| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0046/З |
| Дугаар | 110/ШШ2024/0038 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 110/ШШ2024/0038
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Д” ХХК,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч,
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693607 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Д” ХХК-нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Ашигт малтмалын газраас “Д” ХХК-д Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Бураат” нэртэй газарт орших 353.54 гектар уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ашигт малтмал ашиглалтын МV-014196 дугаартай тусгай зөвшөөрлийг 2038 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.
3. Хариуцагчаас тус компанийг 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
4. “Д” ХХК нь эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байх ба гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
4.1. Тус компани нь Ашигт малтмалын газраас 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-014196 дугаартай тусгай зөвшөөрлөөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Бураат” гэх газарт орших 353.54 гектар уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг 2038 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар авсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил тутам төлж ирсэн бөгөөд сүүлийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар төлсөн.
Мөн Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус давхцалтай болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон.
4.3. 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Б холбогдох хүмүүсийн хамт тусгай зөвшөөрөлтэй газарт нэвтэрч, чулууны дээж авсны төлөө Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас саатуулан шалгалт хийж, олон хоног хүлээлгэж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, эцэст нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчлийн арга хэмжээ авхуулахаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлсэн.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч холбогдох материалыг хянаад зөрчлийн арга хэмжээ авах үндэслэлгүй гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хааж байсан.
4.4.Тус компани нь нэгэнт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй учир жил бүрийн төлбөрийг төлж байсан.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засан даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693607 дугаартай шийтгэлийн хуудсаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 11/967 тоот албан бичгийг үндэслэн уулын ажлын төлөвлөгөө хүргүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгосон.
4.5. Дээрх асуудлаар тус компанийн эрх бүхий хүмүүсээс ямар нэгэн тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн ажлыг Баян-Өлгий аймагт түр хариуцаж байсан М.Ж дуудаж, шийтгэлийн хуудсыг танилцуулж, гарын үсэг зуруулаад хувийг гардуулж өгсөн байв.
Шийтгэлийн хуудасны хувийг зөрчил гаргагчид одоо хүртэл албан ёсоор гардуулж өгөөгүй байна. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд энэ талаар М.Ж сонсож, дээрх шийдвэр нь үндэслэлгүй учир эрх ашгаа хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна.
4.6. Ашигт малтмал ашиглалтын талбайд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байхад уулын ажлын төлөвлөгөө шаардах үндэслэлгүй гэжээ.
5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
5.1. “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар нь байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын Их Хурлаас 2012 онд улсын тусгай хамгаалалтад авагдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлд байгалийн цогцолборт газарт ашигт малтмал хайх, олборлохыг бүхэлдээ хориглосон.
5.2. Түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт нутагт ашигт малтмал хайх, ашиглахыг мөн бүхэлдээ хориглосон.
Засгийн газраас 2012 онд тогтоосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт нэхэмжлэгчийн газар орсон байгаа.
Газрын энэхүү давхцал нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 6/3589 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар бүрэн батлагдаж байгаа. Дээрх хуулиудын үйлчлэлээс болж тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн боломжгүй болсон учраас уг газарт холбогдуулан тайлан, төлөвлөгөө гаргах нөхцөл байдал байхгүй болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан загварын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэж заасан боловч нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, ямар нэг үйл ажиллагаа явагдахгүй байгаа газарт холбогдуулж уулын ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргаж хүргүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа.
5.3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11/967 тоот албан бичиг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн байна
Үүнд уулын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй компаниудад хариуцлага тооцож, эргэж хариу мэдэгдэх талаар дурдагдсан. Энэ албан бичиг бол заавал тухайн компанид шууд хариуцлага тооцох үндэслэл биш юм. Тухайн албан бичгийн дагуу эрх бүхий албан тушаалтан холбогдох ажиллагаа хийгээд, арга хэмжээ авах үндэслэл, нөхцөл байдлыг тодруулах, холбогдох тайлан, мэдүүлэг авах зэрэг тодорхой ажиллагаануудыг хийх ёстой.
Эрх бүхий албан тушаалтан нь компанийн буруугаар тухайн төлөвлөгөө, тайлан хүргэгдээгүй юу, эсхүл компаниас үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас тайлан, төлөвлөгөө гараагүй юу гэдгийг тодорхой тодруулсан байх шаардлагатай.
Энэхүү төлөвлөгөөг “Д” ХХК нь 2016 оноос хойш огт гаргаж, явуулаагүй. Тэр талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11/3064 дугаартай албан бичигт тодорхой дурдсан.
5.4. “Д” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй, холбогдох хуулиар хориглосон байхад заавал уулын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан ирүүл гэж шаардаж байгаа нь өөрөө хууль бус тул эдгээр үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
5.5. Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалтын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргана, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж дурдсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.42-т заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахдаа шууд захиргааны хэргийн шүүхэд хандахаар заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Энэ хүрээнд нэхэмжлэлийг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаас хойш 20 хоногийн дотор гаргасан тул хариуцагчийн “эрх бүхий албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг маргаан үндэслэлгүй байна.
5.6. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг үндэслэж хариуцагч тайлбар гаргаж байна. Эрх бүх байгууллагаас нь одоогоор ямар нэгэн нөхөн төлбөр компанид олгогдоогүй. Нэгэнт тусгай зөвшөөрөл нь байгаа учраас жил болгон төлбөрийг нь төлөөд, үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр явж байгаа гэв.
6. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
6.1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын даргын 2024 оны 11/967 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасны дагуу “Д” ХХК-д холбогдуулан ЗД-09 дугаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.
6.2. “Д” ХХК-ийн Баян-өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дэвсгэр болох “Бураат” гэх газарт MV-014196 дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөлтэй талбайн 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т зааснаар төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээгүй гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоосон 6.42 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасан “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0693607 дугаар шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсан.
6.3. Тус компани нь 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тодорхойлолт ирүүлэх тухай” 3-02/492 дугаар албан бичгээр /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвангийн өргөн чөлөө 105, МҮЭСТО 207 тоот/ хаягт хүргүүлсэн.
6.4. Зөрчлийн холбогдогчийн итгэмжлэгдсэн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхийн албан тушаалтны дуудах хуудас болон харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан тус компанийн гүйцэтгэх захирал Г.Б .............. дугаарт холбогдон мэдэгдэж, Viber /………./ апп-аар илгээсэн. Тус компанийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирал Г.Б №03/01 дүгээр тушаалаар ........... регистрийн дугаартай М.Ж итгэмжлэгдсэн хууль ёсны төлөөлөгчөөр томилон ирүүлсэн ба тус зөрчилд холбогдогчоор оролцсон.
Зөрчлийн холбогдогчоор М.Ж холбогдогчийн мэдүүлэг авч, зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг танилцуулж шийтгэлийн хуудасны хувийг гардуулж өгсөн болно.
6.5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.”, 14.2-т ”Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна, учир нь тус компани нь торгуулийн арга хэмжээ авсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газарт гомдол гаргаж тайлбар аваагүй болно.
Иймд “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг дээд шатны байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хяналтын газраар миний шийдвэрийг хянуулж байж шийдвэрлэх шаардлагатай тул шаардлагыг бүхэлд нь буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
7.1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-т “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан.
“Д” ХХК нь тухайн талбайг одоогийн байдлаар эзэмшиж байгаа ба тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр байгаа. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг болох тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь хүргүүлэх үүрэгтэй. “Д” ХХК “Х” /икс/ тайлангаа хүргүүлж байгаа. Дараа жил үйл ажиллагаа явуулахгүй гэснийг нотлох уулын ажлын “Х” /икс/ төлөвлөгөөг системд өөрсдийнхөө хувийн нэвтрэх эрхээрээ ороод Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх ёстой байсан. Ингэж төлөвлөгөөгөө хүргүүлээгүй болохоор Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ: 48.6.2. дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.”, 35.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана: 35.3.2.ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө;” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан.
3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693607 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Бураат” нэртэй газарт орших 353.54 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасны дагуу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4. Эрх бүхий албан тушаалтнаас “Д” ХХК нь дээрх зөрчлийг гаргасан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 11/967 дугаартай албан бичгээр нотлогдсон гэж үзсэн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хаяглагдсан уг албан бичгийн холбогдох хэсэг нь “Д” ХХК-ийн 2024 оны уулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй зөрчилд хариуцлага тооцуулах агуулгатай байна.
5. Гомдол гаргагч талаас дээрх уурхайн талбайн 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-т зааснаар гаргаж, төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүйг зөвшөөрсөн ба хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23/01 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 91635 дугаартай тодорхойлолт, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/3164 дугаартай албан бичгээс үзэхэд тус компани нь 2016-2024 оны байдлаар үйл ажиллагааны төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй нь, 2017-2023 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /Маягт ТТ-02(2)/-гаар энэ хугацаанд ашигт малтмал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй нь тус тус тогтоогдож байна.
6. Энэ талаар гомдол гаргагчаас “....тус компанийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа газар нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чигэртэйн голын ай сав нутгийн хилийн заагтай, мөн Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус давхцалтай болсноор ашигт малтмал ашиглалтын талбайд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон гэж тайлбарлаж, энэ тохиолдолд уулын ажлын төлөвлөгөө гаргахыг шаардаж, торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж маргасныг дараах байдлаар үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
6.1. “Д” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ........ дугаар тусгай зөвшөөрөлтэй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Бураат” нэртэй газарт орших 353.54 гектар уурхайн талбай бүхий газар нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чигэртэйн голын ай сав нутагтай бүхэлд нь, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дугаартай тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлд нь, ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай болох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/3589 дугаартай албан бичиг, лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах;”, 12 дугаар зүйлийн 1/-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;” гэж,
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "гол, мөрний урсац бүрэлдэх эх" гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг; 3.1.2-т "ойн сан бүхий газар" гэж Ойн тухай хуулийн 3.1.2-т заасныг;”, Ойн тухай хуулийн 3.1.2-т "ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;”, 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасан.
“Д” ХХК нь 2011 онд 353.54 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсны дараа дээрх байдлаар 2012 онд хуульд заасан эрх бүхий байгууллага болох Улсын Их Хурлаас тус газрыг тусгай хэрэгцээнд авсан, түүнчлэн Засгийн газраас мөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоохдоо “Д” ХХК-ийн ашигт малтмал ашиглах эрхтэй тус газар нь багтснаар тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ: 48.6.2 дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;” гэж заасан нь тухайн газартаа ашигт малтмал ашиглах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамааралтай тул дээрх үндэслэл, шалтгаанаар “Д” ХХК нь тухайн газартаа ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд уулын ажлын төлөвлөгөөг гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээхгүй гэж дүгнэв.
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 11/967 дугаартай “Д” ХХК-ийг 2024 оны уулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй гэх үндэслэлээр зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичиг нь тус компанид шууд шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй гэх гомдол гаргагч талын маргаан үндэслэлтэй бөгөөд эрх бүхий байгууллагуудын 2012 онд гаргасан тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан, тухайн газар давхцаж буй Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хэвээр тохиолдолд “Д” ХХК нь уг газартаа үйл ажиллагаа явуулах нь хуулийн дээрх зохицуулалтаар тус тус хориглосныг үл анхаарч, компанид Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж заасан.
Хэргийн нотлох баримтаас үзэхэд “Д” ХХК нь дээрх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр тогтмол төлж ирсэн байх ба гомдол гаргагч талаас эрх бүхий байгууллагаас компанид нөхөх олговор олгогдоогүй гэж тайлбарласан.
Хариуцагч энэ тохиолдолд тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д зааснаар тус газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй бөгөөд уулын ажлын төлөвлөгөө гаргах үүрэгтэй байсан гэж маргасан боловч тухайн газар нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлд нь, ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчлэн давхцсан тохиолдолд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар мөн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Хуульд заасан үндэслэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон газарт дараа дараагийн жилийн уулын ажлын төлөвлөгөө гаргах үүрэгтэй гэж тайлбарлан, “Дрим Лейнд” ХХК-ийг зөрчил гаргасан гэж буруутгасан хариуцагчийн маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;” гэж, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:” 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;” гэж заасан ба Тусгай хамгаалаллтай газар нутгийн тухай хуулийн 14.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д тус тус зааснаар эрх бүхий байгууллагаас “Д” ХХК-нд нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэж, олгоогүй тохиолдолд тус компанийн ашигт малтмал ашиглах эрхтэй газрыг тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон нь тусгай зөвшөөрлийг цулах үндэслэл болохгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах зорилгоор эзэмшигчээс төлбөрийг нь тогтмол төлж ирсэн, тусгай зөвшөөрлөл нь одоог хүртэл хүчинтэй байгаа зэрэг үндэслэлүүд нь компанийг тухайн газартаа ашигт малтмал ашиглах үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэх, Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-т заасан уулын ажлын төлөвлөгөө хүргүүлэхийг шаардах, төлөвлөгөө гаргаагүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
10. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд энэ хуульд заасан шийтгэл оногдуулах бөгөөд “Д” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т хамаарах зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал байхгүй байхад эрх бүхий албан тушаалтнаас зөрчил үйлдээгүй хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь мөн зүйл болон 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
Иймд “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
11. Гомдолд дурдсан “...тус компанийн эрх бүхий хүмүүсээс ямар нэгэн тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн ажлыг Баян-Өлгий аймагт түр хариуцаж байсан М.Ж дуудаж, шийтгэлийн хуудсыг танилцуулж, гарын үсэг зуруулаад хувийг гардуулж өгсөн. Шийтгэлийн хуудасны хувийг зөрчил гаргагчид одоо хүртэл албан ёсоор гардуулж өгөөгүй” гэх үндэслэлийн талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад маргахгүй болохоо илэрхийлсэн тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693607 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА