| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06935/И |
| Дугаар | 182/ШШ2024/05269 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/05269
2024 12 02 182/ШШ2024/05269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ................... өөрийн байранд байрлах, Г ХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт С М /РД:000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...С.М нь 2023.11.24-ний өдөр Г-тай ЗГ0000000000 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар авсан.
Зээлдэгч С.М нь 0000000000 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 116 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд нийт 11,065,600.29 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. С.М-г банкнаас идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ .............................. тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь 2024.10.23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2024/17902 дугаартай захирамжаар тогтоогдсон.
Иймд С.М-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.12-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,
-2024.11.11-ний өдрийн 18/02/3558 тоот Ч.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2024.07.26-ны өдрийн 317 дугаартай Г-ны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал /хх-ийн 5 х/,
-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
-2023.11.24-ний өдрийн ЗГ0000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 7 х/,
-Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8 х/,
-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 9 х/
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 182/ШЗ2024/17902 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 10-11 х/,
-Иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 12 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.11.24-ний өдрийн ЗГ0000000000 дугаартай зээл болон барьцааны гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-гийн оршин суух хаягийг .............................. тоот гэж тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 11,065,600.29 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 182/ШЗ2024/17902 дугаартай шүүгчийн захирамжаар С.М нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10-11 х/,
С.М нь Г ХК-тай 2023.11.24-ний өдөр ЗГ0000000000 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7 х/,
С.М нь 2023.11.24-ний өдрийн ЗГ0000000000 дугаартай зээл болон барьцааны гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 182/ШЗ2024/17902 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт С М /РД:000000000/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.М-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА