Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00094

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Ө.Э-д холбогдох

15.541.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 02ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Э нь өөрийн өмчлөлийн М сумын 9 дүгээр багт байршилтай хашаа байшинг худалдсаны дараа төлнө гээд надаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7.290.100 төгрөг зээлсэн. Үүний 400.000 төгрөгийг нь гэрийн модны үнэ гэж Жаргал сумын иргэн Өлзий гэдэг хүний ХААН банк дахь данс руу надаар хийлгэсэн, 220.000 төгрөгийн үнэтэй хулдаасыг мөн надаар авахуулсан. Бусад мөнгийг нь өөрөө бэлнээр авсан.

2013 оны 01 дүгээр сарын 06-нд утсаар яриад мөн зээлээ нэмж авна гээд Чам руу таньдаг хүнээ явуулчихъя, түүнд өгч явуул гэсэн. Түүний явуулсан таксины жолооч Хөвсгөл гэдэг хүн ирээд 550.000 төгрөг аваад явсан.

Мөн өдрөөс А суманд худаг барих тендэрт оролцно гээд 400.000 төгрөг авсан, будаг, труба, электрод зэрэг 388.000 төгрөгийн бараа авсан.

2013 оны 5,6 дугаар саруудад тус бүр 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг,2013 оны 10 дугаар сард байшингаа доторлоно гээд шар хавтан 325.000 төгрөг, шилэн хөвөн- 120.000 төгрөг, хүрээ 20.000 төгрөгийн, гэрлийн утас 24.000 төгрөг, өдрийн гэрэл 36.000 төгрөгийн нийт 525.000 төгрөгийн барилгын материал авсан.

2015 оны 4 дүгээр сарын 05-нд ажлын байрны түрээс төлнө гээд 400.000 төгрөг, мөн ОСП хавтан 300.000 төгрөгийн шилэн хөвөн 108.000 төгрөгийн нийт 408.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авсан.

2014 оны 9 дүгээр сарын 26-нд Төрийн банкны М сум дахь тооцооны төвд 240414900706 тоот дансанд 770.000 төгрөгийн зээлийг надаар төлүүлсэн.

2014 оны 12 дугаар сард эслэг хавтан 168.000 төгрөгийн, банз 2 м3 буюу 240.000 төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 19-нд зээл төлнө гэж бэлнээс 1.600.000 төгрөг авсан.

Мөн 2014 оны 7 дугаар сард Хатгал явахдаа 300.000 төгрөг бэлнээр 80.000 төгрөгийн үнэ бүхий гэрлийн утас, 160.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн зуух 2 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг яндан, нийт 580.000 төгрөгийн материал,

2014 оны 10 дугаар сард 135.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг гэрийн бүрээс авсан.

Ө.Э нь дээрх байдлаар 2012 оны 12 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд надаас бэлэн мөнгөөр болон материаллаг зүйлсээр нийт 15.541.000 төгрөгийг зээлж авсан боловч одоо болтол өгөхгүй байна.

Иймд дээрх мөнгийг Ө.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй би түүний шаардлагатай нэг бүрчлэн танилцсан.

Иймд нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ө.Эаас 15.541.000 /арван таван сая таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Э нь ....нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э-аас 117.828 төгрөг, улсын орлогоос буцаан 117.828 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.541.000 төгрөгийг хариуцагч Ө.Э төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.656 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э-аас 117.828 /нэг зуун арван долоон мянга найман зуун хорин найм/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 117.828 /нэг зуун арван долоон мянга найман зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ