Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2024/0038/З |
Дугаар | 110/ШШ2024/0037 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2024/0037
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Д, З.М, С.П,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хоорондын тэтгэмжийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талаас Боловсролын ерөнхий хуульд зааснаар мөнгөн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгахаар маргаж, үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1. З.М нь боловсролын байгууллагад 36 жил тасралтгүй ажилласан, сүүлд Өлгий сумын ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан.
1.2. А.Д нь эрүүл мэндийн байгууллагад 20 жил, боловсролын байгууллагад 20 гаруй жил улсад нийт 40 гаруй жил ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан.
1.3. С.П нь улс, нийгэмд 41 жил 10 сар үүнээс төрийн байгууллага буюу Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгт 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 17 жил 9 сар, 17 хоног, 1990-1994 оны нөхөн даатгалд 5 жил төрд 22 жил, 9 сар 17 хоног ажилласан. С.П нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан.
1.4. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Боловсролын ерөнхий хуулиар боловсролын байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан тохиолдолд үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийн асуудлыг хуульчлан баталжээ. Ингээд З.М, А.Д, С.П нарт төрөөс нэг удаа олгох мөнгөн тэтгэмж олгуулах захиалгыг тэдний ажиллаж байсан байгууллагуудаас баталгаажуулан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газарт 2023 оны 8 дугаар сарын эхээр хүргүүлсэн байна.
Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нэр бүхий ажилтан нарт төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн бичиг баримтуудын хянан үзээд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамд хүргүүлсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яам уг нэг удаа олгох тэтгэмжийн бичиг баримтуудын төслийг хянан үзээд Сангийн яамд хүргүүлсэн байна. Сангийн яамнаас уг тэтгэмжийг УИХ-д өргөн барьснаар УИХ төсвийн төслийг жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батална гэж зааснаар З.М, А.Д, С.П нарт боловсролын байгууллагад 5 жил тасралтгүй ажилласны нэг удаа тэтгэмжийг хуулийг хэлбэрээр баталгаажуулжээ. Ингээд УИХ-аас баталсан 2021 оны Төсвийн тухай хуулийн дараа З.М, А.Д, С.П нарт олгох боловсролын байгууллагад 5 жил тасралтгүй ажилласны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг 2024 оны 3 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүүгийн дансанд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шилжүүлсэн байна.
1.5. Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас З.М, А.Д, С.П нарт ажиллаж байсан байгууллагад мэдэгдэл хүргүүлэн тэдэнд олгох нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг шаардан гаргуулан авсан байна.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь нэгэнт хуулийн хэлбэрээр батлагдаж ирсэн З.М, А.Д, С.П нарт нэг удаа олгох тэтгэмжийг “өндөр насны тэтгэвэрт гарсан“ гэсэн үндэслэлээр өгөхгүй байгаа эс үйлдэхүйд гомдолтой байна.
Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь З.М, А.Д, С.П нар 2023 оны эцсээр өндөр насны тэтгэвэрт гарна гэдгийг мэдэж байсан юм. Үүний учир нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нэг удаагийн тэтгэмж 2024 оны төсөвт суусан гэдгийг мэдэж байсан, уг тэтгэмжийг 2024 онд олгох ёстой байсан гэж үзэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
2.1. Боловсролын ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан боловсролын байгууллагын нэр бүхий албан тушаалд ажиллаж байгаа хүмүүст тодорхой жилийн давтамжтай нэг удаа тэтгэмж олгох заалт батлагдсан. Үүнд анх ажилд орсон хүнд 5 жил ажилласны дараа тэтгэмж олгодог, дараа нь 3 жилд тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгохоор журамласан байна.
Нэхэмжлэгч З.М нь өмнө бас тэтгэмж авч байсан. Тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь З.М холбогдох материалуудыг Боловсрол, шинжлэх ухааны яамд явуулсан, яам нь З.М материалуудыг хянаж, Улсын Их Хурлаар төсвийг нь батлуулснаар тэтгэмжийн мөнгө нь нэгдсэн журмаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дансанд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орсон. Нийт 8,022,000 төгрөгийн тэтгэмж авахаар нэхэмжилж байгаа.
2.2. А.Д 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. Боловсролын ерөнхий хууль зааснаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуульд ажиллаж байх хугацаанд 3 жилд нэг удаа олгох тэтгэмжийн эрх нь үүссэн учраас холбогдох материалуудыг тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт бүрдүүлж өгсөн. Улсын Их Хурлаас мөнгөн тэтгэмж олгохоор батлагдсан байна. Тэтгэмжийн мөнгө нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дансанд орсон байна. Нийт 7 278 000 төгрөгийн тэтгэмж авахаар нэхэмжилж байгаа.
2.3. С.П нь 2006 оны 02 дугаар сараас эхэлж тус аймгийн 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа. Тухайн үед Боловсролын тухай хууль хүчингүй болж, байгууллагын нягтлан бодогч, дарга нар нь С.П дуудаад хүсэлт гаргуулж, холбогдох материалуудыг бүрдүүлж хянаад Боловсролын яамд хүргүүлсэн байдаг. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн нэр бүхий хүмүүстэй хамт мөнгөн тэтгэмж нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дансанд орсон. С.П хувьд 6,600,000 төгрөг түүнд олгох ёстой.
2.4. З.М, А.Д, С.П нар 2019 онд 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийн мөнгийг авсан. Ажлын байрны онцлогтой холбогдуулан төрөөс тусгайлан анхаараад нийгмийн баталгааг хангуулах үүднээс олгож байгаа мөнгөн тэтгэмж бөгөөд тухайн хууль гарсан үед нэхэмжлэгч нар боловсролын байгууллагад ажиллаж байсан.
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр энэ тэтгэмжийг олгох тухай Засгийн газрын 104 дүгээр тогтоол гарсан, уг тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсвэл өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүст олгохгүй гэж заасан ба энэ нь хариуцагч талын татгалзлын үндэслэл болж байна.
Журам нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Харин 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тэтгэмж олгох хууль хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч нар холбогдох материалаа журам гарахаас өмнө өгсөн, тэтгэмжийн мөнгө нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шилжиж ирсэн хүмүүст энэ журам үйлчлэх ёстой гэж хариуцагчийн татгалзаж байгаа нь учир дутагдалтай байна. Тэтгэмжийн мөнгө 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр буюу журам гарахаас өмнө Боловсрол, шинжлэх ухааны газрын дансанд орсон байсан. Засгийн газрын журам нь гарсан өдрөөс хойш хүчин төгөлдөр байх ёстой гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
3.1. Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т “сум, баг, тосгон дах төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дах жил болон дараагийн гурав дах жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасан боловч хуулийн энэ заалтад холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газар дараах журмаар зохицуулсан байна.
Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталсан.
Уг журмын 1.1 дэх хэсэгт “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3-т заасны дагуу багш, ажилтанд улсын төсвөөс мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна гэж, 1.2 дах хэсэгт “энэ журмаар авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй” гэж, Журмын 2.2-т “энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил /60 сар/ болон дараагийн гурав дах жил /36 сар/ ажилласан байна” гэж тус тус заасан.
2024 оны төсвийн төсөлд иргэн З.М, А.Д, С.П нарын материалыг хянан, тэтгэмжийн захиалгыг Боловсрол, шинжлэх ухааны яамд хүргүүлсэн боловч иргэн З.М, А.Д, С.П нар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өндөр насны тэтгэвэр гарсан тул багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дээрх заалтуудыг хангахгүй байгаа учраас нэг удаа олгох тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс талуудын маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.М, С.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:, 43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч; 43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш.” гэж зааснаар нэхэмжлэгч С.П, З.М нарт тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар, нэхэмжлэгч А.Д 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус тус мөнгөн тэтгэмж олгосон байна. /Хэргийн 32, 43, 133 дугаар хуудас/
3. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 24.1.2-т “энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах;” гэж заасан.
Хуульд заасны дагуу Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын Хоёрын 2.2 дахь хэсэгт Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байхаар зохицуулагджээ.
4. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр нэхэмжлэгч З.М Өлгий сумын ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажлаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс, С.П Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар туслах багшийн ажлаас мөн өдөр, нэхэмжлэгч А.Д Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар эмчийн ажлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч нарын хамгийн сүүлд мөнгөн тэтгэмж авсан дээрх хугацаанаас тооцоход аль аль нь энэхүү журмын 2.2-т заасан дараагийн гурав дахь жилдээ тасралтгүй ажилласан байх шаардлагыг ажлаас чөлөөлөгдсөн үед тус тус хангасан нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар талууд хоорондоо маргаагүй болно.
5. Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан сургалтын байгууллагуудаас Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т зааснаар мөн зүйлд заасан албан тушаалд ажилласан дараагийн гурав дахь жилийн зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох нэхэмжлэгч З.М 8 022 000 төгрөг, С.П 6 600 000 төгрөг, А.Д 7 278 000 төгрөгийг улсын төсвөөс олгуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тэтгэмж олгоход шаардагдах зардлыг хуульд заасан эрх бүхий байгууллагаар батлуулсан, ингэснээр нэхэмжлэгч нарт олгох дээрх хэмжээний тэтгэмжийн мөнгө нь Баян-Өлгий аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шилжиж ирсэн үйл баримтууд хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагч захиргааны байгууллагын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 409 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын Нэгийн 1.2-т “Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.” гэж заасан байх ба хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч З.М, А.Д, С.П нарт журмын энэхүү үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзжээ.
7. Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 24.1.2-т “энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах;” гэж зааснаар Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталж, журмын Нэгийн 1.2-т энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмжийг олгохгүй байхаар зохицуулжээ.
Иймд хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас тус тус чөлөөлөгдсөн нэхэмжлэгч С.П, З.М нарт тэтгэмж олгохоос татгалзсан нь Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, дээрх журмын Нэгийн 1.2-т заасан зохицуулалтад тус тус нийцсэн байна.
8. Дээрх байдлаар Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтанд тэтгэмж олгох журмыг батлах бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр мөн хуулийн 24.1-д заасан, хуульд заасан эрх бүхий байгууллагаас тэтгэмж олгох журмыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр анх баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш, ажилтанд тэтгэмж олгохгүйг тодорхой зохицуулсан байх тул “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн боловч дээрх журам батлагдахаас өмнө 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт шилжүүлсэн тэтгэмжийг авах эрхтэй” гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.
9. Харин нэхэмжлэгч А.Д 7 278 000 төгрөгийн тэтгэмжийг олгохоос хариуцагч татгалзсан нь буруу байна.
Үүнд, нэхэмжлэгч А.Д нь дээрх байдлаар Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эмчийн ажлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн боловч тус сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар тухайн албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулсан, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримтууд тус сургуулийн 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сарын цалин олгох хүснэгт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаартай албан бичгээр ирүүлсэн тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
10. Дээрх нөхцөл байдалд дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.Д нь Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан дараагийн гурав дахь жил ажилласны зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй гэж үзлээ.
10.1. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно.”, 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.” гэж заасан.
А.Д эрх бүхий этгээдээс сургуулийн эмчийн ажлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба уг өдөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Дараах нийтээр тэмдэглэх баярын өдөр амарна: 97.1.1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1;” гэж зааснаар ажлын бус өдөрт хамаарч байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу А.Д өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын Нэгийн 1.2-т “Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.” гэж заасан тул дээрх байдлаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй.
10.2. Нөгөө талаар нэхэмжлэгчийг дээрх байдлаар эрх бүхий этгээдээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар сургуулийн эмчийн албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулсан байх тул А.Д сургуулийн эмчийн ажлаас чөлөөлөгдсөн эцсийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч журмын Нэгийн 1.2-т заасан “Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.” талаарх зохицуулалтыг үндэслэн Өлгий сумын 6 дугаар сургуулийн эмчээр ажилласан А.Д Боловсролын ерөхий хуулийн 13.3.3-т заасан албан тушаалд дараагийн гурав дахь жил ажилласны зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 7 278 000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоогүй нь үндэслэлгүй, ингэснээр нэхэмжлэгчийн хуульд зааснаар тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллагаас зөрчсөн байна гэж дүгнэв.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын Хоёрын 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дараах багш, ажилтанд доор дурдсан хэмжээгээр мөнгөн тэтгэмжийг олгоно: 2.1.1-д “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтанд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний;”, Гурвын 3.2-т “Тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас тогтоосон албан тушаалын үндсэн цалингийн хэмжээгээр тооцно.”, 3.4-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.1.1-д заасан тэтгэмжийн хөрөнгийг аймаг, нийслэлийн боловсролын газар, 2.1.2, 2.1.3-т заасан тэтгэмжийн хөрөнгийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан багш, ажилтанд олгох ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангана.” гэж тус тус заасан.
А.Д нь сургуулийн эмчийн албан тушаалд 1 213 000 төгрөгийн үндсэн цалин авч ажилласан нь, уг ажилд холбогдох журамд зааснаар дараагийн гурав дах жил /36 сар/ тасралтгүй ажилласан нь, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш уг ажлаас чөлөөлөгдсөн нь , түүний зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 7 278 000 төгрөгийн тэтгэмжийн мөнгө нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт эрх бүхий байгууллагаас шилжүүлсэн нөцөл байдлууд хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ НЬ:
1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Д 7 278 000 төгрөгийн тэтгэмж олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгаж, нэхэмжлэгч З.Маруза, С.П нарын гаргасан З.М 8 022 000 төгрөгийн, С.П 6 600 000 төгрөгийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА