Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2016/00096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2015/01114/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс урьд онуудад болон энэ онд үүсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 105.299.241, 36 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай. Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 140-170 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж, энэ хэмжээгээр цалин хөлсөө тооцож, нийгмийн даатгалын тайлан гаргаж мэдээлдэг боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар сар бүр төлбөл зохих шимтгэлээ хуулийн хугацаанд бүрэн төлөөгүйгээс нийгмийн даатгалын өрийг хуримтлуулсаар байгаа ба энэ байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгаа хангагдахгүй, улмаар аймгийн тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн төлбөрийг хуулийн хугацаанд олгох хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч нийгмийн даатгалын сангуудыг хохироосоор байна. Иймд Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн 105.299.241, 36 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын төвлөрсөн санд оруулж өгнө үү. Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн 105.299.241 төгрөг 36 мөнгөний шимтгэлийг тус байгууллагын 2015 оны 9 дүгээр сарын /НД-7,8 маягт/ тайлан, тооцоо, нийлсэн актаар хүлээн зөвшөөрч захирал, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн Х суманд 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, хяналтын тасгийн дарга ажилтай, Х аймгийн М сумын 13 дугаар багийн 26 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, РР68072565 дугаар регистртэй, Тариачин овогт Должингийн Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус суваг нийтийн аж ахуйн компани 2010 онд 2 хуваагдаж, Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн даатгалын шимтгэл 104.982.165 төгрөгийн өртэйгээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус газар нь 2010 оны 9 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгаа. Энэ хугацаанд тус газар нь нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрсөн санд оруулахгүй байсан учир манай байгууллага гэрээ байгуулж, графикийн дагуу сард 7.000.000-8.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч эхний хэдэн сар хийгээд түүнээс хойш хийгээгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сар бүрд хийхгүй байгаа байдал нь тус газарт ажиллаж байгаа 170 хүний нийгмийн хамгааллын мөнгөний эрх үүсэхгүй, эдгээр хүмүүст хохиролтой байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн халамж, тэтгэвэрт хамрагдах эрхгүй болж байгаа юм. Манай байгууллагаас Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай байнга тооцоо нийлж, дутуу төлсөн шимтгэлээ төлөхийг шаарддаг. Гэрээнд заасан алданги тооцохгүй байгаа бөгөөд урд оны өр дээр шинэ оны өрөө нэмээд төлөөч гэж хүсэж байгаа юм. Иймд Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас 105.299.241 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.М-д 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун

дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заажээ.

Хариуцагч Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ажиллагсдынхаа хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой 2010 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг нийгмийн даатгалын төвлөрсөн санд оруулаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2010 оны 9 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, тайлангууд, Нийгмийн даатгалын хэлтэс, Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хооронд нийгмийн даатгалын тооцоо нийлсэн актууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д заасан Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэсэн байх тул хариуцагч байгууллага шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иймд хариуцагч Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын төвлөрсөн санд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2013-2015 онуудын нийт ажиллагсдын цалингийн баримтууд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын захирал Б.М- шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч Х Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын төвлөрсөн санд оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА