| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0439/З |
| Дугаар | 128/ШШ2024/0631 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0631
Нэхэмжлэгч: Ц.У
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Маргааны төрөл: 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот Улсын байцаагчийн дүгнэлт нь (акт) илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот Улсын байцаагчийн дүгнэлт нь (акт) илт хууль бус болохыг тогтоолгох
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2016.11.15-ны өдөр БЗД-ийн 6-р хороо, М Дгийн гудамж, *******-р байр 2 тоот хаягт байрлах 227м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Уийг бүртгэж Ү-22******* дугаартай гэрчилгээг олгосон байдаг. Гэтэл үүнээс 7 жилийн дараа буюу 2023.9.26-ны өдөр Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн улсын байцаагчийн дугаартай дүгнэлтээр Ү-22******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлийг хүчингүйд тооцсон захиргааны актыг гаргасан байна. Энэхүү Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан захиргааны акт нь иргэн Ц.Уийн үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хуулийн заалтыг зөрчсөн илт хууль бус шийдвэр болсон гэж бид үзэж байгаа болно.
Учир нь Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-д Монгол улсын иргэн нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заажээ. Гэтэл Ц.У нь үндсэн хуулийн дагуу шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг Монгол улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, түүнийгээ хуулийн дагуу өмчилж байхад Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд буюу Үндсэн хуулийн 5-р зүйлийн 3-д Иргэний өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэсэн заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл үндсэн хууль болон бусад хуулиас давсан Авлигатай тэмцэх газрын зөвлөмж гэж байж болохгүй бөгөөд тус зөвлөмжийг зайлшгүй биелүүлж хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хууль эрх зүйн үндэслэл болохгүй.
Гэтэл эрх зүйн үндэслэлгүй байхад зөвлөмжийг биелүүлж бусдын өмчлөх эрхийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хууль ноцтой зөрчиж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын акт буюу улсын байцаагчийн дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгосноор иргэн Ц.Уийн үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрх сэргэж, өөрийн өмчийг өмчлөх, захиран зарцуулах ашиг сонирхол хамгаалагдаж, сэргэх юм.
Иймд улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.09.06-ны өдрийн тоот байцаагчийн дүгнэлт (акт) илт хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны бүртгэл, нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 09 сарын 06-ны өдрийн тоот улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бусад тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 сарын 15-ны өдөр, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, М Д гудамж ******* дугаар байр 2 тоот хаягт байрлах 227м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай өмчлөгчөөр Ц.Уийг бүртгэж Ү-2******* дугаартай гэрчилгээг олгосон. Гэтэл Авлигатай тэмцэх газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын хорооны өргөдөл гомдлын дагуу 7 жилийн дараа буюу 2023 оны 09 сарын 26-ны өдөр олгосон дугаарт улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү бүртгэл Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг зөрчсөн байгаа тул энэ талаар гомдол гаргасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2.3-д Монгол Улсын иргэний хуулийн этгээдийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. Гэтэл нь Ц.У нь Үндсэн хуулийн дагуу шударгаар олж авсан хөрөнгийг Монгол Улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, түүнийгээ хувийн өмчөөр өмчилж байхад Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт болон хороон Засаг даргын хүсэлтээр бүртгэлийг хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-д заасан өмчлөх эрхэд халдаж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын зөвлөмж нь тухайн дүгнэлтийн үндэслэл болохгүй байхад албан бичгийг бөглүүлж, бусдын өмч хөрөнгийг хүчингүй болгож Үндсэн хууль зөрчсөн. Ийм ийм учраас 2023 оны 09 сарын 6-ны өдрийн тоот байцаагчийн дүгнэлт илт хууль бус болохыг тогтоож Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заанаар тогтоож өгнө үү гэсэн ийм шаардлага гаргасан. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргаан бол манай эгчийн хүү хорооны Засаг даргадтай үл ойлголцол байсан. Тэд нар ямар шаардлага тавьсан бэ гэхээр хороонд хандив өгөөч гэхлээр нь эгчийн хүү юун хандив яриад байдаг юм бэ гэснээс болж хорооны даргын дургүйцэл, ашиг сонирхол нь зөрчилтэй, хандив гэж юмыг хүлээж аваагүйгээс энэ маргаан үүссэн. Маргаан үүсэнгүүт 08 сарын 5, 6-нд иргэдийн гомдол гэдэг нэрийдлээр манайхыг шалгуулж байна гээд Авлигатай тэмцэх газарт гомдол өгсөн байсан. Авлигатай тэмцэх газарт очуулж юмнуудаа үзүүлсэн. Ийм ийм баримттай, Стандарт хөгжлийн газраас бид газар дээр нь хяналт шалгалтыг явуулсан. Энэ маргаан 08 сарын 6-нд явж байхад 09 сарын 6 буюу 1 сарын дотор төр маш түргэн үйл ажиллагаа явуулсан. Хорооны Засаг дарга улсын бүртгэх газарт нөлөөлж ашиг сонирхлын зөрчилтэйгөөр ийм хурдан шийдвэр гаргасан. Түүнээс биш бид нарыг өнөөдөр шүүхийн тавцанд ирсэн хавтаст хэрэгт авчирч байгаа нотлох баримтуудыг хараад түрүүний хурал дээр улсын бүртгэгч ийм материал ирсэн бол бид нар бүртгэлийг хүчингүй болгохгүй байсан гэдэг юмыг хурлын тэмдэглэлд хариуцагч үлдээсэн байгаа. Энэ нь юу вэ гэхлээр ерөөсөө төрийн ажлыг хийхдээ 1 сарын дотор яг амралтын сар байсан 8 сар хүн болгон амарч байсан. Тэр үед би гэхэд Д******* гуайн 220 жилийн ой гээд ойд оччихсон хойгуур ингээд 1 сарын дотор бид нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгочихно гэж бодоогүй. Гэтэл Авлигатай тэмцэх газар ч гэсэн шалгахдаа Авлигатай тэмцэх газрын бичгийг үндэслээд гэж байгаа. Улсын бүртгэгч тэр хаа хамаагүй, тэнд бие даасан байгууллагын бичгийг үндэслээд энд хүчингүй болгохоосоо өмнө улсын бүртгэгч бол бид нарыг дутуу материалыг нь бүрдүүлж авчрах талаар маш их хичээж чармайх ёстой байтал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 гэдэг заалтыг зааж танайхыг хүчингүй болгосон. Гэтэл энэ 18.7.1-д нь болохоороо ямар заалт байдаг юм гэхээр шууд хүчингүй болгох бол биш байдаг юм байна. Энэ дунд чинь бүрдүүлбэр хангуулах, бүртгэлд нь засвар өөрчлөлт оруулах гээд өчнөөн шат дараалсан юмнууд байсаар байтал шууд л хүчингүй болгочихсон. Энэ бол нийтийн эрх ашиг гэдэг нэрийн дор миний 8 жилийн өмнөх нийтийн эрх ашгийг хүндэтгээд 2 гараашаа буулгаад нийтийн зам гаргаж өгч байсан хүн. Би өөрөө санаачилгаараа 2008 онд Иргэдийн хурлаас н.Г гэдэг хүн энэ замыг гаргахад танай гарааш ингээд байна гэсэн. Тэгээд 2 гараашаа буулгуулж байж тэр сайхан 2 урсгалтай зам аль 2007 онд үүсчихсэн. Зам газрын үзлэгээр бол шүүх өөрөө биеэр очиж үзсэн учраас шүүх тогтоосон. Тэр нь юу вэ гэхлээр сайхан орц гарцтай авто зам бол чөлөөтэй урсгалтай явагдана. Дээр нь явган замын гарцад байгаа манай өргөтгөл тусдаа бие даасан хашаатай, ногоон байгууламжтай, гээд газрын үзлэгээр хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Энэ бол хэтэрхий шавдуулсан ашиг сонирхлоороо өөрсдөө түрий барьж албан тушаалд эрх мэдлээрээ л далайлгах гэсэн ийм үйлдэл учраас бид нар энэ байцаагчийн дүгнэлт илт хууль бус болсон. Бид өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааг ч тооцвол өнөөдөр 8 жил 10 жилийн өмнөх юм. Түрүүний шүүх хурал дээр шүүгч 2015 оны бүртгэлийг аваад ир гэхэд өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны бүртгэл гаргах чадамжгүйгээр илэрхийлж 2017 оноос хойшоо журам явуулж байх жишээний. Иймэрхүүгээр иргэнийг өөрсдийн хувийн сонирхол, ашиг сонирхлоороо тэгээд хоорондоо мафидаж дарга тэр даргадаа нөлөөлнө гэдгийгээ мэдэж утсаар ярьж ингэж энэ ажил бол маш түргэн 1 сарын дотор явагдсанд дэндүү гомдолтой байгаа. Нэгэнт бид нар Монгол Улсын шүүхэд гомдлоо гаргаж шүүхээр хэлэлцүүлж байгаа учраас өөрт байсан бүх бичиг баримтыг эх хувиар нь нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт өгсөн. Өгсөн баримтыг хариуцагч яг энэ баримтыг Баянзүрх дүүргээс авчраад өгсөн бол би хүчингүй болгох үндэслэлгүй байжээ гэдгээ шүүх хуралдааны тэмдэглэлд үлдээсэн нь бас нэг талаас харагдана. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын бүртгэгч С.О миний бие Баянзүрх дүүргийн 6-р хороо М дгийн гудамж ******* байр 2 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ү22******* дугаартай 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Ц.Уийн нэхэмжлэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Э 2023 оны *******2 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны ******* дугаар албан бичигт ирүүлсэн гомдлын дагуу холбогдох улсын бүртгэлийг хянаж шалгасан.
Хяналт шалгалтаар нийтийн эзэмшлийн талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийн барилгын ажлыг хийж орон сууцны хийцэд өөрчлөлт оруулж өргөтгөл хийсэн, уг өргөтгөлийн хэсгийг улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй худал мэдүүлж бүртгүүлэн улмаар эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж бүртгүүлсэн болох нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй, нотлох баримтын бүрдүүлбэр дутуу, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн бүртгэснээр бүртгэлийн зөрчлийг бий болгосон байна.
Улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина., мөн зүйлийн 18.7.1 дэх заалтад Хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасныг үндэслэн гаргасан болно.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дэх хэсэгт Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3-т заасныг зөрчиж нийтийн зориулалттай орон сууцны хийц, бүтээц, зориулалтыг өөрчилсөн бол холбогдох өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж заасан /энэхүү заалт нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон/. Улсын байцаагч хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргаас анх өргөдөл манай улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар луу дамжиж анх өргөдөл орж ирсэн байгаа. Тэгээд өргөдөл хуваарийнхаа дагуу надад хуваарилж орж ирсэн. Үүний дагуу би шалгалтын ажиллагаа явагдсан. Ц.Уийг өмчлөлд байсан хэд хэдэн удаа нэхэмжлэгчийг дуудаж сонсох ажиллагаанд бол дуудсан байдаг. Тухайн үедээ хүмүүсийн ид амралтын үе байсан мөн 2, 3 өдөр хүүхэд харж байна гэдэг шалтгаан хэлсэн. Тэгээд Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж энэ ажлыг яагаад шалгахгүй ингээд удаагаад байна гэсэн албан бичиг ирсэн. Үүний дараа удаагүй маргааш нь манай албан бичгээр энэ бүртгэлийг удаасан хүчингүй болгоорой гэх албан бичиг ирсэн. Ц.У мөн энэ тухай мэдэгдсэн. Танай бүртгэлийг хүчингүй болгох нөхцөл бүрдээд байна гэдгийг хэлсэн. Тэгээд Ц.У ирж сонсох ажиллагаанд оролцсон. Өргөтгөлийн барилгыг өөрчлөлт нэмсэн байгаа. Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн архивын баазад нотлох баримтын бүрдэл дутуу тул хүчингүй болгосон. Ер нь бол өргөтгөл барих энэ хэмжээ өөрчилсөн план зураг, өргөдөл, хүсэлт байсан. Өөр нотлох баримт байхгүй учраас нотлох баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайн үед шалгаж байхдаа нотлох баримтуудаа авчирч ирээрэй гэдгийг хэлсэн. Тухайн дүүрэгт нь албан шаардлага өгөөд нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгөх юм бол манайх албан шаардлагын дагуу дүүрэгт нь чиглэл өгөөд баяжилт хийх тийм боломж бол байдаг. Гэтэл нотлох баримтаа тухайн үед гаргаж өгөөгүй тул хүчингүй болгосон. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот дүгнэлт нь (акт) илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, М Дгийн гудамж, ******* дугаар байрны 2 тоот хаягт байршилтай *******4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-ийн өмчлөлд бүртгэж, эрхийн бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Т ХХК-иас 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.У тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, Ц.У 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг олгожээ.
Ц.У нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх эд хөрөнгийн хэмжээг өөрчлөн бүртгүүлэх хүсэлтээ гарган мэдүүлэг бөглөсөн байх бөгөөд хүсэлтдээ Ц ХХК-иар хэмжилт хийлгэсэн талаар дурдаж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэгч С.Д талбайн хэмжээг 227,32 м.кв гэж өөрчлөн бүртгэсэн байна.
Мөн Ц.У 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг орон сууцны зориулалттай байсныг үйлчилгээний зориулалттай болгож өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэгч Н.С 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зориулалтыг өөрчлөн бүртгэсэн байна.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Э 2023 оны *******2 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны ******* дугаар албан бичгүүдээр ирсэн мэдээллийн дагуу холбогдох бүртгэлийг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч С.Оийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтээр иргэн Ц.У нь өргөтгөл хийх зөвшөөрөлгүйгээр орон сууцны хийцэд өөрчлөлт оруулж, өргөтгөл хийсэн, уг өргөтгөлийн хэсгийг улсын улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй худал мэдүүлж бүртгүүлэн улмаар эд хөрөнгийг зориулалтыг өөрчилж бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, М Дгийн гудамж ******* дугаар байр, 2 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зориулалт өөрчлөгдсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс тус дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийг шаардлага гаргасан байна.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий алдаатай захиргааны актыг ойлгоно.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий дүгээр дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны ******* дүгээр тушаалын хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын *******-д заасныг тус тус үндэслэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 18 дугаар зүйл Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, гээд 18.2-т Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ. гэж, 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: гээд 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; гэж тус тус заасан байна.
Дээрх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий дүгээр дүгнэлтийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байна гэж шүүх үзлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;, 11 дүгээр зүйлийн 11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;, 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; гэж тус тус заасан.
Дээрхи хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэгч 2015, 2016 онуудад маргаан бүхий бүртгэлийг хийхдээ нийтийн орон сууцанд өргөтгөл барих нь холбогдох хууль, норм, дүрэм стандартад нийцэж байгааг нотолсон баримтыг мэдүүлэгтээ хавсаргасан эсэхийг шалган үзсэний үндсэн дээр тус бүртгэлийг хийх ёстой байжээ.
Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн ******* дүгээр захирамжаар[1] И ХХК-д газар ашиглах эрх олгосон байх ба харин нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгоогүй байна.
Үүнээс үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн ******* дүгээр захирамжийг нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий өргөтгөлийн барилга байрлаж байгаа /доорхи/ газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.
Мөн маргаан бүхий бүртгэл хийх үед буюу 2015, 2016 онуудад үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно., 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 13.5.4-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар; гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээг өөрчилсөн бүртгэлийг хийлгэхдээ өргөтгөлийн газрын доорхи газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ зэргийг мэдүүлэгтээ хавсаргах ёстой байжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд маргаан бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон улсын бүртгэлүүд 2015 болон 2016 онд олгогдсон байхад улсын бүргэгч дүгнэлт гаргахдаа 2018 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримталсан байгаа нь алдаатай байна гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь хариуцагч хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа 2015 онд үйлчилж байсан хуулийг баримтлан дүгнэлтээ гаргах ёстой байсан хэдий ч энэ алдаа нь захиргааны актыг илт хууль бус актад тооцох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.
Иймд улсын байцаагч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Уийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот Улсын байцаагчийн дүгнэлт нь (акт) илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.*******-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Уийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр 1*******.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ