| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00016/и |
| Дугаар | 155/ШШ2016/00098 |
| Огноо | 2016-01-11 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ж.Г-ын
Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *** оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Бүрэн дунд боловсрол эзэмшин улмаар Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэн авто механикч инженер, хөдөө аж ахуйн механикч инженерийн мэргэжлийг тус тус эзэмшсэн. Дээрх мэргэжлээрээ авто тээврийн 36 дугаар баазад ерөнхий инженер, аймгийн Тээврийг удирдах газарт инженер, Т, Р зэрэг сумдад ерөнхий инженер зэрэг албыг хашин одоо аймгийн Мэргэжлийн хяналтын газарт авто тээвэр, өргөх механизм, усан замын хяналтын улсын байцаагчийн албыг хашиж байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан 2016 онд тэтгэвэрт гарах хүний судалгаанд миний бие багтаж, 36 сарын буцалтгүй тэтгэмжийг ирэх оны улсын төсөвт суулгах тул зайлшгүй төрсөн он, насаа тогтоолгох асуудал гарч ирж байна. Миний төрсөн огноог 1958 онд төрснөөр Иргэний улсын бүртгэлд бүртгэсэн нь тэр үед иргэний бүртгэлийг үнэн зөв хөтөлдөггүй, ор нэр төдий хийж ирсэнтэй холбоотой. Би *** онд төрсөн бөгөөд дараах баримтыг үндэслэн миний төрсөн он, насыг тогтоож өгнө үү. Үүнд: 1983 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Ж.Г, төрсөн он *** гэх тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтэр *** Ж.Г, төрсөн он сар өдөр ***. жолоочийн үнэмлэх Ж.Г, 2002 онд олгосон иргэний үнэмлэх ***, Ж.Г, цэргийн батлах *** Жигжгээ Ганбат, төрсөн он ***, сар 9, өдөр 10 зэрэг баримт болно. Иймд намайг *** онд төрснөөр насыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь *** онд төрсөн бөгөөд тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилчдын буруугаас болж 1958 онд төрснөөр бүртгэгдсэн бөгөөд түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлах, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх дээр *** онд төрснөөр бичигдсэн байгаа. Х аймгийн Архивын тасгаас *** оны хүн амын тооллогын бүртгэл шүүлгэхэд нэр нь гарч ирээгүй, 2000 оны хүн амын тооллогын бүртгэл дэлгэрэнгүй байхгүй гэсэн. Үндэсний төв Архиваас шүүлгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд түүний дээрх баримтуудыг үндэслэн Ж.Г-ыг *** онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Г нь нас тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ж.Г *** онд төрсөн болох нь тогтоогдохгүй байна. Хэдийгээр 1983 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1977 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон цэргийн батлах, 2004 онд олгосон жолоочийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, 2002 онд олгосон иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудад Ж.Гыг *** оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр бичилт хийсэн боловч Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х аймгийн *** оны хүн амын тооллогын бүртгэлд тэрээр бүртгэгдээгүй тухай 10/475 тоот тодорхойлолт, гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Гүмээбаатар, Д.Норовсамбуу нар 1948, 1954 онд төрсөн бөгөөд хүсэлт гаргагчийг *** онд төрсөн тухай үйл баримтыг лавтай сайн мэдэхгүй, Х аймгийн М сумын Нисэх багийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...Ж.Г нь 2000 оны хүн ам орон сууцны тооллогоор тус багт *** онд төрснөөр *** регистрын дугаартай бүртгэгдсэн байна гэх бичилттэй 13/126 тоот тодорхойлолт байх боловч 2000 оны хүн ам орон сууцны тооллогын бүртгэлийн талаарх баримтыг ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнээд хавтаст хэрэгт цугларсан эдгээр баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул давхар нотлох баримтанд үнэлэх боломжгүй байна.
Иймд Ж.Г-ын нас тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Ж.Г-ын нас тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА