| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01129/И |
| Дугаар | 155/ШШ2016/00097 |
| Огноо | 2016-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00097
Зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Г.Даваахүү би Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Е.Д, Б.Д нарт холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээл 5.767.500 /таван сая долоон зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х аймгийн Тосонцэгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын 5 дугаар багийн иргэн Е.Б, хамтран эзэмшигч Б.Д нар сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 01-нд 5.000.000 төгрөгийг 0.25 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн Сүлжмэл-ийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлээс 250.000 төгрөг, зээлийн хүү 200.000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 20-нд дууссан боловч гэрээний дагуу зээл болон хүүгээ төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна.
Иймд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 4.750.000 төгрөг, зээлийн хүү 115.000 төгрөг, алданги 902.500 төгрөг, нийт 5.767.500 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлүүлж сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Е.Б, Б.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 01-нд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай Сүлжмэл-ийн зориулалтаар авсан билээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндсэн зээл 4.750.000 төгрөг, хүү 115.000 төгрөг, алданги 902.500 төгрөг нэхэмжилснийг эргэн төлөлт дутуу орсон гэж үзэж байна гэж үзэн дахин зээлийн төлөлттэй холбоотой материалыг хянууллаа. Ингээд үндсэн зээлээс 4.415.000 төгрөг, зээлийн хүү 277.458 төгрөг, зээлийн алданги 794.700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие сүүлийн жилүүдэд сайнгүй байгаа ба хүнд оноштой бас бие давхар байгаа тул өөрийн боломжийн хугацаанд 8 сарын дотор сум хөгжүүлэх санд нийт 5.487.200 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Е.Б, Б.Д нар нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаа хэтрүүлсэн тул ЗДТГ-аас 5.767.500 төгрөгийг нэхэмжилсэн боловч 280.342 төгрөг төлсөн байна.
Иймээс Е.Б, Б.Д нараас 5.487.158 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Е.Б, Б.Д нараас Сум хөгжүүлэх сангийн зээл 5.767.500 /таван сая долоон зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Е.Б, Б.Д нар нь шүүхэд ....5.487.200 төгрөг төлнө.... гэх тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгч нь танилцаад ....5.487.158 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байгаа нэхэмжлэлийн шаардлага болох 5.767.500 төгрөгөөс 5.487.200 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 400.000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ба төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжүүлэх сангийн зээл 5.487.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 102.745 төгрөгийн 50 хувь болох 51.373 төгрөгийг хариуцагч Е.Б, Б.Д нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар, хариуцагч Е.Б, Б.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.487.200 /таван сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Е.Б, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжинд 51.373 /тавин нэгэн мянга гурван зуун далан гурав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ