| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01099/и |
| Дугаар | 155/ШШ2016/00100 |
| Огноо | 2016-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
Ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2015/01099/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ц.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр амаржсаны дараах 60 хоногийн хугацаа дуусч ажилдаа орох хүсэлт гаргасан боловч Мэргэжлийн хяналтын шалгалтыг дуусахаар шийдвэрлэнэ гэж захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э буцаасан. 2015 оны 4, 5, 6 сард удаа дараа очиж ажилдаа орж шалгалт шүүлгийн асуудлыг шийдвэрлэе гэж захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-д хүсэлтээ тавихад захиралтай болохоор шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөөр хойшлуулж байсан. 7 дугаар сард Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдлөө өгсөн. Ажилдаа ор гэж салбар хорооны дарга зөвлөсний дагуу 8 дугаар сарын 20-ны өдөр одоогийн захирал П.Г-т ажилд орох хүсэлтээ гаргахад нягтлан бодогчийн ажилд эргүүлж томилохгүй, өөр ажилд шилжүүлж ажиллуулна, байрын багшийн ажилд орох уу гэсэн санал тавьсан, би хүлээж аваагүй. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан өргөдлийн хариугаа танилцуулахад надад хамаагүй гэсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халсан тушаалыг бичиг хэрэг танилцуулж өгсөн. Иймд намайг үндсэн ажилд минь эгүүлэн тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа авч, тооцооны нягтлан бодогч Даваанямд ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн байхад тайлан гаргахад тусла гэсэн бөгөөд нялх биетэй байсан ч санхүүгийн тайланг гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тайланг Аудитын байгууллагад аваачиж өгсөн.
Тус сургуулийн захирал намайг санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар их хэмжээний төлбөр дутагдал гаргасан зөрчил илэрсэн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Тухайн тус сургуулийн захирал байсан Тэгшчулууныг шилжсэн байхад, намайг жирэмсний амралтаа авсан үед багш, ажилчдаас бидэндтэй холбоотой гомдол гаргаж түүний дагуу шалгалт хийхдээ биднийг оролцуулаагүй тул ямар ч тайлбар хийх боломж олгоогүй. Акт тавьж төлбөр тавьсантай танилцсан бөгөөд би хүлээн зөвшөөрөөгүй. 2013 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн 40 жилийн ой болж, гаднах орчинг тохижуулж, хэр хэмжээний зардал гарсан талаар тайлбарласан. Х аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны шалгалтаар их хэмжээний төлбөрийн дутагдал гаргасан гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс болон аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас Цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгагдаад хэрэгсэхгүй болж байсан. Дахин шалгаж байгаа талаар мэдэхгүй, намайг Цагдаагийн газраас огт дуудаж уулзаагүй байгаа.
Намайг 2014 онд сөрөг дүгнэлттэй тайлан гаргуулсан, буруу тайлан өгсөн гэж байгаа боловч 2013 онд би хамгийн сайн дүгнэлт авсан бөгөөд 2013 оны дүгнэлтийг дурдаагүй хирнээ 2014 оны хууль бус баримтыг үндэслэж намайг ажлаас халсан. Урьд нь ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халж өөрсдийн багийг бий болгосон. Түүнчлэн би хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргахдаа сургуулийн захирал Ганзоригийг хариуцагчаар татсан тул шүүхээс хүлээн авахаас татгалзсан учир дахин нэхэмжлэл гаргасан. Намайг жирэмсний амралттай байхад ажилд авсан тушаал байхгүй мөртлөө шууд ажлаас халсан тушаал гаргасан. Түүнчлэн Хөдөлмөрийн яамаас намайг ажилд оруулж болохгүй гээд байна гэж тайлбарласан учраас би Хөдөлмөрийн яамны ерөнхий нягтлан бодогч Э, мэргэжилтэн И гэх хүмүүс рүү утасдаж намайг Аудит болоод Мэргэжлийн хяналтын шалгалтаас болж ажилд маань оруулахгүй байна гэдгээ хэлэхэд Х аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хэн гэдэг нягтлантай байгааг мэдэхгүй, бид таныг ажилд битгий ав гэсэн тоот явуулаагүй гэж хэлсэн. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд ажиллаж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.
Тус сургууль нь надтай хамгийн сүүлд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж дараа нь хичээлийн шинэ жил эхэлж байгаа учир гээд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээ нь хүчин төгөлдөр юм. Би төрөөд 60 хоноод ажилдаа орох байсан ба сард 600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтрээ хэргийн материалд өгөөгүй. Нягтлангаар тодорхойлолт хийлгэж өгсөн байгаа гэв.
Хариуцагч байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.А нь 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчоор, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хугацаандаа Х аймгийн Санхүү хяналт, Аудитын албанаас тус сургуулийн 2013-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 139.794.800 төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон. 2012 оны жилийн эцсийн тайланд Мэдээлэл аудит компанийн хийсэн аудитаар хязгаарлалттай дүгнэлт гарсан. 2014 оны жилийн тайланд Ихэр мөрөн компанийн хийсэн аудитаар 236.551.000 төгрөгийн зөрчил төлбөр илэрч аудитын сөрөг дүгнэлт-тэй гарч ажлын хариуцлагагүй байдал удаа дараа гарсан нь тогтоогдсон. Дээрх шалгалтуудаар тогтоогдсон зөрчил дутагдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон.
Сангийн сайдын Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 3.5.2 дах заалтад зааснаар /Монгол Улсын Хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон/ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ахлах нягтлангийн орон тоон дээр түр томилогдон ажиллаж байгаа юм. Намайг анх ажилд ороход Мэргэжлийн хяналтын алба болон актаар тогтоогдсон зөрчил их байсан. Тухайн үед Б захирал нь түр орлон гүйцэтгэгч байсан учраас хүн халах томилох эрхгүйгээр томилогдсон учир Ц.А-ыг ажилд аваагүй гэсэн. Г захирлын тухайд Ц.А-ыг зөрчил гаргасан учраас ажилд авахгүй, Сангийн сайдын төсвийн ерөнхий болоод ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага журамд нийцэхгүй тул буцааж тавих үндэслэлгүй гээд өөр ажлын байрны санал тавьсан хэдий ч саналыг хүлээж аваагүй. 2012 онд Т захирал, А хоёр уйлж гуйгаад хязгаарлалттай дүгнэлт авсан хирнээ давтан зөрчил гаргасан, гарсан дүгнэлтийг одоо байгаагаар нь өгнө гээд сөрөг дүгнэлт өгсөн юм. Д түр орлон гүйцэтгэгч нягтлангаар ажиллаж байсан ба Ц.А амралттай байгаа гэсэн боловч өөрөө жилийн эцсийн дүгнэлтээ гаргасан байдаг. Аудитын албанаас яагаад сөрөг дүгнэлт өгсөн юм бэ гэхээр 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Аудитын албанд тайлангаа гаргаж өгөх байсан ч хугацаа хоцорч өгсөн, мөн хүмүүсийн гомдлын мөрөөр шалгалт хийж сөрөг дүгнэлт өгсөн юм. Аудитын актууд нь Сангийн Яам болоод Хөдөлмөрийн яаманд очсон байдаг бөгөөд Ц.А-ыг зөвшөөрөхгүй байгаа тухай хэлэхээр актын мөрөөр хийгдсэн ажил байхгүй, улсын хэмжээний байгууллагын хийсэн ажлыг үгүйсгэлээ гээд байгаа. Мөн уг асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан ч эрүүгийн хэрэг үүсгэх хугацаа нь дууссан байдаг. Одоо улсын байцаагч О мөн Цагдаагийн байгууллагад хандаад шалгагдаж байгаа гэсэн. Ц.А-ыг зөрчил гаргасан учир дахин ажилд нь томилоогүй бөгөөд Г захирал Ц.А-ын ажилдаа оръё гэсэн хүсэлтийг дээд байгууллагадаа тавихад танайх шиг улсын хэмжээнд сөрөг дүгнэлттэй байгууллага байхгүй, Х аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ингэж ажиллаж байна гээд Сангийн Яам дээр дуудаад загнасан гэсэн. Оны эцсийн тайланд 2012 оны 01 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүх үйл ажиллагаа Ц.А-тай холбоотой. А 2013, 2014 онд өөрөө ажиллаж байсан ба Г нягтлангийн үед ийм асуудал гардаггүй байсан. Мөн цалингаа хүртэл нэг жилд цалингийн шатлалаа хэд хэдэн удаа ахиулж их цалин авсан байдаг. ТҮ-5-аас ТҮ-8 болгож цалингаа 633.000 төгрөг болгосон байдаг. Ц.А-ыг эрх мэдлээ хэт ашигласан гэж үзээд Мэргэжлийн хяналт болон Аудит, Хөдөлмөрийн Яам руу хүртэл бичиг явуулсан гэсэн. Манай байгууллага аж ахуйн тооцоотой том байгууллага бөгөөд нягтлан захирлынхаа үйл ажиллагаанд хориг тавьж болох байсан ч тийм үйл ажиллагааг явуулаагүй байдаг. 2013-2014 онд санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 139.794.800 төгрөг, 2014 оны жилийн эцсийн тайланд хийсэн аудитаар 236.551.000 төгрөгийн зөрчил төлбөр гарсан. Хөрөнгө мөнгө авч ашигласан гэж үзэж байгаа юм. Иймд Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл, Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 3.5.2 дахь заалтыг үндэслэн Ц.А-ыг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас нь чөлөөлсөн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шийдвэрлүүлэхээр Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэсэн үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2764 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.
Хариуцагч нь Ц.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2 дахь заалт Сангийн сайдын Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуурын журам-ын 3.5.2-т заасан заалтуудыг зөрчсөн тул ажлаас чөлөөлж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
Ц.А Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2011 оноос тооцооны болон ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээнүүд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.
Нэхэмжлэгч Ц.А-ыг ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын 2014 оны санхүүгийн тайланд хийгдсэн Х аймгийн Аудитын газрын шалгалтын дүгнэлтээр болон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт Аудитын албаны 2013-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар их хэмжээний төлбөрийн дутагдал гаргасан зөрчил илэрсэн нь тогтоогдсон, ажлын хариуцлага алдаж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/54 тоот Ц.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр нотлогдлоо.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.Аыг Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны /ажил олгогчийн/ санаачлагаар цуцална, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох /хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах/ ноцтой зөрчилд доорх зөрчлүүдийг хамааруулна... гэх заалтуудыг баримтласан ба 9.1.6 нь А-Л хүртэл заалттай байх тул ямар ноцтой зөрчил гаргасан талаар холбогдох заалтыг хэрэглэж, ажлаас халах шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.
Мөн Ц.А жирэмсний амралтаа эдэлж байгаад ажилд орох хүсэлт гаргасан болох нь зохигчийн тайлбар, Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Жирэмсний амралт олгох тухай Б/70 тоот тушаал, 2015 оны 3 дугаар сарын 03, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдийн ажилд орох хүсэлтүүд, өргөдөл гомдлын бүртгэлийн 26-д, 3 дугаар сарын 03, Ц.А нягтлан бодогч, ажилд орох хүсэлт, 39-д, 6 дугаар сарын 08, Ц.А нягтлан бодогч, ажилд орох хүсэлт гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа ажлаас халах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 106 дугаар зүйлийн 106.2-д заасан Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэсэн заалтуудыг зөрчжээ.
Хэдийгээр Ц.А ажиллаж байх хугацаандаа санхүү бүртгэлийн үйл ажиллагаа холбогдох хуулиудыг зөрчиж, хөрөнгө мөнгөний дутагдал гаргасан болох нь Х аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд санхүүгийн шалгалт 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хийсэн танилцуулга, 2013-2014 оны үйл ажиллагаанд санхүүгийн шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн жагсаалт, Х аймгийн Аудитын газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10/216 тоот дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх боловч Ц.Аыг ажлаас халсан тушаал гаргахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус зөрчсөн, Х аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот зөвлөмж, Х аймгийн Прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 30, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 788, 801 тоот прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийг Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Ц.Аыг Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь хэдэн сард 633.221 төгрөгийн цалин авч байсан болох нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн Х аймгийн Аудитын газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХӨВ-ХАК-2015/25-СТА-ТШЗ.2/20 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар энэ хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А-ыг Х аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА