Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ө.Х-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Ө-ын Х-д холбогдох эрүүгийн 1710010340005 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын .........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............” ХХК-нд ........... ажилтай, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт ............ дүүргийн ......... хороолол, ........ хороо ........ байрны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт Ө-ын Х- /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ........ дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” караокед Б.Г-гийн баруун нүдэн тус газарт нь нэг удаа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Ө.Х- 2018.01.02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00.00 цаг өнгөрч байхад ажил тараад Х-, Т-аа, Д-, С- нартай хамт ....... төвд байрлах “....” караокед орсон. Тэндээ бид нар 03.00 цаг өнгөртөл суусан. Ажлаас гарахаас эхлүүлээд Х- руу түүний нөхөр Г- залгасан боловч Х- утсаа авахгүй болохоор нь Д- рүү нөхөр нь шөнийн 02.00 цагийн үед залгаад хэл амаар доромжлоод “миний дугаарыг яаж авсан юм” гэхэд Х- “мэдэхгүй” гээд өнгөрсөн. Д- рүү дахиж 03.00 цаг болж байхад загнаад  “та нарыг бүгдийг нь ална, хаана байна” гэхээр нь байгаа газраа зааж өгсөн гэсэн. Шөнө 03.00 өнгөрөөгөөд Х-ын нөхөр Г- нэг найзын хамт ирэхэд нь Д- “чи миний дугаарыг яаж мэддэг юм, ална гэсэн чинь хаана байна, одоо алчих” гэхэд “та нартай харьцдаг нь би биш” гээд Х-ыг “явъя” гэсэн. Бид нар “жаахан байж бай, 5 минутын дараа гарлаа” гэхэд “та нар явахаараа асуудалтай байдаг” гээд дайраад байхаар нь Д- босч ирээд “чи яагаад байгаа юм” гэхэд нь Г- түүнийг түлхээд “та нар эрүүл мэнддээ хайртай бол зүгээр бай, Х- явъя” гэсэн. Д- дахиж босч ирээд “юу гээд байгаа юм” гэхэд Г- “чамд гар хүрдэг нь би биш” гээд Д-г дахин түлхэхэд нь би Г-г түлхэж дэгээдэж унагаагаад босгохгүй гээд дарж байхад миний элэг рүү хоёр удаа цохисон. Г- надаас салангуутаа “найзуудаа дуудна” гээд гарсан. Бид нар ярилцаад “Х-ыг нөхөрт нь өгч явуулъя, хүн амьтан ирэхээс өмнө явцгаая” гээд С- бид хоёр түрүүлээд гарахад Г- гадаа байж байсан. Г- надад “чи Х- бид хоёрын дундуур орохын хэрэггүй” гээд дайрахаар нь би зөрүүлээд маргасан чинь миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Би төмсөгөө бариад доошоо тонгойход “хоёулаа учраа ольё, ийшлье” гэхээр нь би Г-г нэг удаа цохиод хавирч унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

           

2. Хохирогч Б.Г- 2017.12.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө эхнэртэйгээ маргалдаад “зайл” гээд хэлчихсэн юм. Тэр өдөр би хүүхдээ хараад гэртээ өнжсөн. Шөнө 12 цагийн үед манай ах эгч хоёр ирээд “Х- хаашаа явсан юм бэ” гэхээр нь “бид хоёр жаахан маргалдсан юм, ажил нь арай тараагүй байгаа байх” гэхэд “залгаад асуу, гадуур хэрэг их гарч байна” гэхээр нь “залгаад утсаа авахгүй байна” гэхэд “явж олж ир, нялх нойтон хүүхэдтэй юм байж, юундаа хэрүүл хийдэг юм” гэсэн. Би эхнэр рүүгээ 2 цаг орчим залгасан боловч авахгүй байсан. Тэгээд ажлынх нь Д- рүү залгахад “19-ийн үйлчилгээний төвийн ...... караокед байна” гэхээр нь найз Мөнхзулын хамт очиход эхнэр ажлынхаа залуучуудтай хамт байсан. Тэнд Х-тай маргалдахад намайг тэвэрч аваад газар унагаасан. Намайг босоход миний зүүн шанаа рүү нэг удаа цохисон. Манай найз намайг өрөөнөөс авч гарахад араас Х- нэг менежер гэх эмэгтэйтэй гарч ирсэн. Би “алив юм яръя” гэхэд намайг цохих гээд дайрахаар нь төмсөг хавьцаа нь өшиглөхөд зүүн гараараа миний баруун нүд рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

2018.01.08-ны өдөр мэдүүлэхдээ: Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

 

3. Гэрч З.Т- 2017.12.01-ний өдөр мэдүүлэхдээ: ...Ажлаа тараад явах гэж байхад Х- “бүгдээрээ 1 цаг караоке орьё” гэхээр нь зөвшөөрөөд С-, Х-, Д-, Х- бид 5 .......... дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” караоке орж, хүний гурав гурав пиво уусан. Шөнө 03.00 цагийн үед Х-ын нөхөр найзтайгаа ирээд “Х-г авъя” гэхээр нь “чи байж бай, бид нар удахгүй гарлаа” гэхэд “чамтай харьцахгүй” гэхээр нь чимээгүй болоод сууж байтал нөхөр нь уурлаад “ажлынхантай чинь алаагүй байгаа дээр, хутга шөвөг болоогүй байгаа дээр явъя” гэхэд Х- босч ирээд Х-ын нөхрийг цохих гээд гараа далайсан чинь Х-ын нөхөр зөрүүлээд цохисон. Х-, С- хоёр түрүүлээд караокеноос гарсан. Намайг араас нь гарахад Х- Х-ын нөхөртэй барилцсан байхаар нь дахин салгасан. Нөгөө залуу нь Х-д “чамайг ажлынхантай чинь бүгдийг нь ална” гэхээр нь би нөхөрт нь “чамд Х-г өгөөд явуулж чадахгүй, чи яачих ч юм билээ” гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

4. Гэрч А.С- 2018.01.05-ны өдөр мэдүүлэхдээ: ...ажил тараад би Х-, Д-, Т-, Х- нарт “манайхан өнөөдөр сайн ажилласан, пивоор дайлъя, караоке оръё” гээд Од караоке руу явсан. Караокед Х-аас бусад нь уусан. Д- бидэнд “Х-ын нөхөр нь мессэж бичээд байна” гэсэн. Удалгүй нөхөр нь ирээд Х-тай дээрэлхүү харьцаад “бос явъя” гээд байхаар нь би хажуунаас нь “чи Т- суучихаа, би менежер нь байгаа юм” гэхэд “үгүй, та нартай суухгүй” гэсэн. Бид Х-ыг явуулахгүй байх санаатай суучих гээд хүчрэхгүй байсан. Д- тэр хоёрын урдуур нь ороход “эмэгтэй хүн зодмооргүй байна” гэхэд Х- босч ирээд Г-г түлхсэн чинь газар уначихсан. Нөхөр нь гарахдаа “би найзуудаа дуудлаа, чи наанаа байж бай” гэхээр нь янз бүрийн асуудал үүснэ гээд Х-ыг дагуулаад гарахад Г- гадаа нэг хүнтэй зогсож байсан. Х- бид хоёрыг явах гэж байхад “чи байж бай” гээд Х-ыг элдвээр доромжлоход тэр хоёр ноцолдсон. Манай ажлынхан гарч ирээд тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14826 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Г-гийн биед баруун нүдний салстад цус харвалт, зовхины цус хуралт, няцарсан шарх, баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/,

 

6.  “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 17-р хуудас/,

7. Шүүгдэгч Ө.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын торхойлолт /хх-ийн 30-р хуудас/,

-  цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 31-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Х-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ...... дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” караокед хохирогч Б.Г-г цохисны улмаас “...баруун нүдний салстад цус харвалт, зовхины цус хуралт, няцарсан шарх, баруун нүдний ухархайн ханын хугарал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Г-гийн “...Би эхнэр рүүгээ 2 цаг орчим залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд ажлынх нь Д- руу залгахад “................. караокед байна” гэхээр нь очсон. Тэнд Х-тай маргалдахад намайг тэвэрч аваад газар унагаасан. Босоод ирэхэд миний зүүн шанаа рүү нэг удаа цохисон. Манай найз намайг өрөөнөөс авч гарахад араас Х- менежер гэх эмэгтэйтэй гарч ирсэн. Би “алив юм яръя” гэхэд намайг цохих гээд дайрахаар нь төмсөг хавьцаа нь өшиглөхөд зүүн гараараа миний баруун нүд рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

 

2. Гэрч З.Т- “...С-, Х-, Д-, Х- бид 5 ........... дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... караоке орж, хүний гурав гурав пиво уусан. Шөнө 03.00 цагийн үед Х-ын нөхөр найзтайгаа ирээд “Х-г авъя” гэхээр нь “чи байж бай, бид нар удахгүй гарлаа” гэхэд “чамтай харьцахгүй” гэхээр нь чимээгүй болоод сууж байтал нөхөр нь уурлаад “ажлынхантай чинь алаагүй байгаа дээр, хутга шөвөг болоогүй байгаа дээр явъя” гэхэд Х- босч ирээд Х-ын нөхрийг цохих гээд гараа далайсан чинь Г- зөрүүлээд цохисон. Х-, С- хоёр түрүүлээд караокеноос гарсан. Намайг араас гарахад Х- Х-ын нөхөртэй барилцсан байхаар нь дахин салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

3. Гэрч А.С-ийн “...Д- бидэнд “Х-ын нөхөр нь мессэж бичээд байна” гэсэн. Удалгүй нөхөр нь ирээд Х-тай дээрэлхүү харьцаад “бос явъя” гээд байхаар нь би хажуунаас нь “чи Т- суучихаа, би менежер нь байгаа юм” гэхэд “үгүй, та нартай суухгүй” гэсэн. Д- тэр хоёрын дурдуур нь ороход “эмэгтэй хүн зодмооргүй байна” гэхэд Х- босч ирээд түлхсэн чинь Х-ын нөхөр Г- газар уначихсан. Х- бид хоёрыг явах гэж байхад “чи байж бай” гээд Х-ыг элдвээр доромжлоход тэр хоёр ноцолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14826 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Г-гийн биед баруун нүдний салстад цус харвалт, зовхины цус хуралт, няцарсан шарх, баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэргийн үйл баримт болон шүүгдэгч Ө.Х-, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

           Иймд шүүгдэгч Ө.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ....... дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” караокед хохирогч Б.Г-гийн баруун нүдэн тус газарт цохисны улмаас “...баруун нүдний салстад цус харвалт, зовхины цус хуралт, няцарсан шарх, баруун нүдний ухархайн ханын хугарал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/, гэрч З.Т-жаргалын мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, гэрч А.С-ийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14826 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Г- нь мөрдөн байцаалтын шатанд “...би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 6-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ө.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгч Ө.Х- нь эрхэлсэн тодорхой ажилтай тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Ө.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, Ө.Х-ын сарын орлогыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ө.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.