Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 165

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ч.Энхжаргал,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

            Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баргил овогт  Ц.Б , Боржигон овогт О.Ц  нарт холбогдох 1726000210053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Баргил овгийн Ц.Б,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн О.Ц

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн  орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрэмтийн халуун рашаан” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж,  иргэн Р.Э д хүч хэрэглэн зодож, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж иргэн Р.Э , Т.Баттогтох нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн  орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрэмтийн халуун рашаан” гэх газар иргэн Т.Баттогтохын гэрт хохирогч Р.Э ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                       Шүүгдэгч Ц.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр бид архи ууцгаагаад хоорондоо маргацгааж зодоон хийцгээсэн. Шөнийн 03 цагийн үед болсон. Болсон явдалд харамсч байна. Ийм үйлдэл дахиж хийхгүй, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө явна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 180000 гаруй төгрөг өгсөн...” гэв.

                       Шүүгдэгч О.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Р.Э ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн өдөр Т.Ш  гэх айлд юм уугаад сууж байхад Ц.Б  согтчихоод өмнө ирж суучихаад толгойгоороо миний нүүр рүү шөргөөгөөд байхаар нь би цааш нь түлхээд байсан чинь ганц п мөргөнө ш дээ гээд байсан. Тэрнээс л маргаан эхэлж Ц.Б  намайг барьж аваад зууралдаад, багалзуурдаад            авсан. Тэгээд гэрийн хүмүүс гарцгаа гээд бид хоёрыг  гарсан. Гадаа Ц.Б  намайг доороо хийгээд багалзуур шахаад нүүр рүү гараараа хэд хэд цохиж авсан. Зарим цохилтыг нь би хамгаалаад заримд нь оногдоод байсан. О.Ц  гэрээс гарч ирээд намайг Ц.Б д цохиулж байхад хажуугаар ороод миний нүүр рүү доор нь хэвтэж байхад хамар хавь руу нэг нидэрч 1-2 удаа гараараа цохиод толгой руу нэг удаа өшиглөсөн. Би түрхэн зуурт ухаан балартаад буцаад сэргэсэн. Тэр үед Ц.Б  нь О.Ц ын дээр нь мордчихсон багалзуурдаад байгаа харагдсан. Би шууд зугатааж гэр лүү гүйхэд араас Ц.Б  гүйцэж ирэхээр нь шороо цацаад зугатааж гэр лүү ороход Ц.Б , О.Ц  хоёр араас ороод ирсэн. Тухайн үед согтолттой, дээр нь зодуулсан байсан болохоор сайн санахгүй байна. Гэрт байсан хүмүүс мэдэж байгаа. Ямар ч байсан араас нь О.Ц  орж ирээд нүд рүү  униар бүлсэн. Би тэр үед нүд сохолчихлоо хөөе гэж орилоод сүрдүүлэх гээд хоёр гараараа унинаас зүүгдсэн чинь дэс дарааллаад 2 унь хугарч унасан. Хичнээн унь намайг татахад унасныг гэрийн ззэд мэдэх байх. Тэгээд гэрийн хүмүүс тэд нарыг хөөж гаргасан. Би гэрээс гарахгүй байж байгаад явахаар нь охиноо дуудаад эмнэлэг орсон. Бараг өглөө бспчихсон байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

            Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Манай саахалтын Ц.Б , О.Ц , Р.Э , манай нөхөр нар согтуу ирээд манайд 1 шил “Харзтай” архи ууж дуусгаад Ц.Б , Р.Э аас хэрүүл гуйж толгойгоороо заамдалцаад хоорондоо барилцаж аваад байхлаар нь би хөөж гэрээс гаргасан. Гадаа маргалдаад л байх шиг байсан. Би гарч хараагүй, удалгүй Р.Э  нүүр ам нь битүү цус болчихсон, нүдүүлчихсэн орж ирсэн. Араас нь Ц.Б , О.Ц  нар орж ирсэн. Гэрт Ц.Б , Р.Э ыг боож унагаад байсан. Хэн нь эхлэж унь хугалсныг мэдэхгүй нэг мэдэхэд тэр гурав гурвуулаа унь барьчихсан Ц.Б , О.Ц  нар Р.Э ыг нүдэх гээд гэр тойрч хөөцөлдөөд байсан. Би Ц.Б , О.Ц  нарыг хүн аллаа гэж хөөж гаргаад гэрийн хаалгаа гаднаас нь дарж байгаад тэр хоёрыг хөөж явуулсан. Р.Э  хөдөлж чадахгүй ёолоод байхаар нь утсаар охинд нь хэлээд ирж аваад эмнэлэг рүү явсан. ... Талийгаач нөхөр маань нийт 4 унь хугарсан нэг унийг 8000 төгрөгөөр нийт 32000 төгрөг нэхэмжилнэ гэж байсан. Унины хохирлыг Ц , Б  нар бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын үнэлгээ гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

            Гэрч Т.Ш ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манайд О.Ц , Ц.Б , Р.Э , манай эхнэр Т.Баттогтох, бид нар байсан. Архи ууж дуусаад Бямба, Э аас хэрүүл гуйгаад, толгойгоороо нүүр рүү нь шөргөөгөөд, хоорондоо барилцаж аваад байсныг эхнэр бид хоёр гарч хэрэлд гээд тэр гурвыг хөөж гаргасан. Би гэрээс гаргаагүй. Гадаа саргүй харанхуй байсан. ... Удалгүй Р.Э  орж ирээд гэрийн гурван унь хугалаад Бямба, Ц  хоёрыг гэрийн үүдэнд гадаа зогсч байсныг хугархай униараа бүлсэн. Тэгсэн Ц  орж ирээд нэг унь хугалж аваад Э  руу бүлээд байсныг би салгаад Ц , Бямба хоёрыг гадаа гаргасан. Э  гэрт үлдсэн. Э ы нүүр нилдээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед сумын төв рүү нөхөр Ц.Б гийн хамт ороод тэнд О.Ц , Р.Э , Т.Ш  нартай таараад тэр хэд архи пиво аваад гол дээр нэг пиво уучихаад надаар талийгаач Т.Ш  гуайнд хүргүүлээд тэд нар үлдсэн. Би машинаа унаад шууд гэртээ харьсан. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 05-06 цагийн орчим манай саахалтын Т.Б эгч утсаар залгаад манайд энэ хэд зодолдоод байна. О.Ц , Ц.Б  хоёрыг ирээд аваадах гэж хэлэхээр нь би очсон. Намайг  очиход Т.Ш  гуайн гадаа О.Ц , Ц.Б  хоёр сууж байсан. Би тэр хоёрыг аваад явсан. О.Ц  манайхаас гэр лүүгээ алхчихсан. Би буцаж очиж Р.Э ыг аваад эмнэлэг хүргэж өгсөн. Р.Э ы нүднийх нь орчимд цус гарчихсан нүүр нь жаахан хавдартай харагдсан. ... Манай нөхөр Ц.Б  нь цэрэгт явж байсан, бага ангийн боловсролтой, бичиг үсэг мэддэг, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь 2 нас 6 сартай болж байгаа. Манайх 300 гаран толгой малтай бог гол дуу, ааш зангийн хувьд хүнтэй хэрэлдээд маргалдаад байдаггүй. Элдэв муухай ааш авиргүй томоотой л хүн байгаа юм. Архи хааяа уудаг, усан үедээ ч элдэв авир ааш гаргаад байдаггүй. Юунаас болж тэгж маргалдаж зсдолдсоныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар

сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн 244 дугаартай шинжээчийн: Р.Э ы биед тархины доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн хөмсөгний мэс заслын оёдолтой шарх, баруун нүдний зовхи, 2 мөр хүзүү, хамар, хоёр бугалганы цус хуралт, хамар, зүүн өвдөгний зулгаралт хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий гэтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүсэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

                       Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44, 47 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-57, 59-61, 68-70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Ц ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Ц ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн  орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрэмтийн халуун рашаан” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж,  иргэн Р.Э д хүч хэрэглэн зодож, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж иргэн Р.Э , Т.Баттогтох нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн  орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрэмтийн халуун рашаан” гэх газар иргэн Т.Баттогтохын гэрт хохирогч Р.Э ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч Р.Э ы “... Гадаа Ц.Б  намайг доороо хийгээд багалзуур шахаад нүүр рүү гараараа хэд хэд цохиж авсан. ... О.Ц  гэрээс гарч ирээд намайг Ц.Б д цохиулж байхад хажуугаар ороод миний нүүр рүү доор нь хэвтэж байхад хамар хавь руу нэг нидэрч 1-2 удаа гараараа цохиод толгой руу нэг удаа өшиглөсөн. ... Ямар ч байсан араас нь О.Ц  орж ирээд нүд рүү униар бүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-10/, хохирогч Т.Баттогтохын “... Гадаа маргалдаад л байх шиг байсан. Би гарч хараагүй, удалгүй Р.Э  нүүр ам нь битүү цус болчихсон, нүдүүлчихсэн орж ирсэн. Араас нь Ц.Б , О.Ц  нар орж ирсэн. Гэрт Ц.Б , Р.Э ыг боож унагаад байсан. Хэн нь эхлэж унь хугалсныг мэдэхгүй нэг мэдэхэд тэр гурав гурвуулаа унь барьчихсан Ц.Б , О.Ц  нар Р.Э ыг нүдэх гээд гэр тойрч хөөцөлдөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч Т.Ш ийн “... Манайд О.Ц , Ц.Б , Р.Э , манай эхнэр Т.Баттогтох, бид нар байсан. Архи ууж дуусаад Бямба, Э аас хэрүүл гуйгаад, толгойгоороо нүүр рүү нь шөргөөгөөд, хоорондоо барилцаж аваад байсныг эхнэр бид хоёр гарч хэрэлд гээд тэр гурвыг хөөж гаргасан. ... Тэгсэн О.Ц  орж ирээд нэг унь хугалж аваад Р.Э  руу бүлээд байсныг би салгаад О.Ц , Бямба хоёрыг гадаа гаргасан. ... Р.Э ы нүүр нилдээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Д.Бундхоролын “... 2017 оны 07 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 05-06 цагийн орчим манай саахалтын Т.Баттогтох эгч утсаар залгаад манайд энэ хэд зодолдоод байна. О.Ц , Ц.Б  хоёрыг ирээд аваадах гэж хэлэхээр нь би очсон. ... Би буцаж очиж Р.Э ыг аваад эмнэлэг хүргэж өгсөн. Р.Э ы нүднийх нь орчимд цус гарчихсан нүүр нь жаахан хавдартай харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар
сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44, 47/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 43/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, шүүгдэгч Ц.Б г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 45-46/, шүүгдэгч О.Ц ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 48-49/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Баргил овогт Ц.Б , Боржигон овогт О.Ц   нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Баргил овогт Ц.Б , Боржигон овогт Отгон-Уулын Ц  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Р.Э , Т.Баттогтох нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч Р.Э , Т.Баттогтох нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б , О.Ц  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баргил овогт Ц.Б , Боржигон овогт Отгон-Уулын Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баргил овогт Ц.Б , Боржигон овогт О.Ц   нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б , О.Ц  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан   хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Шүүгдэгч Ц.Б , О.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгагүй болохыг  тус тус дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Б , О.Ц  нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б , О.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР