Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Б.Д

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Д- нь Х аймгийн Аг сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчин, эцэг мал маллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа юм.

Иймд Б.Д- миний бие А сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж Б.Д нь Х аймгийн Аг сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд Б.Д-г Х аймгийн Аг сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Д- нь Х аймгийн Х аймгийн А сумын М нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Х аймгийн Аг сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д-гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, диплом, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Дашнямын ...Б.Д- нь 1981 оноос Аг сумын М нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин туулайчнаар ажиллаж байсан. 1991 оныг дуустал ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг, гэрч П.Гэрэлтуяагийн ...Б.Д нь 1981 оноос Х аймгийн Аг сумын М нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1991 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Д-г Х аймгийн Аг сумын М нэгдэлд 1981 оны 8 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн А сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д-гийн Х аймгийн А сумын М нэгдэлд 1981 оны 8 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн А сумын М нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ