Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2020/0024

 

Б.Оийн нэхэмжлэлтэй, Д.Гд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэртэй, Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 925 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Г нь Б.От итгэл үнэмшил төрүүлж 2017 оны 11 сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай, 1 сард 6 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлдэн сар бүр хүүгээ төлөхөөр тохирсон. Дараа нь 2018 оны 2 сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн ба сарын дараа хүүгийн хамт 2018 оны 3 сарын 28-ны өдөр 11 000 000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөөгүй мөн хугацаа хэтэрсэн. Энэ хугацаанд Г нь утсаар ярьж хугацаагаа сунгая, хол ажилтай байна. Очоод гэрээндээ өөрчлөлт оруулснаа батлан гэрээ хийнэ гэж ярьдаг байсан. Ингээд 2018 оны 5 сарын 10-ны өдөр ирж гэрээгээ сунгаж гэрээгээ хийсэн. Г нь 2018 оны 5 сарын 28-нд бүх тооцоог хийж дуусгана гэсэн. Хэрэв хугацаа хэтэрвэл алданги тооцно гэж гэрээ хийсэн. Бид эхний нэхэмжлэлээр 25 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа 47 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Харин сая гаргаж өгсөн материалыг үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, дутуу төлсөн хүү 12 000 000 төгрөг нийт 42 875 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд Г нь хүү төлнө, хүүтэй байсан ч хамаагүй гэж гуйж байсан. Итгэлцлийн үндсэн дээр төлөлтийг 3 сарын дотор төлөх, төлөөгүй хүүгээ сар сараар төлөхөөр тохирч байсан. Ггийн төлсөн мөнгө бол хүү төлөгдсөн гэж тайлбарладаг. Г нь энэ хугацаанд 14 725 000 төгрөгийн хүү төлсөн. Гэрээ хэлцэл хийж байсан. Бидний хувьд залилангийн хэрэг гэж шалгуулахад Г нь бүрэн төлнө гэж цагдаа дээр гэрчээр мэдүүлэхдээ өгсөн байсан. Цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа 5 сая төгрөг өгснийг үндсэн төлбөрөөс хасч байсан нь буруу гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. Г нь Отэй ярилцаж тохиролцоод зээлийн гэрээний хүүгээ 10 хувь болгож өөрчилж хоёулаа гарын үсэг зурсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Ггаас нийт 42 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ггийн хувьд банкинд ажилладаг байсан. Тиймээс харилцагчийнхаа мэдээллийг авч түүгээрээ дамжуулан зээл авсан.” гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Оээс 2017 онд 10,0 сая төгрөг, 2018 онд 10,0 сая төгрөг нийт 20,0 сая төгрөгийг өөрийн 4 ширхэг 700м2 газруудыг барьцаалж авсан нь үнэн. Оээс мөнгө зээлснээс хойш өөрийнх нь ХААН банкны 3 өөр дансууд руу нийт 14,2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Иймд От 5,8 сая төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гг эдийн засагч ажилтай байхдаа харилцагчийнхаа мэдээллийг авч улмаар зээл авсан гэж ярьж байна. О нь ХААН банкны харилцагч юм. Ггийн хувьд Оээс хоёр удаа 10 саяар зээл авч нийт 20 сая төгрөг авсан асуудалд маргаагүй. Г нь 2017 оны 11 сарын 10-наас 2017 оны 5 сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 10 сая төгрөг авсан. Дараа нь 2018 оны 2 сарын 28-наас 3 сарын 28-ны хооронд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 10 сая төгрөг авсан. Г, О нар нь зээлийн гэрээгээ сунгаж зээлийн хүүгээ 10 хувиар тооцсон байдаг. Энэ хугацаанд Г нь нийт 24 600 000 төгрөг төлөх үүргийг хүлээж байна. Г нь энэ хугацаанд шүүхэд өгсөн баримтаар 19 725 000 төгрөг төлсөнд нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд уг төлбөрийг хүүнд тооцсон байдаг. Бидний хувьд өгсөн мөнгөө авсан мөнгө болон хүүгээс хасаад одоо 4 825 000 төгрөг төлөх ёстой. Мөн алданги 2017 оны 11 сараас 2019 оны 7 сар хүртэл хугацаанд үлдсэн 4 825 000 төгрөг алданги 2 437 500 төгрөгийг Иргэний хуулийн 232.4-ийг үндэслэн нийт 7 262 000 төгрөг төлөх хуль зүйн үндэслэл гарч ирлээ. Г нь банкнаас өндөр зээлтэй байгаа бөгөөд энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байдлыг харгалзан алданги 1 262 000 төгрөг төлөх саналтай байна. Мөн нэхэмжлэгч тал нь шүүхэд өгөх хүртэл хугацааны хүү нэхэж байна. Иргэний хуулийн 282.2, 282.4-т заасныг баримтлан хүү нэхэж байгаа. Гэтэл бичгээр хийгээгүй утсаар ярьж байгаа, мессеж бичсэнийг хүү төлөх талаар гэрээ хийгдсэн гэж үзэхгүй байна. Иймд дансны хуулгаар төлбөрийг хийж явсан нь харагдаж байна. Иймд Г нь нийт 6 сая төгрөгийг төлье. Г нь Хас банкны өндөр зээл, кредит картын зээлтэй байгаа болно.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Ггаас 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож нэхэмжлэлийн шаардлагаас 12 875 000 /арван хоёр сая найман зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 533025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Ггаас улсын тэмдэгтийн хураамжинд 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан Д.Ггаас 30 000 000 сая төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Д.Ггийн хувьд Б.Оээс 2 удаа буюу тус бүртээ 10 сая төгрөгөөр зээл авсан. Ингэхдээ эхний зээлийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2018 оны 5 сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцон сарын 6 хувийн хүүтэй 1102 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Дараагийн зээлийг 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 10 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг зээлсэн байдаг. Д.Г, Б.О нарын хооронд энэ хугацаанд зээлийн гэрээгээр нийт 24 600 000 төгрөгийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн үүрэг үүсч байгаа юм. Энэ хугацаанд Д.Г нь нийтдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 19 725 000 төгрөгийн төлбөрийг Б.От төлж барагдуулсан байгаа болно. Уг төлсөн төлбөртэй нэхэмжлэгч тал огт маргаагүй болно. Энэ төлбөр нь дээрх 24 600 000 төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс бүрэн хасагдах ёстойг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж илэрхий алдаа гаргалаа.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх уг зохицуулалтыг тайлбарлахдаа хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт гэж байгаа болохоос бус хүлээн зөвшөөрч хүүг төлсөн зээлдүүлэгчийн эрхэд хамааралгүй зохицуулалт гэж муйхарлан зүтгэж байгаа нь анхан шатны шүүхийн маш том алдаа юм.

Д.Ггийн хувьд Б.От 19 725 000 төгрөгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 24 600 000 төгрөгөөс хасахад 4 825 000 төгрөг болж байгаа бөгөөд уг төлбөрийн алданги нь 2 437 500 төгрөг байх бөгөөд нийт 7 262 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.От төлөх хууль зүйн үндэслэл гарч байгаа юм.

Д.Ггийн хувьд банк болон бусад иргэдээс асар их зээлтэй, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэргийн харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар “Алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж хуульчилсан байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх нийт төлбөрийг 6 сая төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 30 000 000 төгрөгөөс 24 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 47 925 000 төгрөг болгон ихэсгэснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 142-143 дахь талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Б.Оээс 2017 оны 11 сарын 10-ны өдөр 10,0 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авахаар 2017 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, дээрх гэрээгээр авсан 10,0 сая төгрөгийг хүүгийн хамт 11,0 сая төгрөг болгож 2018 оны 06 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр талууд тохирч 2018 оны 05 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 8, 9 дэх талууд/ Сүүлийн байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд өмнөх зээлийн гэрээгээ 1 сарын хугацаатай сунгаж, сарын хүүг 10 хувь болгосон байна.

Мөн хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Б.Оээс 2018 оны 02 сарын 28-ны өдөр 10,0 сая төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авахаар зээлийн гэрээ байгуулсан байна. 2018 оны 05 сарын 01-ний өдөр уг гэрээг 3 сарын хугацаатай сунгаж, сарын 10 хувийн хүүтэй, 2018 оны 05 сарын 28-ны өдрийн дотор үндсэн зээл,  хүүгийн хамт 11,0 сая төгрөг төлөхөөр тохирч  зээлийн гэрээг байгуулсан байна. /хх-ийн 5,6 дахь талууд/

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчид олон удаагийн төлөлтөөр нийт 19 725 000 төгрөг төлжээ. Энэ талаар талууд маргаагүй.

Гагцхүү хариуцагч Д.Г нь “нийт төлсөн төлбөрөө зээлийн төлбөрөөс хасуулж, үлдэх 5,8 сая төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын хоорондоо утсаар харьцсан мессеж /захиа/-нээс үзэхэд хариуцагчийн “хүүгээ ямар ч байсан өдөр бүр 50,0 хийгээд явна.” гэсэн удаа дараагийн захиа болон бага багаар төлөлт хийгээд байгаа үйлдэл зэргээс үзэхэд 2 удаа авсан 20,0 сая төгрөгийн үндсэн зээлээс төлөлт хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, үндсэн зээл 20,0 сая төгрөг, алданги 10,0 сая төгрөг, нийт 30,0 сая төгрөгийг хариуцагч Д,Ггаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. 

Иймд хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ггийн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.НАРАНБАЯР

                         ШҮҮГЧИД                                                    Ж.ДОЛГОРМАА

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ