Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/05276

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 03 182/ШШ2024/05276

 

 

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт оршин суух, А овогт А.Ц /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт байрлах, Э ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 000000 тоот орон сууц захиалгын гэрээг цуцалж, 343,074,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021.06.10-ны өдөр би 000000 тоот мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг хариуцагчтай хийсэн бөгөөд орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэж өгнө гэсэн боловч 2 жил гаруйн хугацаанд барилга нь баригдахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнд заасны дагуу алданги болон 100 хувь төлсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна.

Энэхүү орон сууц нь 2 орцтой 4 давхар 22 айлын орон сууц бөгөөд гүйцэтгэл нь нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн сонинтой хамт авсан гэрэл зургаар нотлогдоно.

Нэхэмжлэгчийн зүгээс тооцож үзэхэд орон сууцны гүйцэтгэл нь 20 хувьд ч хүрэхээргүй байгаа боловч гүйцэтгэлийг 20 хувиар тооцож авсан болно. 80 хувийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 186,814,000 төгрөг болж байна. Мөн энэ 2 жилийн хугацаанд Улаанбаатарт байр хөлсөлж амьдарч байгаа бөгөөд цаашид хохирлоо барагдуулах хугацаанд ч гэсэн байр хөлслөн амьдарч хохирсоор л байх юм байна.

2 жилийн хугацаанд хариуцагч нь захиалагчдын шаардлагаар удаа дараа уулзалт хийж амлалт өгч байсан боловч огт хэлсэн зүйлээ хийгээгүй болно. Мөн энэ хугацаанд гэрээ хийлгүй ах, дүү нарынхаа байранд бага хөлсөөр амьдарсан ба Австрали руу явж 4 сар хүүхдийндээ, хөдөө дүүгийндээ 4 сар байх зэрэгт өчнөөн зардал гарсан боловч нэхэмжлээгүй болно.

Иймд Э ХХК-тай миний байгуулсан 000000 тоот орон сууц захиалгын гэрээг цуцалж, 100 хувийн төлөлт хийсэн 233,517,500 төгрөг, 2022.07.01-нээс хойшхи байр түрээсэлсэн зардал болох 16,150,000 төгрөг, алданги 93,407,000 төгрөг, нийт 343,074,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч А.Ц нь гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр, түрээсийн зардал, алданги нийт 343,074,500 төгрөгийг гаргуулах шаардлагаас 43,074,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300,000,000 төгрөгийг Э ХХК нь хүлээн зөвшөөрч 2025.01.30-нд 60,000,000 төгрөг, 2025.02.03-нд 60,000,000 төгрөг, 2025.02.18-нд 180,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 000000 тоот мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 233,517,500 төгрөг, алданги 93,407,000 төгрөг, түрээсийн зардал 13,300,000 төгрөг буюу 340,224,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.11.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2,850,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 343,074,500 төгрөгийг шаардсан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь 343,074,500 төгрөг гаргуулах шаардлагаас 43,074,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 300,000,000 төгрөгийг Э ХХК нь хүлээн зөвшөөрч 2025.01.30-нд 60,000,000 төгрөг, 2025.02.03-нд 60,000,000 төгрөг, 2025.02.18-нд 180,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч А.Ц-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Э ХХК-иас 2024.11.07-ны өдөр Р.Н-т 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/87 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,919,622 төгрөг /2024.08.07-ны өдөр төлсөн 1,859,072.50 төгрөг, 2024.11.04-ний өдөр төлсөн 60,550 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 300,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э ХХК-д холбогдох 000000 тоот орон сууц захиалгын гэрээг цуцалж, 343,074,500 төгрөг гаргуулах тухай А.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 43,074,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300,000,000 төгрөгийг 2025.01.30-нд 60,000,000 төгрөг, 2025.02.03-нд 60,000,000 төгрөг, 2025.02.18-нд 180,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 1,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,919,622.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА