| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0037/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 40
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч С.Болорчулуун,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У Х овогт Т.Т-д холбогдох эрүүгийн 1710009920038 дугаартай, 187/2018/0037/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У Х овогт Т.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” ХХК-ийн үйлдвэрт хамт ажилладаг Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” ХХК-ийн үйлдвэрт хамт ажилладаг хохирогч Б.Б-тэй “цахилгаан шат дуудаж .................. эвдлээ” гэх зүйлээс болж маргалдан түүний хамар тус газар нь мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим ажлаа хийж байхдаа үйлдвэрийн ............... зөөдөг цахилгаан шатыг 2 давхараас дуудсан юм. Тухайн үед нэг давхарт ажиллаж байсан мужаан Т.Т цахилгаан шатанд өөрийн угсарсан ...................-г хийсэн байсныг мэдэлгүй дуудаж ................ цахилгаан шатанд хавчуулагдаж эвдэрсэн юм, тэгсэн Т.Т 2 давхарт гарч ирээд .................. эвдчихлээ гэж уурлаад би доороос орилсон шдээ гэхээр нь би сонсогдсонгүй гэж хэлсэн, тэгсэн Т.Т надад хандан тэгвэл чи энэ ............-г янзалж өг гэхээр нь би чадахгүй гээд хэрүүл маргаан гарч Т.Т намайг заамдаж аваад хамар руу мөргөсөн. Тухайн үед ажлынхан ирээд бид хоёрыг салгасан ба миний хамарнаас цус гарч байсан...Тухайн үед хэрүүл маргаан гарах болсон шалтгаан нь цахилгаан шатыг дуудаж ................... эвдлээ гэсэн шалтгааны улмаас Т.Т бид хоёр маргалдсан. Би Т.Төмөрсүхийг нэг давхараас орилохыг эхлээд сонсоогүй харин сүүлд нь доороос хүн орилоод байхаар нь буцаагаад цахилгаан шатыг дуудахаа болиод буулгахад Т.Т 2 давхарт гарч ирээд .................. эвдчихлээ гэж байсан...Миний хамар зүгээр болсон, би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан....Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Т.Т-тэй эвлэрч учраа олсон. Би хохиролгүй болсон учир гомдолгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/
3. Гэрч Х.Л-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг өнгөрч байсан байх намайг үйлдвэрийн хоёр давхарт ажиллаж байхад хамт ажилладаг мужаан Б.Б, Т.Т нар хоорондоо маргалдаад байсан...Тэгсэн нэг эргээд харахад Б.Б-н хамарнаас цус гарч байсан. Т.Т нь нэг давхарын мужаанаар, харин Б.Б хоёр давхарын мужаанаар ажилладаг юм. Тухайн үед Т.Т нэг давхарт цахилгаан шатан дээр хийсэн ................. ачиж байхад нь хоёр давхараас Б.Б дуудаж дээш өргөхөд ................... унаж эвдэрсэн гэсэн тэгээд л хэрүүл болж Т.Т Б.Б-г янзлаад өгчих гэхэд чадахгүй гээд хэрүүл хийгээд л Т.Т мөргөсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
4. Гэрч Л.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг өнгөрч байсан байх намайг үйлдвэрийн хоёр давхарт ажиллаж байхад хамт ажилладаг Б.Б, Т.Т нар хоорондоо маргалдаад барьцалдаж авахад нь гүйж очоод салгасан. Тухайн үед тэр хоёрыг салгасны дараа Б.Б-н хамарнаас цус гарсан байсан. Т.Т Б.Б хоёр хэрэлдэж байсныг сонсоогүй харин барьцалдаж авсан байсныг хараад гүйж очоод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14629/-ний дүгнэлт:
-Б.Б-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 20/
6. Яллагдагч Т.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед нэг давхарт ................... угсарчихаад үйлдвэрийн цахилгаан шатан дээр зөөгөөд тавьж байхад хоёр давхараас гэнэт цахилгаан шатыг дуудсан ба цахилгаан шатаа дуудахаа болиорой гэж орилоод хэлсэн боловч сонсолгүй цахилгаан шат дээш явж .................. хажуу тийшээ унаж шат болон хана хооронд хавчуулагдан эвдэрсэн юм...Тухайн үед би хоёр давхар руу цахилгаан шатаар гарахад хоёр давхарын мужаан Б.Б зогсож байсан, тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, яагаад орилоод байхад цахилгаан шатыг дуудаж байгаа юм бэ гэж хэлэхэд сонсогдохгүй байна гэж хэлэхээр нь чи хөгшөөн өөрөө энийг янзлаад өгчихөө, энэ чинь хүний хийсэн хөдөлмөр шүү дээ гэж түүнд хэлэхэд Б.Б надад хандаж чадахгүй гэж өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь татаж ирээд толгойгоороо мөргөсөн чинь хамрыг нь гэмтээсэн байсан. Би тухайн үедээ өөрийн уурнаасаа болж Б.Б-н хамар руу мөргөсөн харин би Б.Б-с уучлалт гуйгаад эвлэрч түүнд эмчилгээний 280.000 төгрөг өгсөн...Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж гэмшиж байна. Одоон дахин ийм үйлдэл гаргахгүй. Би Б.Б-тэй эвлэрч хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14629/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....................” ХХК-ийн үйлдвэрт хамт ажилладаг хохирогч Б.Б-тэй “цахилгаан шат дуудаж .............. эвдлээ” гэх зүйлээс болж маргалдан түүний хамар тус газар нь мөргөж биед нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хамар зүгээр болсон, би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан....Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Т.Т-тэй эвлэрч учраа олсон. Би хохиролгүй болсон учир гомдолгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, мөн хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...эмчилгээний зардлаа төлүүлсэн. Т.Т-д гомдол байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 50/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У Х овогт Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У Х овогт Т.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР