Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 26

 

Б.Л-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00636 дугаар шийдвэртэй

Б.Л-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Миний бие 1970 онд төрсөн. Одоо би 50 настай бөгөөд малчнаар тэтгэвэрт орох гэтэл ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр олдохгүй устаж үгүй болсон. Би 3 дугаар ангиасаа сургуулиас гарч, хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж амьдарч байгаад хүнтэй суугаад тусдаа гарч, мөн л мал маллаж амьдарч байсан. Би 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, нэгдэл хувьчлалд ороод компани болоход би Булган сумын “Баян-Өндөр” компанийн малчнаар хуваарилагдсан. Ингээд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин байсан. Иймд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Баян-Өндөр” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00636 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Л-ийн Архангай аймгийн Булган сумын “Баян-Өндөр” ХК-д 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Б.Л миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь миний Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл татан буугдаж компани болох үед Булган сумын “Баян-Өндөр” ХК-д ажиллаж байсан. Миний нэгдэлд ажиллаж байсан байдлыг зөвхөн ХААТР-1 маягтад үндэслэн ХААТР 1 маягтад тусгагдсанаас бусад жилүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, миний ажилласан байдлыг зөв тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Л 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Баян-Өндөр” ХК-д малчнаар ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

           Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Б.Л-ийн Архангай аймгийн Булган сумын “Баян-Өндөр” ХК-д 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажилласан хугацааг тогтоож,  Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Л-ийн хөдөлмөрийн дэвтэр, Булган сумын “Баян-Өндөр” компанийн өмч хувьчлалын материал, гэрч С.Б, А.Б нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Б.Л-ийн Архангай аймгийн Булган сумын “Баян-Өндөр” ХК-д 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, тухайн хугацааг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

           Харин Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажилласан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг “энэ хугацаанд ажиллаж байсныг гэрчлэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 1985-1990 оны материалыг шүүж үзэхэд холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн Архивын тасгийн тодорхойлолт, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 950 дугаар албан тоотоор ирүүлсэн хүн амын регистрийн карт, ХААТР-1, МАЯГТ-1 гэсэн баримтуудаар дээрх хугацаанд Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан.

           Тодруулбал эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

           Хуулийн энэ зохицуулалтын дагуу ажилласан байдлыг нотлох баримтгүйгээс болоод өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл үүссэнээс шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байхад ажиллаж байснаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж хүсэлт гаргагчийг буруутгах боломжгүй юм.

           Нэгэнт онцгой ажиллагааны журмаар шүүх хэргийг шийдвэрлэж байгаа тул шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр бүрдүүлэх үүрэгтэй.

            Энэ хэргийн тухайд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу гэрч С.Б, А.Б нараас гэрчийн мэдүүлэг авч,  өөрийн санаачилгаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, МАЯГТ-1 гэсэн баримтуудыг гаргуулсан байна.

           Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүсэлт гаргагч Б.Л-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулж, мөн өдрөө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргасан, хэргийн материалыг  хүсэлт гаргагчид  танилцуулаагүй, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчид 2020 оны 06 сарын 18-нд буюу шүүх хуралдаан болох өдөр танилцуулсан, хүсэлт гаргагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй зэргээр хүсэлт гаргагчид нотлох баримт бүрдүүлэх, шүүхэд мэтгэлцэх боломж олгоогүй байна.

           Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх өөрөө бүрдүүлсэн нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж буй нь ойлгомжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсонгүй.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ