Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/05297

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 05 182/ШШ2024/05297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух, Ж овогт Д.Э /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..................... тоот хаягт оршин суух, Ж овогт С.Д /РД:0000000000, иргэний бүртгэлийн дугаар: 0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц,

Гэрч: М.А, Т.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов.

(Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С.Д-д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие нэг нутгийн дүү болох С.Д-тэй 2022.05 сарын сүүлээр ................... аймгийн ................. суманд аавынх нь ажил явдал дээр таарсан. Тухайн үед С.Д нь надад хандаж би нэг койнд орсон ашиг ихтэй байгаа, хадам ээждээ койн цуглуулж байгаад байр авч өгсөн. Та 7,000,000 төгрөг зээлээч 3 сарын дотор 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлэхээр нь банкнаас зээл аваад 2022.05.22-ны өдөр түүний Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн...

Миний хувьд хөдөөний хүн учраас койн гэж мэдэхгүй. С.Д нь тэнд байсан бүх хүмүүст койн ашигтай гэж ярьж байсан. Надад тэр койныг нь авах шаардлага байхгүй гэдгээ хэлсэн.

Зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь би ................... аймаг дахь Цагдаагийн газарт 2023.04 сард гомдол гаргасан. С.Д нь цагдаагийн байгууллагаас дуудахад нь очоогүй, удахгүй өгнө гэж цагдаад хэлсэн байдаг. Үүнээс хойш С.Д-тэй холбогдоход удахгүй өгнө, байр зарагдахаар өгнө, ээжийн бие тааруу байна гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн...

Иймд надаас зээлж авсан 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Д.Э нь ................... аймгийн ................. суманд аавыг минь нас барах үеэр манай аавынд ирээд 5 хоносон. Манай авга талын хамаатнууд тэр үед бүгд байсан 2022.04.25-ны өдөр аав маань нас барсан. Би энэ үед У койнд хөрөнгө оруулалт хийсэн байсан. Манай суманд ч мэдээлэл аль хэдийн тараад Д.Э эгч ч сонссон байсан.

Ингээд би ээжийгээ харж 7 хоноод Улаанбаатар хотод буцаж ирсэн. Хотод ирснээс хойш сарын дараа буюу 2022.05.30-ны өдөр миний данс руу койн авна гэж 7,000,000 төгрөг хийсэн. Би энэ мөнгөөр нь тухайн өдөр нь У койн авсан, тухайн өдрийн ханш нь 28,399 доллар байсан.

Тэгээд ......... нь 550 багц 2,000,000 төгрөгөөр авч өөрийнх нь нэр дээр аккаунт үүсгэсэн байгаа, уг компани нь одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн үеэсээ ханш нь унасан. Би 6, 7 сард 1,000,000 төгрөгийн ашиг гарах юм байна авах уу гэхэд надхаар чинь яах бэ, ханш өсөхийг харъя гэж ярьсан боловч намайг ................... аймгийн Цагдаагийн газарт 2023 онд өгч шалгуулсан.

Би ааваасаа хойш ээжийгээ харж байсан. Миний ээж хүнд өвчтэй хэвтэрт би ажилгүй байсан. Энэ мөнгийг би хувьдаа зээлж аваагүй учраас төлөхгүй... гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.08.26-ны өдөр 126,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2023.10.25-ны өдөр Т.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 х/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 102/ШЗ2023/13439 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6 х/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.19-ний өдрийн 183/ШШ2024/00518 дугаартай шийдвэр /хх-ийн 7-8 х/,

-Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.08.09-ний өдрийн 30ё1-1/3627 тоот албан бичиг /хх-ийн 9 х/,

-Өмгөөлөгчөөр Т.М-ийг оролцуулах хүсэлт зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь татгалзалтайгаа холбогдуулан тайлбар /хх-ийн 16 х/,

-2024.10.15-ны өдөр өмгөөлөгч О.Ц-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 26 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх гэрчээр М.А-г асуужээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2022.05.22-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээл авч, 2022.05.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж, түүний Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас хүү авахгүйгээр 7,000,000 төгрөгийг С.Д-гээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч С.Д нь 2022.05.30-ны өдөр миний данс руу койн авна гэж 7,000,000 төгрөг хийсэн. Би энэ мөнгөөр нь тухайн өдөр нь У койн авсан, тухайн өдрийн ханш нь 28,399 доллар байсан. Тэгээд ......... нь 550 багц 2,000,000 төгрөгөөр авч өөрийнх нь нэр дээр аккаунт үүсгэсэн байгаа. Уг компани нь одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн үеэсээ ханш нь унасан. Би 6, 7 сард 1,000,000 төгрөгийн ашиг гарах юм байна авах уу гэхэд надхаар чинь яах бэ, ханш өсөхийг харъя гэж ярьсан..., Энэ мөнгийг би хувьдаа зээлж аваагүй учраас төлөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк дахь нэхэмжлэгчийн 0000000000 тоот, хариуцагчийн 0000000000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Э нь 2022.05.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Д-гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талууд гэрээгээр хүү тогтоосон бол тогтоосон хугацааны тохирсон хүүг нь буцаан өгөх үүрэг мөн хамаардаг боловч нэхэмжлэгч нь хүү шаардахгүй, зөвхөн үндсэн төлбөрөө шаардаж байгаа гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Д-гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлэн өгсөн байх ба зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

5.Хариуцагч нь 2022.05.30-нд миний дансанд койн авна гээд 7,000,000 төгрөг хийсэн. Би энэ мөнгөөр нь ......... нь 550 багцын койн авч өөрийнх нь нэр дээр аккаунт үүсгэсэн байгаа. Уг компани нь одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн үеэсээ ханш нь унасан. Би 6, 7 сард 1,000,000 төгрөгийн ашиг гарах юм байна авах уу гэхэд наадхаар чинь яах бэ, ханш өсөхийг харъя гэж ярьсан. Энэ мөнгийг би хувьдаа зээлж аваагүй учраас төлөхгүй гэж маргаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

 

Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог.

 

Хэдийгээр гэрч М.А шүүх хуралдаан дээр ...С.Д эгч ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваад явж байх явцад нь 2022 оны 4 сард аав нь бурхан болоод ................... аймгийн ................. сумдаа байхад Д.Э эгч хэд хоног эмнэлэгт үзүүлээд тэднийд амьдарч байх явцдаа С.Д эгчийг ашигтай мөнгө аваад байгааг утсаар ярьж байхад нь чихээрээ сонсоод би мөнгө хийвэл яадаг юм бэ, наадах чинь зүгээр юм биш үү гэхээр нь ийм ийм учиртай юм гэж С.Д эгч тайлбарлаж өгсөн гэсэн. Тэгээд хот руу ирснээс нь хойш Д.Э эгч 7,000,000 төгрөг данс руу нь шилжүүлээд койнд оръё гэж хэлсэн гээд С.Д эгч ээжээр дамжуулан надад мөнгийг шилжүүлсэн... Би Д.Э эгчийн нэрээр АААААААААА@gmail.com, нууц үг нь 000000000000 гэсэн мэйл хаяг нээгээд нууц дугаарыг нь Д эгчид өгсөн... гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч нь бид нар хамаатан, садан хүмүүс чи ингэж худлаа ярьж болохгүй гэж маргасан.

 

Мөн гэрчийн мэдүүлэг нь баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй.

 

Хариуцагч нь 2022.05.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөгөөр хоёр удаа, 1,000,000 төгрөг нэг удаа буюу 3 удаагийн гүйлгээгээр dogoo гэх утгатайгаар 000000000 тоот дансанд шилжүүлсэн байгаа хэдий ч энэ мөнгийг Д.Э-д койн худалдаж авахад зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.

 

Дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь 7,000,000 төгрөгийг зээлээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр койнд хөрөнгө оруулсан гэх тайлбараа баримтаар нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үзлэг хийлгэх талаарх хүсэлтийг тус тус гаргаагүй.

Мөн хариуцагч нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар мэдүүлгээ гаргаж, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул энэхүү эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

Иймээс хариуцагч С.Д-гээс 7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэсэн болно.

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Д-гээс 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.11.29-ний өдрийн 182/ШЗ2024/20662 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар М.А, Т.Н-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүх хуралдаанд гэрч Т.Н нь оролцохоор хүрэлцэн ирсэн боловч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгч нь түүнийг гэрчээр асуулгахаас сайн дураар татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Д-гээс 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Д-гээс 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА