| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01082/и |
| Дугаар | 155/ШШ2016/00099 |
| Огноо | 2016-01-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.У - ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И-У дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох
Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01082/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Б.У, хариуцагч байгууллагын захирал Т.Б нар оролцлов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын харьяа Ус дулаан түгээх газрын нягтлан бодогчоор ажилд орсон. Уг газар нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн И сумын Иргэдийн хурлын тогтоолоор И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон өөрчлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалаар намайг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан. Би одоо 5 сартай жирэмсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хуулийн 40.1.5-д заасан ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн зөрчлүүдийг гаргаагүй. Захирал тушаалаа хоёр янз гаргасан бөгөөд надад ажлаас халсан тушаалын эх хувийг одоо болтол өгөөгүй. Иймд Б.У намайг Х аймгийн И сумын И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б дарга намайг ажлаас халсан үндэслэлээ тендер зарлалгүйгээр хово машин худалдан авсан, сахилгын зөрчил давтан гаргасан, Х аймгийн И сумын Засаг дарга ажлаас чөлөөлөхийг шаардсан гэсэн тайлбар хэлсэн. Хово машиныг худалдаж авахад би тендер зарлахгүй, тендер зарлах үйл явцыг Х аймгийн И сумын үнэлгээ, Тендерийн хороо зохион байгуулна. Манай байгууллагын өмнөх захирлыг тендер зарлахгүйгээр хово машин худалдаж авсан гээд ажлаас нь халсан.
Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл нь: И дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 2013 онд тендер зарлалгүйгээр 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр бараа материал авч байсан, 2014 онд бүх уурын зуухууд сумынхаа төсвийн газарт хөрөнгө оруулдаг гэсэн утгаараа бүх уурын зуухны нягтлангуудад Аудитын газраас хязгаарлалтай дүгнэлт, түүнээс өмнө мөн сануулах арга хэмжээ авч байсан. Түүнчлэн намайг захиралтайгаа хамаатан садан гэсэн утгаар ажлаас халж байгаа бөгөөд би захиралтайгаа хамаатан садан биш бөгөөд Авлигатай тэмцэх газраас хамаарал бүхий этгээд гэдгийг тайлбарласан байдаг ба хамаарал бүхий этгээд гэдэг нь миний нөхөр, аав, ээж, ах, дүү, миний гэр бүлийн хүний төрсөн эцэг, эх, ах, эгч нь хамаардаг юм билээ.
И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тус сумынхаа төсөвт байгууллага болох сургууль, цэцэрлэг болон хувь хүмүүсээс ирсэн цэвэр ус, бохир, халаалтын орлого зэргээс төсөв нь бүрддэг учир Төсвийн тухай хуулийг баримталдаг, төсвөөс санхүүждэг юм. Тус байгууллагын жилийн төсвийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу ажлаа гүйцэтгэдэг болохоос байгууллагын дарга, нягтлан хоёр шийдээд хийх асуудал байхгүй. Төсөв батлаагүй байхад илүү зарлага гаргана гэж байхгүй, батлагдсан төсөвтөө захирагдана. 2013 оны 5 дугаар сард Хөхтэнгэр хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.500.000 төгрөг, Урагшлах од хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.600.000 Эко хангал хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.947.000 төгрөг шилжүүлсэн тухайд Тендерийн тухай хуульд зааснаар нэг байгууллагад 10.000.000 төгрөгөөс илүү гүйлгээ хийж болохгүй. Манай байгууллагын дарга ийм гүйлгээ хий, хуульд харшлахгүй гэсэн учир хийсэн. Нэг хүний компани гэдгийг мэдэхгүй.
Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд байгууллага 2, 3 нятлантай бол ТҮ 7, 8 гэж заагладаг, харин 1 нягтлантай байвал ерөнхий нягтлан бодогч гэж үзээд ТҮ 8-аар цалинжина гэж заасны дагуу би ТҮ 7-гоор цалинжиж байгаад ТҮ 8 болгож зэрэглэл ахиулж цалин авахад байгууллагад хохирол учруулсан гэж үзсэн. Мөн намайг худгаас олсон орлогыг цалин дээр нэмж өгдөггүй гэсэн байгаа ч 8, 9 дүгээр сарын орлогыг нь 9 дүгээр сард нийлүүлж өгсөн, үүнтэй холбоотой баримт хэргийн материалд байгаа. Өмнөх захирал шинэ нөүтбүүк авахад тооцоог нь бэлнээр хийсэн байсан учир үнийг нь гаргаж өгсөн. Намайг шатахууны шаардах баримт нөхөж хийсэн болон бусад баримт бичигт засвар хийдэг гэж байгаа боловч захирал Т.Б нь өмнө нярав, механикчаар ажиллаж байхдаа шатахууны бүх тооцоог өөрөө хийж, биднээс өмнө тооцоо нийлж, би тооцоо нийлсэн баримтаар гүйлгээ хийдэг байсан. Т.Б дарга тухай үед нь хэлээгүй хирнээ надад 4, 5 шаардах өгөөд шатахууны шаардах нөхөөд хийчих гээд надаар нөхүүлж хийлгүүлсэн. Би ажлаас халагдахдаа жирэмсэн төдийгүй, 2 нас хүрээгүй хүүхэдтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн болон 2 хүртэл настай хүүхэдтэй бол ажлаас халахгүй гэсэн заалт байдаг. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан учир Х аймгийн И сумын И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 2 сарын цалин гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын захирал Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.У нь хууль зөрчсөн аливаа буруутай үйлдэл огт гаргаагүй гэж байна. Б.У И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн, мөн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд нь өмнөх удирдлагууд сахилгын шийтгэл удаа дараа ногдуулж байсан ба дахин сахилгын зөрчил гаргасан тул И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-ыг үндэслэн 2015/09/21-нд А/10 тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй сахилгын ноцтой зөрчил гаргасанд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн дотоод журмын 8.2.6-д Ажилтан гар утастай байх ба ажил амралтын цагаар бэлэн байдлыг хангаж утсаа салгахгүй, өөр хүнд шилжүүлэхгүй байнга өөртөө авч явна гэсэн, хөдөлмөрийн гэрээнд хариуцлагын гэж тухайлан заасан зөрчил гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчилд Эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлт, манай байгууллагад албан тоотоор ирүүлсэн Х аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн хариуцлага муутай ажилласныг харуулсан алдаа дутагдал гаргасан тул ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4, 40.1.5, 100.1, 131.1 дэх заалтуудыг үндэслэн 2015 оны 10 сарын 21-ний өдөр Б/09 тоот тушаалаар Б.Уд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан тайлбарыг удирдлага болгосон. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөрдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн 13 удаагийн үйлдэл нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд байгууллагад 951076 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
Хариуцагч байгууллагын захирал Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн И сумын И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар надаас гадна 7 дарга томилогдож байсан, 7 даргын үед Б.У санхүүгийн бүх тооцоог гардан хийдэг байсан. И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Б.У-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч өөрийн хувийн хэрэг болоод бусад баримтуудыг авсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг зөрчсөн, мөн ажлын цаг барьдаггүй, хулгай хийхийг завдсан зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа ба дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан байдаг юм. Б.У нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа халагдсан бөгөөд өмнө нь би бичгээр сануулах аргах хэмжээ аваагүй, ямар нэг тушаал гаргаагүй, бүх ажилчдын хуралдаан дээр амаараа сануулж хэлж байсан. Сахилгын зөрчлийг дараах байдлаар давтан гаргасан. Үүнд: 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зөрчил гаргасан тул тухайн үеийн дарга Цогтбаяр цалингийн 10 хувиар бууруулах арга хэмжээ авсан, мөн 2011, 2013 онд сахилгын арга хэмжээ авахуулж байсан юм. Х аймгийн Төрийн сангийн хэлтсээс хагас жилийн тайлан мэдээ гаргаад арга хэмжээ ав гээд Төсвийн тухайд хууль, дотоод журмаа баримтлаад шат дараалсан арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд ажлаас халсан.
2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цалингийн арга хэмжээ авахуулсан учраас сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа. Ноцтой зөрчил нь санхүүгийн баримтад засвар хийсэн, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд ноцтой зөрчлийг заасан ба үүрэг биелүүлдэггүй, урдаас хэрэлддэг, ажлын цаг барьдаггүй, шаардлага хүлээж авдаггүй зантай. Би Б.У-тай хамт ажиллаж болох ч хамт олон маань ажиллахгүй. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдох тухайн өдөр Б.У өөрөө бэлэн мөнгө авах хүсэлт гаргаад, өөрөө баримтаа цохоод бэлнээр ХААН банкнаас каноны хорны үнэ 100.000 төгрөг гаргаж авсан байсан. Каноны хор 60.000 төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Мөн худалдаж авсан хор нь шаардлага хангахгүй байсан. Манай байгууллага ХААН банкны дотоод журмыг баримтлахгүй, түүнчлэн нягтлан бодогч хэзээ ч банкнаас бэлэн мөнгө авах ёсгүй, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэггүй юм. Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот хавсралтанд мөнгөн кассын нярав нь бэлэн мөнгийг өөрийн байгууллагын дансанд тушаах буюу бэлнээр авсан мөнгийг зориулалтын дагуу зохицуулах үүрэгтэй гэж заасан байдаг юм. Манай байгуулллагад нөүтбүүкний үнэ төсөвлөгдөөгүй, нөүтбүүк ч авах шаардлагагүй байсан, би одоо хуучин нөүтбүүк барьж хэрэглэж байгаа. Х аймгийн И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 5 худгийн ажилчинтай бөгөөд тавуулаа цалин дээр нэмж худгийн орлогыг өгдөгггүй гэсэн асуудлыг ярьдаг. Би хоёр хүнийг ажил тасалсан учир цалингийн арга хэмжээ авсан ба нэг хүний цалингаас суутгал аваад Б.Уыг ажлаас халсан юм. Эдгээр хүмүүсийн цалин зөв олгогдсон байна уу гээд шалгахад 810.000 төгрөгөөр худалдаж авсан программаа огт ашиглаагүй, цалинг нь шүүе гэхээр эксел программ дээр хийсэн бөгөөд ажлаасаа гарахдаа Б.У нь устгасан байсан. Мөн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалт эхэлсэн байхад Б.У ажлын хариуцлага алдаж 8 галчид цалинг бүтнээр бодож өгсөн зэрэг алдаануудыг гаргасан. Би шинэ нягтлан авч 2015 оны 10 дугаар сард илүү олгосон цалинг ажилчдаас суутгаж авсан. Түүнчлэн Б.У нь ах, дүүтэйгээ нийлэн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б2 тоот тушаалаар өөрийнхөө зэрэглэлийг ахиулж, цалингаа нэмсэн гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан заалтыг зөрчиж байна гэж үзсэн. Б.У тендер шалгаруулах хорооны гишүүн бөгөөд тендер шалгаруулахгүйгээр нэг өдөр 3 компани руу 27.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь Тендерийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөн зөрчиж байна.
Манай байгууллага ХААН банканд 80.000.000 төгрөгийн өртэй бөгөөд 34.000.000 төгрөгийг нягтлан шууд гаргаж өгөх боломжгүй шүү дээ. Иргэдийн хурлаар ороод хово машин ав гэж шийдвэрлээгүй, мөн төсөвт батлагдаагүй байдаг. И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үндсэн зээл, эээлийн хүүд 66.400.000 төгрөг төлөөд одоо засвар үйлчилгээ хийх мөнгөгүй болсон. ХААН банкнаас зөвшөөрөлгүйгээр зээл авсан. Иргэдийн төлөөлөгчийн хурал ав гэсэн байж болох ч тендер зарлах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 сарын цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Б.У-ыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй сахилгын зөрчил давтан болон санхүүгийн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.У-ыг ажиллаж байх хугацаандаа 2013 оны 5 дугаар сард Хөх тэнгэр хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.5000.000 төгрөг, Урагшлах од хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.600.000 төгрөг, Эко хангал хязгаарлагдмал хариуцлагатай компанид 9.947.000 төгрөгийг нэг өдөр шилжүүлсэн, 2015 оны 2 дугаар сард 1.100.000 төгрөгийн өртөгтэй хуучин нөүтбүүкийг иргэн Д.Г-аас авсан гэж баримт бүрдүүлж бэлэн мөнгө гаргаж авсан, 2015 оны 2 дугаар сард ХААН банкнаас зээл авч HOWO машиныг тус байгууллагын данснаас урьдчилгаа 34.200.000 төгрөгийг шилжүүлсэн, худалдан авахдаа хуулийн дагуу тендер зарлаагүй зэрэг санхүүгийн ноцтой зөрчил давтан гаргасан, тус байгууллагын захирлын биед халдсан ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, 37 дугаар зүйлийн 37.1.4, 100 дугаар зүйлийн 100.1, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 70 дугаар зүйлийн 70.3, аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны дүгнэлт, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/09 тоот тушаал, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Ажилтан Б.У-ын ажлаас халсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/09 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд Б.У-ыг санхүүгийн ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан санхүүгийн ноцтой ямар зөрчил гаргасан эсэх талаарх заалтыг баримтлаагүй тул ямар заалт зөрчсөн тухай тодорхойгүй байна гэж үзэв.
Мөн ажлаас халсан дээрх үндэслэлүүдийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Б.У нь 2013 оны 5 дугаар сард нэг хүний компанийн дансанд нэг өдөр 29.047.000 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 2 дугаар сард 1.100.000 төгрөгийн өртөгтэй хуучин нөүтбүүкийг худалдан авахдаа баримт бүрдүүлж бэлэн мөнгө гаргаж авсан, 2015 оны 2 дугаар сард HOWO авто машиныг худалдан авахдаа ХААН банкнаас зээл авч, байгууллагын данснаас урьдчилгаа 34.200.000 төгрөгийг шилжүүлсэн, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хуулийн дагуу тендер зарлаагүй гэсэн зөрчлүүдээс аль нэг зөрчилд нь гаргаснаас хойш зургаан сарын дотор, зөрчил гаргасныг мэдсэнээс хойш нэг сарын дотор тус байгууллагаас сахилгын зөрчил гаргасан гэж үзэн сахилгын ямар нэг шийтгэл хүлээлгээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-д Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд ажилтан Б.У-д хамгийн сүүлд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2013 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан тул нягтлан бодогч Б.У-ыг нэг сарын цалингийн 10 хувиар тооцож арга хэмжээ авсан тухай Б/10 тоот Ажлын хариуцлага тооцох тухай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаа дуусчээ. Иймд Б.У-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд түүнийг 05 сартай жирэмсэн байхад нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчин ажлаас халжээ.
Иймд нэхэмжлэгч Б.У-ыг И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2 сарын цалин гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сард 556.393 төгрөг, 8 дугаар сард 643.102 төгрөг, 9 дүгээр сард 556.393 төгрөг авч байсан нь түүний ажилгүйдлийн тэтгэмж тогтоолтын, И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан, ажилчдын 2015 оны 9 дүгээр сарын цалингийн болон дансанд шилжүүлсэн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.784.791 төгрөг : нэг сард 594.930 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 27.671 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа болох 2 сар буюу нийт 42 хоногийн цалин 1.162.182 төгрөгийг И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.162.182 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 32.442 төгрөг, нийт 102.642 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/09 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн санхүүгийн шалгалтын тухай танилцуулгын хуулбар, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэлийн хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй, И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын хариуцлага тооцох тухай А/02 тоот тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Сануулах арга хэмжээ авах тухай Б-5 тоот тушаал, 2015 ны 3 дугаар сарын 20-ны өдрийн Үндсэн цалингийн зэрэглэл ахиулах тухай Б-2 тоот тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Т.Энхтайваны хөдөлмөрийн гэрээ, Ньюбаланс-Аудит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/10 тоот тайлбар, Х аймгийн И сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, шаардах хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын хуралдааны тогтоолууд, И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэл, төсөл, шатахуун тослох баримт, жолоочийн тооцооны хуудас, орлогын баримт, шаардах хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, ХААН банкны зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, худалдах худалдан авах гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Аудитын газрын захидал, аудитын гэрчилгээ, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл, ажил хүлээлцсэн комиссын тэмдэглэл, урамшуулал олгох тухай захирлын тушаал, Х аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн албан бичгүүд зэрэг баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уыг Х аймгийн И сумын И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.162.182 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч И дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 102.642 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА