Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

Д.*******т холбогдох

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Б.*******

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******ын давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох 2223001400211 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй,  Завхан аймгийн ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суудаг, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт ийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын гадна талбайд түүний найз Э.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан Завхан аймгийн гийн газрын ажилтай хууль сахиулагч М.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн түүнийг хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж мөргөх, өшиглөх зэргээр зодож эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 6 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд түүний уг ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******ын давж заалдах гомдлын агуулга:  

Миний бие нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч хохирол гомдолгүй гэсэн болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ажлын шугамаар хөдөө сумуудаар томилолтоор их явдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар 6 дугаар сарын дундуур аймгийн  сумын рашаанд сувилалд эмчилгээ хийлгэх заалттай байдаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан надад Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч  Д.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч хохирол гомдолгүй гэсэн болно.

“...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.  Мөн ажлын шугамаар хөдөө сумуудаар томилолтоор их явдаг бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар 6 дугаар сарын дундуур аймгийн сумын рашаанд сувилалд эмчилгээ хийлгэх заалттай байдаг учраас миний хувийн байдлыг харгалзан надад Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал болон ажил хэргийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

 Прокурор Б.******* дүгнэлтдээ:

 “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт  Э.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан Завхан аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай хууль сахиулагч М.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амар доромжлох, мөн түүнийг мөргөх, өшиглөх зэрэг биед нь хүч хэрэглэн халдсан  байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч М.ын “... би 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цагаас шөнийн 02 цаг хүртэл оройн нэмэлтээр хуваарийн дагуу замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан... Петровис клонк дээр улсын дугаартай улаан өнгийн forester маркийн тээврийн хэрэгслийг зогсоож иргэн Э. нь эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн шалгах явцад тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилсон. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулах байранд хүргэхээр явж...дэд ахлагч Р.ийн хамт тухайн газар очиход иргэн Д.******* нь чи намайг байнга торгодог, зогсоодог, би чамтай тооцоотой, чамайг амьдралгүй болгоно гээд дух руу мөргөсөн. Дараа нь нүүр эрүү хэсэг рүү өшиглөсөн...тухайн үед мөргөснөөс болж зүүн талын шанаа хавдсан, хоолой улайсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын “...Тэгтэл Д.******* ирээд улаан өнгийн forester маркийн машины хойд хаалгыг онгойлгоод дараа нь дэд ахлагч М.ыг албаны машины урд зогсож байхад нь и намайг өмнө нь зогсоож торгож байсан чам шиг юм намайг зогсоох эрх байхгүй гэх мэт элдэв янзын үгээр доромжлоод заналхийлж байснаа М.ыг мөргөх шиг болсон. Тэгтэл М. доошоо тонгойсон байхад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.ийн “... Тэгтэл ******* ирээд ын машин дээр очоод буцаж ирээд дэд ахлагч М.ыг машины гадаа байхад нь нүүрэн тус газар руу нь гараараа цохиод доошоо тонгойсон байхдаа нь нэг удаа нүүр рүү нь өшиглөөд авахаар нь Б., дэд ахлагч Б. бид гурав очиж салгаад Д.******* гэх залууг дэд ахлагч Б.ын машинд суулгаад түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн.”  гэх мэдүүлэг,     

Гэрч Х.ын”... *******, М.ыг заамдаж аваад цааш нь түлхээд нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Тэгтэл хамт байсан цагдаа нар нь очиж салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг,

гийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.ын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Завхан аймгийн Т.ын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

2.Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Д.******* нь  давж заалдах гомдолдоо. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч хохирол гомдол саналгүй гэсэн байгаа. Би зорчих эрх хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ажлын шугамаар хөдөө сумуудаар томилолтоор их явах, эрүүл мэндлийн шалтгаанаар 6сарны дундуур Говь-алтай аймгийн рашаан сувилалд эмчилгээ хийлгэх заалттай байдал, миний хувийн байдлыг харгалзаж, торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР