үүссэн боловч хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй, Д.Н*******ийн хууль бус захиргааны актыг тогтоогүй нь тус хэрэгтэй хамааралгүй гэж дүгнэсэн. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл Нэхэмжлэгч 3 иргэн явж байна. Иргэд хооронд гэрээ хэлцэл байгуулах хэлцлийн үнэ хэмжээ тохирохгүй байвал үүнийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын гэрээ, гэрчилгээг бичиж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч 3 иргэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж хүсэлтүүд бичгээр өгснийг нотлох баримтаар судлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хүсэлтүүдэд ямар нэгэн байдлаар бид нар бичгээр хариу өгөөгүй гэдгийгээ албан ёсоор хэлсэн. Тэгэхээр эндээс юу гэж дүгнэгдэж байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан шийдвэрлэхгүй орхигдуулсныг одоо ирүүлэх үү гэж ойлгосонтой нийцэж байна гэж үзэж байна. Орц гарцын асуудалтай учраас бид нар бичиж өгөөгүй гэж, Газрын албаны дарга ийм шийдвэр бичгээр гаргасан юм уу гэхээр үгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна.

Эдгээрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд төлөөлөх эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа шүүхийн тайлбар гэж ойлгож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Өнөөдөр газар эзэмшигч маань нэхэмжлэгч 3 иргэн Т.У, Ш.Ч, Ш.У нар байгаа. Д.Н******* газар эзэмшигч биш гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө амаараа хэллээ. Д.Н******* 2007 онд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч болсноосоо хойш хэзээ ч газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй юм байна аа гэдэг асуудал өмнөх шүүхүүдээр яригдаад шүүхийн тэр 2019 оны магадлалд тэмдэглэгдсэн байдаг байсныг бид бол судалсан. Өмнө нь гардаггүй байсан гэвэл 2019 оны захиргааны хэргийн шүүхийн магадлал гарснаас хойш гаргасан уу гэдэг асуудал байгаа. Д.Н******* өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг авъя гэдэг асуудал гаргаагүй. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Орц гарцын асуудлыг анх газар болгоход шийдэх ёстой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Орц гарцын асуудлыг шийдээд энэ нэхэмжлэгч иргэдэд газар эзэмших эрх олгосон гэдэг асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар газар эзэмшигч иргэдийн хувьд нэхэмжлэгч 3 иргэнээс ямар нэгэн байдлаар орц гарцын маргаан байхгүй, үүнтэй холбоотой асуудал үүсгээгүй болохыг анхаарч өгнө үү.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын ярьж буй асуудал нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн хувьд бид нар бусдын газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр нэгж талбарын орц гарц гэдэг хуулийн үг үсэг, хууль тогтоомжийн үг үсэг, газрын тухай хуульд заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь бусдын эзэмшил газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэдэг нь 2 өөр ойлголт. Учир нь бусдын эзэмшилд буй газар дээр дамжин өнгөрөх асуудал яригдаж байгаа. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. 48.3-т Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж заасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглуулъя гэхэд үгүй ээ, 3 иргэний газрыг чинь хүчингүй болгоно гэж хэлсэн. Хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр гэдгээ анхаарахыг хүсье. Энэ нь ямар учиртай вэ гэвэл Иргэний хуулийн харьяаллын асуудал. Иргэд та нар хоорондоо асуудлаа шийдэхгүй бол газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй гэж хэлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хууль дээр орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй бол газар эзэмших эрх, эрхийн гэрээ, гэрчилгээ олгохоос татгалзана гэдэг хуулийн заалт байгаа юу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Өөрсдөө хууль бус гэдгийг мэдсээр байж байж өнөөдрийг хүртэл иргэдийн гэрээ гэрчилгээг нь бичиж өгөхгүй байна. Зүй нь яах ёстой гэхээр захирамжийг биелүүлээд шүүхийн шийдвэрийг биелүүлээд гэрээ гэрчилгээгээ бичээд өгчихнө. Та нарын асуудал бол тусдаа, гэрээний дагуу тохиролцох асуудал, та нар гэрээгээрээ тохиролцож чадахгүй бол иргэний шүүхээрээ шийдвэрлүүлэх асуудлаа гээд л явуулах ёстой. 2019 оноос хойш нэхэмжлэгч 3 иргэнийг хохироож байна.

Гуравдагч этгээдийн зүгээс танай захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж хэлж байна. Засаг даргыг төлөөлж орж байсан хүн нөлөөлөл үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Захиргааны байгууллага буюу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуульд заагаагүй хуулиар эрх олгоогүй, хуульд заасан ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгч иргэдийн хүсэлтийг хангаад гэрээ гэрчилгээг нь олгохгүй байна. Эхлээд дүүргийн Засаг даргын захирамжийг дараа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээд хуулийн дагуу олгосон чиг үүргээ биелүүлэхэд хамгийн багадаа 30 хоног хангалттай байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг маргаан 30 удаа хойшилж өнөөдөр шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Илт хууль бустай холбоотой асуудал нь Засаг даргатай, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэл нь нийслэлийн газар зохион байгуулалтын албад хамааралтай. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтын дагуу иргэд хоорондын тохиролцоо явах бүрэн боломжтой. Тохиролцохгүй бол холбогдох шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой учраас гэрчилгээ олгохгүй байгаа. Эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ш.Ч, Ш.У, Т.У нар нь гэрчилгээ бичиж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/******* дугаар магадлалыг биелүүлэн иргэн Ш.Ч, Т.У нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дүүргийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамжаар сунгаж шийдвэрлэсэн. 2. Мөн иргэн Ш. Уы газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэрийг өөрчилж дүүргийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр биелэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар зохион байгуулалтын албанаас газрын хэлбэр хэмжээнд өөрчлөлт оруулж, гуравдагч талын орц гарцыг шийдвэрлэсэн хүсэлтээ өгчихвөл гэрээ, гэрчилгээ олгоход асуудалгүй гэж үзэж байгаа. Газрын гэрээ, гэрчилгээ олгох 187 дугаар журамд нэгж талбар бүр орц, гарцтай байна гэж заасан байдаг учраас бид үүнийг баримталсан.

Энэ гарц орц нь зөвхөн гуравдагч этгээдэд хамааралтай биш. 6 нэгж талбар бүхий гэрчилгээтэй иргэдэд хамааралтай. Бодит байдал дээр байгаа ганцхан орц гарц нь Т.У болон Ш.Ч нарт хамааралтай учраас энэ асуудлыг шийдвэрлэнэ үү гэсэн агуулгаар гэрээ гэрчилгээг бичихгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.” гэжээ.

14. Гуравдагч этгээд Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Газар зохион байгуулалтын албан нь Газрын тухай хуульд заасны дагуу орц, гарцыг шийдвэрлэх ёстой. Дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гаргасан. Учир нь Газрын тухай хуульд заасны дагуу хээрийн болон суурин судалгааг хийж үүний үндсэн дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Харин Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргынхаа хууль зөрчиж гаргасан захирамжийг анзаарч газар эзэмших гэрчилгээг нь бичиж өгөөгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн огноог харвал давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч давж заалдах шатны шүүх рүү гомдол гаргах хүртэлх хугацаанд гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очоогүй байхад яарч гарсан хууль бус эрх хэмжээгээ хэтрүүлж Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орж буцаагдсан. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Гуравдагч этгээд талаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар захиргааны хэрэг үүсэж хянагдаж байгаа. Ш.Уд газар олгох ёстой байсан эсэхийг нягтлан үзэж орц асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэдэг манай байр суурь хэвээрээ байгаа. Учир нь Засаг дарга захирамж гарахдаа шүүхийн шийдвэрийг үндэслэж А/, А/ дугаар захирамжийг гаргасан. 3 нэхэмжлэгчийн 2-т нь газрыг олго гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Харин Ш.Уы хувьд газрыг олго гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Гэтэл дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж нэр бүхий хуулийн этгээд болон Ш.У нарт холбогдуулан захирамж гарсан байдаг.

Үүнийг илт хууль бус гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Газрын энэ маргааныг шийдвэрлэхэд мөн бид гуравдагч этгээдээр оролцож байсан. Захиргааны байгууллага газар олголтыг хийхдээ орц гарцын хэмжээг тооцохгүйгээр бидний үл хөдлөхийн газрыг үлдээж газрыг олгосон. Ш.Уы газрыг орц гарц мэтээр ашиглаж байгаа. Бид Газар зохион байгуулалтын албанд хандаж хүсэлт өгдөг боловч ямар ч хариу өгдөггүй. Захиргааны байгууллагатай уулзахад газар давхцалтай байгаа тул өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлэ гэж хариу өгсөн. Бид хоорондоо эвлэрлийн асуудлыг ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч талтай эвлэрэх ямар ч боломжгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа процессын алдаа гаргасан. Шийдвэр гаргахдаа талуудыг байлцуулан сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Бид шийдвэр гарахаас өмнө болон дараа нь удаа дараа хүсэлтээ өгч байсан. Тиймээс эдгээрийг харгалзан үзэж шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг хүсэж байна. Үндсэн газрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхийг мэдэхгүй байна. Орц гарц өөрчлөгдөх байх гэж үзэж байгаа. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.” гэжээ.

16. Иргэдийн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нарт газрын гэрчилгээ олгогдох ёстой гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.”Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна: 23.2.13.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах;”[1], 23.4.”Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2.”эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;”, 27 дугаар зүйлийн 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3.“Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.1.”Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна.” Үүнд: … 5.1.2.“Газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх тохиолдолд. … 5.1.2.2.”Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх;”,  5.1.3.”Бусад тохиолдолд. 5.1.3.1.”Эзэмшил газраа нэгтгэх”; 5.1.3.2.“Эзэмшил газрын байршил өөрчлөх; 5.1.3.3.Эзэмшил газрын хэлбэр өөрчлөх”; 5.1.3.4.”Эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх;”, 7.1.”Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ.”, 7.2.”Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд: … 7.2.5.”Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох;” гэж заажээ.

2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/ дүгээр магадлалаар зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У, “” ХХК-ийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/, А/ дугаар захирамжуудаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Б*******т байрлах 700 м.кв газрыг Ш.Ч, Т.У нарт, 503 м.кв газрыг Ш.Уд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, дээр дурдсан үйл баримтаас үзвэл гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрын хэмжээгээр газрын хэмжээг багасгаж үлдэх 503 м.кв газрыг нэхэмжлэгч Ш.Уд эзэмшүүлсэн, гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Ш.Ч, Т.У нарт эзэмшүүлсэн газар дээгүүр дайрч өөрийн байшин руугаа орж, гардаг болох нь тогтоогдож байх боловч дүүргийн газрын алба хуульд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

4. Өөрөөр хэлбэл нэгэнт эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан байхад гуравдагч этгээд орц, гарцын асуудалтай гэсэн үндэслэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь дүүргийн газрын алба эрх бүхий этгээдийн шийдвэр гарахаас өмнө иргэнээс газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шатанд хээрийн судалгаа хийж хөршүүдийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан ба нэгэнт газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан тохиолдолд гэрчилгээг олгох нь хуульд нийцэх юм.

5. Дээрхээс дүгнэвэл газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг үндэслэн гэрчилгээ олгох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын газраа гэрчилгээний үндсэн дээр зохих ёсоор эзэмших эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/, А/ дугаар захирамж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх энэхүү шийдвэрээр дүүргийн Засаг даргын дээрх захирамж хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй ба тус хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Ч, Ш.У, Т.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг бичиж олгохыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН

         ШҮҮГЧ                                        Ц.МӨНХЗУЛ

         ШҮҮГЧ                                       Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Тус заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “23.2.13.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;” гэж өөрчлөн найруулсан байна.