| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00171/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 175
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүзээ овогт Ч.Т ид холбогдох эрүүгийн 1726001570067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гүзээ овгийн Ч.Т
Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар сандуйлт” гэх газар иргэн С.М-г цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, зүүн хацар, дээд уруулд хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч С.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Шийлэгмаагийн хамт аймгаас 14 цагийн үед хөдөө Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Ар сандуйлт” гэх газар байх гэртээ мотоцикьтой ирсэн. Охин бид хоёрыг ороход Д , Энхээ гурав “Нутгийн буян” архи 3 шилийг уусан. Би архинаас нь уугаагүй. 16-17 цагийн үед би гэртээ орж ирээд байж байтал араас Ч.Т орж ирээд хэл амаар доромжилж байснаа намайг мөр лүү нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би барьж авсан чинь намайг мөргөх гээд байхаар нь би хойш нь түлхсэн чинь хойшоо зуух руу ойчих гэхээр нь эргүүлээд татаад босгоод ирсэн чинь Ч.Т эрэгнэгэн дотор байсан хутга аваад баруун гартаа хутгаа бариад миний өвөр лүү хийх шиг болсон. Тэгэхээр нь би цааш нь түлхчихээд гэрээс гараад ирсэн чинь араас хутгаа аваад гараад ирсэн. Манай охин Шийлэгмаа айлын хүүхэн Д , Энхээ хоёрыг дагуулаад ирсэн. Бид хоёр барилцаж аваад байж байтал айлын хүн Д дундуур орж салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд хутгыг нь манай охин Энхээ хоёрын нэг нь авсан байх. Хэн авсныг нь би хараагүй. Би гэдэснээс халуу оргиод байхаар нь энгэр лүүгээ харсан чинь нэл цус болчихсон байсан. Би Т ийг чи намайг хутгалчихлаа гэхэд би базыгаа хутгалчихлаа гээд уйлаад байсан. Би гэртээ ороод охиноороо цусаа цэвэрлүүлсэн. Манай охин ээждээ энэ тухай утсаар мэдэгдсэн. Би гэртээ ороод охиноороо цусаа цэвэрлүүлсэн. ... Манай айлын хутга байсан. Би Ч.Т ид чи манай ямаанаас аймагт нэг ямаа аваачаад зарчихсан байсан гэж хэлсэн чинь пизда минь төлөөд өгчихнө л гэж орилоод байсан. Ер нь бол ямаанаас л болсон. Ч.Т манай ямааг О.Шийлэг гэдэг ченжид өгсөн байсан. ... Бид хоёр урд нь ам муруйж үзээгүй. 3үүн талын мээмний доод талд нэг удаа хутгалсан. Нүүр болон уруулан дээр хутгаар нэг нэг удаа зүссэн. Өөр гэмтэл байхгүй. ... Намайг хохиролгүй болгож өгвөл надад гомдол санал байхгүй. Би эмчилгээ болон бусад зардлын мөнгөө гаргуулна. Надад одоо болтол эмчилгээний мөнгө төгрөг гэж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,
Гэрч Л.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр С.М охин Ш нар хөдөө байх гэр рүүгээ Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Ар сандуйлт” гэх газар явсан. Манай охин Шийлэгмаа миний 89145157 дугаарын утас руу айлынхаа хүний утсаар залгаад аавыг Ч.Т ах хутгалчихлаа гэж уйлаад ярисан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Яг дэргэд нь байгаагүй болохоор юунаас болж маргалдсныг мэдэхгүй байна. Ч.Т манай нэг улаан зүстэй эр ямааг аймагт О.Шийлэг гэх ченжид 65000 төгрөгөөр зарсан байсан. Би бодохдоо тэрнээс л болж маргалдсан байх гэж бодож байна. ... Манай хоёрын мал cap гарантай л хамт байгаа юм. Тэгээд мал дээрээ ихэвчлэн Ч.Т байдаг. Манай нөхөр бид 2 ирж очин байдаг байсан. Манай мал бол 200 гаад бог, харин Ч.Т 60-70 бог малтай юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч М.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аав С.М ын хамт аймгаас мотоцикльтой Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Ар сандуйлт” гэх газар байдаг хөдөө гэртээ 14 цагийн үед очсон. Бид хоёрыг ирэхэд манай ээжийн дүүгийн нөхөр Ч.Т , саахалтын айлын нэг зүс таних ах, хажуу айлын эгч болох Д гурав архи уугаад сууж байсан. Аав бид 2 хажуу талын айлд хоол идчихээд гэртээ орсон. Араас Ч.Т ийг орж ирэхээр нь аав чи яагаад манай малнаас нэг эр ямаа аймгийн төв дээр аваачаад зарчихсан юм бэ гэсэн чинь мэдчихсэн юм уу хоёулаа тохиролцъё гээд байсан. Тэгсэн чинь аав эр хүмүүсийн хооронд ийм юм байлгүй л яахав гэсэн чинь манай аавыг Ч.Т зүүн талын шанаа руу нь нэг цохихоор нь би Ч.Т ийг хойш нь түлхэж унагаачихаад хамт байсан хүмүүсийг нь дуудах гээд гараад гүйсэн. Би тэр хоёрыг дагуулаад ороод ирсэн чинь гэрийн баруун урд талд байх эрэгнэгний хажууд аав зогсож байсан. Хажууд нь Ч.Т шар эрээн иштэй хутга бариад аавыг заамдаад баруун гараараа далайчихсан зогсож байсан. Манай саахалтын айлын ах Ч.Т ийг салгах гэтэл тэр ахыг хойш нь түлхэж унагаад манай аав мөн сандал дээр хойшоо унасан. Ч.Т зүүн гараараа татаж босгож ирээд аавын цээж рүү нь нэг удаа хутгалсан. Би та хүн алчихлаа ш дээ гээд Ч.Т ийн гарнаас хутгыг авсан. Айлын ах ахдаа өгчих гэхээр нь би хутгыг өгсөн чинь тэр хаалгаар гаргаад урагш нь шидсэн. Би аавыг орон дээр хэвтүүлээд цусыг нь тогтоож цэвэрлэж өгсөн. Саахалтын айлын ах Ч.Т ийг дөрвөлжний хойно дараад хэвтчихсэн. Би ээжид утсаар хэлсэн. Манай ээж цагдаагийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Т.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хонинд явж байгаад саахалт айлд ороход Д эгч Ч.Т хоёр байсан. Тэгсэн Ч.Т 500 граммтай “Нутгийн буян” архи гаргаж ирээд аягласан. Тэгээд Д эгчийнд 3 шил архийг бид гурав хувааж уусан. Архи уугаад байж байтал Ч.Т ийн баз С.М охины хамт аймгаас мотоцикльтой ирсэн. Д эгч адууны мах чанаад бид 5 мах идчихээд С.М , охины хамт гараад явсан. Удалгүй Ч.Т араас нь гараад явсан. Би Д эгчийнд сууж байтал С.М ын охин орж ирээд аав, Ч.Т хоёр зодоон хийгээд байна гэсэн. Би Д эгчийнхээс гараад С.М ынд орсон чинь С.М зүүн талынхаа орон дээр хутгалуулсан хэвтэж байсан. Ч.Т үүдэнд нь базыгаа хутгалчихлаа гээд зогсч байсан. Удалгүй сумын эмч болон цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Л.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн үед би аймгийн төвд сургуулийн хүүхдүүдээ хараад байж байсан. Тэр өдрийн үдээс хойш ойролцоогоор 17 цагийн орчимд манай нөхөр болох Ч.Т над руу залгаад “... Би Мөнхөөг хутгалчихлаа чи хүрээд ирээч...” гэхээр нь тэр өдрийн орой Хайрхандулаан сум руу явсан. Намайг хөдөө гэрт очиход сумын хэсгийн төлөөлөгч болон эмнэлэг ирээгүй байсан. С.М ах хөдөө гэртээ орон дээр хэвтчихсэн байсан. Тэгээд би очоод бачимдаад Ч.Т ид уурлаж байгаад ухаан алдсан байсан. Намайг сэргэхэд цагдаа, эмч ирээд тэр хоёрыг аваад явчихсан байсан. ... Манай нөхөр Т нь архи согтууруулах ундааны зүйл хааяа уудаг, тэр бүр уугаад байдаггүй. Архи уухаараа агсан согтуу тавиад байдаггүй хүн байгаа юм. Хүнд тусархуу цайлган цагаан сэтгэлтэй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 440 дугаартай: “… С.М ын биед Цээжний зүүн хэсэгт шарх, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Т ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 50-54, 57-59, 62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Т ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Т ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар сандуйлт” гэх газар иргэн С.М ыг цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, зүүн хацар, дээд уруулд хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.М ын “… Би архинаас нь уугаагүй. 16-17 цагийн үед би гэртээ орж ирээд байж байтал араас Ч.Т орж ирээд хэл амаар доромжилж байснаа намайг мөр лүү нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би барьж авсан чинь намайг мөргөх гээд байхаар нь би хойш нь түлхсэн чинь хойшоо зуух руу ойчих гэхээр нь эргүүлээд татаад босгоод ирсэн чинь Ч.Т эрэгнэгэн дотор байсан хутаг аваад баруун гартаа хутгаа бариад миний өвөр лүү хийх шиг болсон. Тэгэхээр нь би цааш нь түлхчихээд гэрээс гараад ирсэн чинь араас хутгаа аваад гараад ирсэн. ... Би гэдэснээс халуу оргиод байхаар нь энгэр лүүгээ харсан чинь нэл цус болчихсон байсан. ... 3үүн талын мээмний доод талд нэг удаа хутгалсан. Нүүр болон уруулан дээр хутгаар нэг нэг удаа зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12/, гэрч Л.Чулуунтогтохын “… Манай охин Шийлэгмаа миний 89145157 дугаарын утас руу айлынхаа хүний утсаар залгаад аавыг Ч.Т ах хутгалчихлаа гэж уйлаад ярисан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч М.Ш-н “… Ч.Т зүүн гараараа татаж босгож ирээд аавын цээж рүү нь нэг удаа хутгалсан. ... Би аавыг орон дээр хэвтүүлээд цусыг нь тогтоож цэвэрлэж өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20/, Гэрч Т.Э-н “… Би Д эгчийнд сууж байтал С.М ын охин орж ирээд аав, Ч.Т хоёр зодоон хийгээд байна гэсэн. Би Д эгчийнхээс гараад С.М ынд орсон чинь С.М зүүн талынхаа орон дээр хутгалуулсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Л.Отгонцэцэгийн “... Тэр өдрийн үдээс хойш ойролцоогоор 17 цагийн орчимд манай нөхөр болох Ч.Т над руу залгаад “... Би М-г хутгалчихлаа чи хүрээд ирээч...” гэхээр нь тэр өдрийн орой Хайрхандулаан сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 40/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/, Шүүгдэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Т ид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
э овогт Ч.Т ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “шар өнгийн иштэй 18 см урт” хутга 1 ширхэгийг устгаж,
Шүүгдэгч Ч.Т ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүзээ овогт Ч.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүзээ овогт Ч.Т ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүзээ овогт Ч.Т ид оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “шар өнгийн иштэй 18 см урт” хутга 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР