Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00095

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хаймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Б.Э, С.Д  нарт холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээл 3.460.000 /гурван сая дөрвөн зуун жаран мянг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын 1 дүгээр багийн иргэн Б.Э, хамтран эзэмшигч С.Д нар сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 дугаар сарын 27-нд 4.000.000 төгрөгийг 0.25 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн Мужаан цех-ийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлээс 1.000.000 төгрөг, зээлийн хүү 105.000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-нд дууссан боловч гэрээний дагуу зээл болон хүүгээ төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна.

Иймд Б.Э, С.Д нараас хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 130.000 төгрөг, алданги 330.000 төгрөг, нийт 3.460.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлүүлж сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Э-гийн хамт 2013 оны 5 дугаар сарын 27-нд сум хөгжүүлэх сангаас 2 жилийн хугацаатай 4.000.000 төгрөгний зээлийг мужаан цех байгуулах зориулалтаар авч үйл ажиллагаа явуулсан. Үндсэн зээлээс 1.000.000 төгрөг зээлийн хүү 105.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг хүүгийнх нь хамт хугацаа хэтрүүлсэн нь үнэн болно. Б.Э нь надтай хамт ажилладаг гарын үсэг зурж авсан боловч төлөлтөнд хамааралгүй болно. Ойрын үед үлдэгдэл зээлийн хүү алдангийг нь хамт нийт 3.460.000 төгрөг төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нь хариуцагч Б.Э, С.Д нараас сум хөгжүүлэх сангийн зээл 3.460.000 /гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хаймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ба төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжүүлэх сангийн зээл 3.460.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 70.309 төгрөгийн 50 хувь 35.154 төгрөгийг хариуцагч С.Д, Б.Э нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 3.460.000 /гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч С.Д, Б.Э нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 774.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч С.Д, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 35.514 /гучин таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ