Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 27

 

Д.Бын хүсэлттэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2020/00546 дугаар шийдвэртэй

Д.Бын хүсэлттэй

ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “Д.Б нь эхээрээ бүртгэгдэж иргэний үнэмлэх авсан ба дээрх ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, архивын тасгийн баримтууд нь эцгийн нэрээр буюу Шарав гэж овоглогдон бичигдсэн. Үүнээс шалтгаалан ажилласан байдал тогтоогдохгүй болж түүний эрх ашиг хохирч байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас түүнийг ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд Д.Бын Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын Тээврийн буудалд 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Мөн Д.Б нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн харьяат Ө.Этэй нэг гэр бүлд мал маллан хамтран амьдарч байсан. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Ө.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-нд нас барсан. Одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 2008-2019 оны хоорондох мал маллаж байсан А данс Ө.Эийн нэрээр гарч байгаагаас мөн түүний эрх ашиг хөндөгдөж байх тул дээрх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Быг Ө.Этэй 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.        

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2020/00546 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бын Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын буудалд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож; Хүсэлтийн шаардлагаас 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Д.Быг Ө.Э агсантай 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2020/00546 дугаартай шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Бын улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтээс Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тээврийн буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Д.Бын хөдөлмөрийн дэвтэрт дээрх хугацаануудад ажиллаж байсан байдал бичигдсэн, гэрч нар түүнийг 1985 оноос 1992 онд ажиллаж байсан талаар мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Д.Бын ажилласан нэг хэсэг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.Бын улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь  Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын буудалд 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн Ө.Этэй 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлт гаргагч Д.Быг Ө.Этэй хамтран амьдарч байсныг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин түүний ажилласан байдлыг тогтоосон шийдвэрт ажлаас чөлөөлсөн хугацааг шүүх буруу тогтоожээ.

Хүсэлт гаргагч Д.Б нь Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын буудалд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан 142592 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 12/, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 159 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 13/, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 16/, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай “Шагнах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 14-15/,  гэрч С.Г-ын мэдүүлгээр тогтоогдсон, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 156 дугаартай “Үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 17, 19/,  Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай “1-р улирлын төлөвлөгөө биелэлтийн шагнал олгох  тухай” тушаалын хуулбар /хх-ийн 20, 21/,  Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай –“Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 22/, гэрч С.Г-ын мэдүүлгээр нотлогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн ажилласан байдал тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн атал хүсэлт гаргагч Д.Бын хөдөлмөрийн дэвтэрт Тээврийг удирдах газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаалаар тээврийн төв буудал хувьчлагдсан тул үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, Хятад Монголын тэнгэр компанийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгдэж, тамга дарагдсан байхад өөр ямар баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж тогтоосон нь ойлгомжгүй болжээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2020/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл” гэснийг “1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэж өөрчилж, 2 дахь заалтын “1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ