Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05271

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 182/ШШ2024/05271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ..................... давхарт байрлах, Д ББСБ ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Ж.О /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д ББСБ ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ж.О нь Д ББСБ ХХК-тай 2021.07.09-ний өдөр ЗГ0000000Х тоот Зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй манай ББСБ-ыг хохироож байсан тул түүний оршин суугаа хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12067 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан ............................. тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Ж.О-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12067 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 2 х/,

-2024.11.06-ны өдрийн 24/582 тоот Г.Б, Г.С, Э.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.05-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2017.03.10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ00000000 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 6-7 х/,

-2024.06.03-ны өдрийн Төлбөрийн баримт /хх-ийн 8 х/,

-2021.07.09-ний өдрийн ЗГ0000000Х дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 9-11 х/,

-Зээл хүсэгчийн анкет /хх-ийн 12 х/,

-Зээл төлөлтийн дансны хуулга /хх-ийн 13 х/,

-2024.05.06-ны өдрийн 24/А-08 тоот П.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Д ББСБ ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.07.09-ний өдрийн ЗГ0000000Х дугаартай зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О-ын оршин суух хаягийг ............................. тоот гэж тодорхойлсны дагуу Д ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,855,596.99 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12067 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.О нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 2 х/,

 

Ж.О нь Д ББСБ ХХК-тай 2021.07.09-ний өдөр ЗГ0000000Х дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Д ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 9-11 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2024.11.29-ний өдрийн 182/ШЗ2024/20594 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О-ын оршин суугаа хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн Төрийн мэдээлэл солилцооны Хур системийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд Ж.О-ыг ................ тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 18 х/

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О-ыг эрэн сурвалжлуулах тухай Д ББСБ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Ж О /РД:0000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Д ББСБ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА